Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Насанд хүрсэн эрэгтэй 14 настай дүүд маань үе тэнгийн охин гэж хэлж фэйсбүүкээр танилцаад улмаар нүцгэн зургийг нь авч, сүрдүүлсэн байсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 18 секунд

Утасны цаана ямар ч дүр төрхтэй араатан нуугдаж байж магад. Тэдний золиос эрэгтэй, эмэгтэй ямар ч хүүхэд байж мэдэх...

Хүн бүр эрхтэй. Эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох гээд олон эрх эдэлдэг. Тэр дундаа томчууд бид ирээдүй хойч болсон бяцхан үрсээ хамгаалах эрхэм үүрэгтэй. Техник технологи хөгжихийн хэрээр өсвөр насны хүүхэд төдийгүй бага насны хүүхдүүд ч цахим орчинтой хөл нийлүүлэн алхаж нийгмийн олон сүлжээг ашиглах болсон.

Гэвч үүний улмаас хэд хэдэн асуудал тулгарсан нь "Цахим орчинд хүүхдийн эрх зөрчигдөх тохиолдол" бий болов. Магадгүй сүүлийн үед маш олон анхааруулга мөн сэрэмжлүүлэг болгох мэдээ, мэдээлэл тархсан нь үр хүүхдээ цахим орчинд дахь зохисгүй харилцаанаас хамгаалах ёстойг сануулж буй хэрэг. Иймд UBN.mn сайт "Цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах талаар" дараах нийтлэлийг бэлтгэв.

КЕЙС: 14 настай охин фэйсбүүкээр дамжуулан үе тэнгийн охинтой танилцан найзууд болжээ. Харамсалтай нь тус фэйсбүүк аккаунтын ард насанд хүрсэн эрэгтэй хүн байсан бөгөөд охиныг нууц эрхтнүүдийнхээ зургийг илгээхийг хүсэж, найзтайгаа ярилцаж буй дүр эсгэж байсан аж. Түүний дараа охиныг нүцгэн зургуудаар нь сүрдүүлж, олон нийтийн сүлжээнд цацна, гэр бүлд нь үзүүлнэ гэх зэргээр дарамталж бэлгийн харьцаанд орохыг шаарджээ.

Тэгвэл дээрх кейс тохиолдсон 14 настай охины эгч болох М бидэнд дээрх мэдээллийг өгсөн юм. Тэрбээр,

Насанд хүрсэн эрэгтэй 14 настай дүүд маань үе тэнгийн охин гэж хэлж фэйсбүүкээр танилцаад улмаар нүцгэн зургийг нь авч, сүрдүүлсэн байсан

"Дүү маань хоёр сарын хугацаанд өөрийн үе тэнгийн охин гэх хүнтэй харилцаад маш сайн найзууд болсон байсан. Гэтэл тэр фэйсбүүкийн найз нь манай дүүгийн сурдаг сургууль, гэрийн хаяг, байр, орцыг хүртэл мэддэг, бусад нарийн асуудлуудаа ч гэсэн хоорондоо ярилцдаг болчихсон байсан. Хөх чинь ургаж байна уу, хөхний чинь толгой гарч ирсэн үү, бэлэг эрхтэн дээр чинь үс ургасан уу гэх зэрэг асуултыг асуухаас гадна хөхнийхөө зургийг дараад явуулаач гэх зэргээр зургийг нь авсан байсан. Гэтэл тэр найз нь насанд хүрсэн хүн байсан бөгөөд дүүг маань өөртэй нь ирж уулзахыг шаардсан байсан. Тэгээд дүү маань энэ талаар надад хэлж, би цагдаагийн байгууллагад хандсан.

Дүү маань иймэрхүү байдалд ороод гурван сар болчихсон байсан. Найзууд мэт харьцаад хоёр сар, дарамтлуулаад 20 гаруй хоночихсон байсан гэсэн үг. Тэгээд би дүүгээ анзаарч эхэлсэн л дээ. Дүү маань хичээлдээ явах дургүй болоод хоолоо идэх дургүй, үг дуу нь цөөрөөд эхэлсэн. Тэгээд асуухаар огт дуугарахгүй байсан. Тэгээд л маш сайн ярилцсаны эцэст надад энэ тухайгаа хэлсэн. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг хүсэж байна. Сайтар анхаарч байгаарай гэж хэлмээр байна" гэсэн юм.

Тэгвэл үе цахим орчин дахь хүүхдийн эрхийг ямар, ямар этгээд зөрчих боломжтой мөн өсвөр насныхны сэтгэлзүйн талаар Сэтгэлзүйч Ж.Үйлсттэй ярилцахад тэрбээр дараах мэдээллийг өгсөн юм.

Хүүхдэдээ анхаарал хандуулж байна гээд гар утсыг нь шалгаад байж болохгүй. Харин нээлттэй ярилцаж, аюулаас хамгаалах хэрэгтэй

"Сошиал орчин дэлгэрэхээс өмнө гадуурхал гэдэг нь ил байдаг байсан. Хэн нэгэн хүчтэй нь бусад руу чиглэсэн гадуурхал, дээрэлхэлтийг илүү биет, бодитоор үйлддэг байсан. Гэтэл одоо үед гадуурхал нь цахим руу шилжчихсэн. Гэтэл энэ нь биет гадуурхлаас ялгаатай нь ямар ч нөхцөлд үйлдэгдэж болно. Нуугдаад, зугтаад байх боломж бараг л хомс. Гэрт ч, гадуур ч, сургууль дээр ч, ганцаараа ч бай цахим гадуурхалтад өртөөд л байдаг. Гэтэл биет гадуурхал нь нуугдаад, зугтаад яваад байх бүрэн боломжтой байдаг шүү дээ. Түүгээрээ ялгаатай.

Цахим гадуурхлыг бусдын сэтгэл санаанд хохирол учруулж, хийхийг хүсэхгүй байгаа зүйлийг хийхийг шаардахыг хэлээд байгаа юм.

Мөн эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүддээ анхаарал хандуулж байна гээд гар утсыг нь оролдоод байж болохгүй. Харин сайтар нээлттэй ярилцдаг байх ёстой. Тиймээс хүүхдүүдээ аюулгүй, итгэлтэй мэдрэмжийг өгч байвал хүүхдээ цахим орчин дахь аюулаас хамгаалж чадна" гэв.

Харин Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын ахлах мэргэжилтэн А.Уранчимэг дараах мэдээллийг өгсөн юм. Тодруулбал,

Цахим орчинд хүүхдийн нүцгэн зураг, бичлэг тархвал EKids.mn сайтыг ашиглан репорт хийж, эрсдэлээс хамгаалах боломжтой

"Цахим халдлагад өртсөн хүүхдүүдийн дөнгөж 15 хувь нь эцэг эхдээ мэдэгддэг гэсэн судалгааны үр дүн гарсан. Бусад хүүхдүүд нь санамсаргүй, сониуч зангаасаа болж, ямар нэг асуудалтай тулгарчихсан ураас түүнийгээ бусдад мэдэгдэхээс айдаг түүнээсээ үүдэн дарамтлаад байгаа нөхдүүдийн золиос болох хандлага байгаа юм.

Түүнээс гадна эцэг эхчүүд хүүхдүүдээ саатуулах зорилгоор хүүхдүүддээ гар утас авч өгдөг, утас оролдуулдаг, хэрэглээг нь шалгаад байдаггүй. Тиймээс эцэг эхчүүд маань хүүхдээ цахим орчинд зөв соёлтой оролцох талаар зөвлөж, цахим орчны хэрэглээг ойлгуулах, анхаарал халамж тавихыг зөвлөж байна. Мөн ухаалаг утсан дээр хүүхдүүдээ хэдэн цаг фэйсбүүк, инстаграм, youtube зэргийг ашиглах ёстой тэр хугацааг нь тохируулж өгвөл хүүхдүүд цахим орчинг зөв зохистой ашиглах бүрэн боломжтой.

Мөн цахим орчинд хүүхдийн бэлгийн мөлжлөгтэй холбоотой зураг, видео бичлэг байвал репортлодог систем байж байдаг. Манай улсын хувьд одоогийн байдлаар EKids.mn сайтаар дамжуулан репорт хийх боломжтой. Ингэснээр та өөрийн ч бай бусдын ч бай хүүхдийг цахим халдлагаас бүрэн хамгаалж, нүцгэн зураг, видеог нь устгуулах бүрэн боломжтой. Үр хүүхдээ ч цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаална" гэсэн юм.

Цахим орчин бол маш аюултай орчин. Хүүхэд битгий хэл том хүн ч гэсэн цахим халдлагад өртөх боломжтой. Гэхдээ цахим орчны хор хөнөөлөөс үүдэн өсвөр насныхан хүүгээд хүүхдүүдийн сэтгэлзүйд томоос том шарх үүсдэг бөгөөд үүнд хамгийн их анхаарах ёстой хүн бол эцэг эхчүүд, томчууд юм. Түүнээс гадна үе тэнгийн найз нөхөд нь ч мөн бие биедээ анхаарал тавьснаар цахим орчин дахь хүүхдийн эрх бас өөрсдийнхөө эрхийг хамгаалж чадна. Утасны цаана байгаа араатанд боломж бүү олго.

“МОНГОЛ”-оороо гоёлоо
“МОНГОЛ”-оороо гоёлоо
 
ҮЙЛ ЯВДАЛ: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно
ҮЙЛ ЯВДАЛ: Тариалан эрхлэгч нартай хийх уулзалт хэлэлцүүлэг болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.