Сонгогчдын Боловсрол Төвөөс АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийн хүрээнд сонгогчдын боловсролд зориулж 8 төрлийн цуврал видео контент, мөн 3 төрлийн богино видео хичээл боловсруулан нийтийн хүртээл болгож байгаа билээ.
Эдгээр цуврал видео хичээлүүд нь сонгогчдод сонгуулийн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэдлэг, мэдээлэл олгох, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн эсэхээ шалгах, саналаа өгөх ажиллагааны талаар танилцуулсан агуулгатай хийгдсэн бөгөөд Сонгуулийн ерөнхий хороотой хамтран бүтээсэн юм.
Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулиас эхлэн 1800-2800 тусгай дугаарын “Сонгогчийн лавлах” утсыг Сонгогчдын боловсрол төвтэй хамтран ажиллуулж ирсэн бөгөөд сонгогчдод сонгуулийн тухай хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгөх, сонгогчдод сонгох эрхээ хэрэгжүүлэхэд мэдээллээр ханган ажиллаж байна.
Сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх ажилд олон жил хувь нэмрээ оруулан ажиллаж ирсэн Сонгогчдын Боловсрол Төв, сонсголын бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэхэд идэвх зүтгэл гарган ажилласан Сонсголгүй иргэдийн үндэсний холбоонд талархлаа илэрхийлье.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО