Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүлээд буй. Тэгвэл хуулийн төслийн үндсэн агуулга болох холимог тогтолцоогоор сонгууль явуулах асуудалд УИХ-ын гишүүн, АН-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр хэлэхдээ "МАН-ыг би овоодоо л гэж бодож байна. Улс төрийн ууган хүчин. Ази дахь анхны нам гээд л өөрсдийгөө ярьдаг л даа. Энэ удаад үнэхээр тийм байж чадлаа. Улс төрийн зориг гаргаад сонгуулийн хуулийн төслийг Н.Энхболд, Д.Тогтохсүрэн нартай өргөн бариад явж байна.
Бид 1992 оноос хойш найман удаа УИХ-ын ээлжит сонгууль явуулсан. Монголын ард түмэн өөрсдийнхөө төрийг байгуулж, төр нь Засгийн газрыг байгуулж ард түмний төлөө ажиллахаар явж ирсэн. Монгол улсад хэд хэдэн онцлог бий. Далайд гарцгүй. Хоёр том гүрний дунд байдаг гэх мэт. Гэвч сүүлийн 30 жилийн хугацаанд бид Ардчиллаасаа ухрахгүй. Парламентын засаглал, чөлөөт зах зээлд шилжээд явж байна.
Сүүлийн найман жил харин та бүхний төрийн эрх барьж байгаа энэ үед ард түмний амьдрал үнэхээр дээшилсэнгүй. Харамгүй л сандал суудлыг чинь өгсөн. Энэ хугацаанд ард түмний хүлээлт, та бүхний амлалт хоёр тэнгэр газар шиг л байлаа. Удахгүй та хэд маань тойрогтоо очиж өөрсдийнхөө дүнг тавиулна. Иргэд МАН-д ямар дүн тавих нь ойлгомжтой л байна шүү дээ. Долоон жил ингээд явчихсан хүмүүс энэ нэг жилд юу л амжив гэж дээ.
УИХ-д хулгай, авлигад холбогдоогүй хүн бараг алга. Нэр цэвэр байгаа над мэтийн цөөхөн л хүн байна. Тиймээс ирэх оны сонгуулийг хэл амгүй, шударгаар явуулах л хэрэгтэй байна" гэв.