УИХ-ын чуулганы 2023.06.16.-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Хуулийг баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нийт гишүүд, хуулийн төсөл санаачлагчид хандан хэлсэн үгэндээ тэрбээр " 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дутуугаа гүйцээж Монголын Улс төрд том гажуудал үүсгээд байсан асуудлыг бид засаж залруулж чадсан. Эрх барьж байгаа нам сонгууль болгоны өмнө өөрийн намдаа ашигтай гэж үзээд тэр хувилбараар сонгуулийн хуулийг байнга өөрчилж ирсэн практик өнгөрсөн найман сонгуульд давтагдсан.
Сүүлд зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй гэсэн жишиг тогтоосон боловч 12 сард нь дахиад нэг өөрчлөлт хийж бужигнуулдаг. Ингээд найман удаагийн сонгууль бүгд өөр өөр тогтолцоогоор, өөр өөр журмаар явж ирж сонгогчдын боловсролыг төлөвшүүлэхэд ч улс төрийн намуудын төлөвшлийг хангахад ч гэсэн тогтворгүй байдлыг бий болгож, гацааж саармагжуулж ирсэн. Энэ асуудлыг нэг мөр цэгцэлж байна гэж бид ойлгож байгаа.
Монгол Улсыг байнга хүчгүй, хөгжилгүй, эв нэгдэлгүй, байнгын хагаралдуулсан байдалд байлгахыг хүсэж байгаа олон эрх ашгууд байна. Үүнд авталгүй нөхцөл байдлыг эрүүл ухаанаар харж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө улс төрийн намууд нэгдмэл санал зорилготойгоор баталсан. Энэ дотор ч гэсэн сонгуулийн тогтолцоогоор тарж бударсныг нийлүүлдэг, улс орныхоо том эрх ашгийн төлөө нэгддэг боломжийг олгодог холимог тогтолцоог сонгож өнөөдөр энэ сонгуулийн хуульдаа суулгаж баталгаажуулж байна. Тийм учраас үймүүлэх зорилго, дүйвүүлэх хүсэлд нь авталгүй улс орныхоо том эрх ашгийг гадаад дотоод бодлого дээр нэгдмэл байх шаардлагатай.
Одоо сонгуулийн хуулиа тогтвортой мөрдөх ёстой гэдгийг зориуд цохон тэмдэглэж байна. Хоёр намын гишүүдийн гаргасан саналыг нэгтгэсэн хувилбар дээр олон намуудын үзэл бодлыг тусгаж баталлаа. Одоо энэ хууль маань органик болж, үндсэн хуультайгаа бат уялдахын тулд улс төрийн хуульдаа маш тодорхой зааж өгч, нийтийн эрх ашгийн төлөө, ардчиллын зарим тулгуурт үндэслэж үүнийг бий болгож чадвал энэ тогтвортой төрийн үндэс бий болно. Тиймээс улс төрийн намын хуульд дотоод ардчилалтай байна гэдэг бол улс төрийн нам нэг даргын нам биш. Нийт ард иргэдийнхээ төлөөллийн нам байна гэдэг утга агуулгыг шингээсэн байх гол утга агуулга чухал юм" хэмээлээ.