Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

КВОТ 40 ХУВЬ: “Эцгийн эрхт“ парламентын бүтцийг ӨӨРЧИЛЬЕ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
11 минут 42 секунд

Өчигдрийн УИХ-ын чуулганаар сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, байнгын хорооны хуралдаанаар дэмжигдэж чадалгүй унаад байсан эмэгтэйчүүдийн квотыг 40 хувь болгох санал дэмжигдсэн юм.

Тодруулбал, квотыг 30 хувь болгох агуулгаар байнгын хороон дээр боогдсон санал анхны хэлэлцүүлэгт унаж, эсрэгээрээ дарагдаад байсан 40 хувь болгох саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар, сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар зүтгүүлж дэмжсэнээр ийнхүү эхний байдлаар квотыг 40 болгох агуулга хадгалагдаж үлдээд буй юм.

Тэгвэл МАН-ын эрэгтэй гишүүд ууртай байна. Уг асуудлыг бүлгийн хурлаар ярьж, 40 хувийг багасгах ёстой гэсэн шүүмжлэл намын байраар яригдах болж УИХ-ын дарга Г.Занданшатар, сайд Ж.Сүхбаатар, хоёрыг намын бодлого сөрлөө гэсэн ширүүхэн дайралтууд үүсэх болжээ.

Учир нь шинээр бүрдэх парламентад суудал авах эмэгтэй гишүүдийн тоо нэмэгдэх нь “ууртай” гишүүдэд мэдээж ашиггүй. Харин ч халтай тусах бөгөөд эрэгтэй гишүүд суудлаасаа шахагдаж эхлэх нь тодорхой юм. Харин том зургаар нь харвал улс төрд жендерийн тогтвортой харьцааг баримталж байж улсын хөгжлийг хурдасгах, нийгмийн асуудлуудыг оновчтойгоор мэдэрч шийдвэрлэх ажилд эмэгтэй парламентчдын дуу хоолой, оролцоо нэн чухал болоод буй юм.

Тэгвэл бид энэ удаад улс төр дэх жендерийн эрх тэгш байдлыг хангах асуудал яагаад чухал болсон талаарх судалгаагаар үзүүлж байна.

"Найман удаагийн парламентад эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 5.3-17.1 хувь болжээ"

Эмэгтэйчүүдийн оролцоо парламентын түвшинд хангагдаж чадахгүй байгааг өнгөрсөн 8 удаагийн парламентын дүн харуулж байна. Монгол Улс 1992 онд анхны байнгын ажиллагаатай парламентыг байгуулсан цагаас эхлэн УИХ-д сонгогдсон 76 гишүүний 20 гишүүний тоонд ч хүрч чадалгүй явж ирснийг судалгаанаас харж болохоор байна. Тухайлбал, 1992 оны парламентад сонгогдсон 76 гишүүний гурав нь эмэгтэй гишүүд сонгогдсон буюу парламентад эзлэх хувь нь 3.9 байв. Үүний дараа 1996 оны парламентад долоо нь эмэгтэй гишүүн буюу нийт эзлэх хувь нь 9.2 болж, 2000 оны парламентад сонгогдсон нийт гишүүдээс ес нь эмэгтэйчүүд буюу 11.8 хувийг эзэлж, 2004 оны парламентад таван эмэгтэй гишүүн сонгогдсон нь 76 гишүүнд эзлэх хувь ердөө 6.6 болж буурч байжээ. Харин 2008 онд гурван эмэгтэй гишүүн сонгогдсон нь парламентын 3.9 хувийг эзэлж, 2012 оны парламентад 11 эмэгтэй нэр сонгогдсон нь 14.5 хувийг эзэлсэн бол 2016, 2020 онуудын парламентад 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь 17.1 хувийг эзлэж байна.

Судалгаанаас харвал 1992 оноос хоших УИХ-ын 8 удаагийн сонгуулийн дүнд нийт 608 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь эмэгтэй гишүүд байжээ. Тэгвэл эмэгтэй гишүүдийн эзлэх хувь дээрх хугацаанд 5.3 хувиас 17.1 хувь болж нэмэгдсэн байгаа юм.

Хэдийгээр сонгуульд нэр дэвшсэн болон сонгогдсон төлөөлөгчдийн дунд залуучууд, эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага зэрэг нэмэгдэж, 2020 оноос УИХ-ын дэд даргаар эмэгтэй гишүүн томилогдон ажиллаж байгаа ч энэ нь хангалттай биш бөгөөд 1990 оноос өнөөг хүртэл УИХ-ын даргаар ажилласан эмэгтэй гишүүн байхгүй гэдгийг анхаарах шаардлагатай юм.

Тэгвэл Монгол Улс шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30 болгож нэмэгдүүлэх Хөгжлийн зорилтоо 2015 онд хангаж чадаагүй явж ирсэн бөгөөд “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ын шалгуур үзүүлэлтийг хангаж чадах эсэх нь эргэлзээтэй гэсэн урьдчилсан дүгнэлтийг Олон улсын байгууллагаас гарган сануулж эхэлсэн билээ.

Эндээс харвал өнгөрсөн 8 удаагийн парламентаар жендерийн зохистой түвшний харьцаа тогтмол алдагдаж тэр хэрээр нийгэм рүү, хүн рүү чиглэсэн бодлогууд зарим талаараа хаягдаж ирсний илрэл нь үүнтэй шууд холбоотой юм. Мөн нөгөө талд улс төрийн хүрээнд ихэнхдээ эрэгтэй улс төрчид эрх мэдлээ урвуулан ашигладаг. Авлига, хээл хахуулийн хэрэгт холбогддог тохиолдол газар авч байгаа нь бодитой юм. Харин нийгэмд ядуурал, өвлөл, олныг сэртхийлгэсэн хүчирхийлэл, хулгай, дээрмийн гэмт хэрэг улам бүр нэмэгдэх болсон аж.

УИХ-д нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа /Сонгуулийн жилээр/

1996 онд 302 хүн нэр дэвшсэний 8 нь эмэгтэйчүүд буюу нийт 2.6 хувийг,

2000 онд 602 хүн нэр дэвшсэний 9 нь эмэгтэй буюу нийт 1.5 хувийг,

2004 онд 244 хүн нэр дэвшсэний 33 нь эмэгтэй буюу 13.5 хувийг,

2008 онд 356 хүн нэр дэвшсэний 66 нь эмэгтэй буюу 18.5 хувийг,

2012 онд 544 хүн нэр дэвшсэний 174 нь эмэгтэй буюу 32 хувийг,

2016 онд 498 хүн нэр дэвшсэний 129 нь эмэгтэй буюу 25.9 хувийг,

2020 онд 606 хүн нэр дэвшсэний 151 нь эмэгтэй буюу 24.9 хувийг тус тус эзэлж байжээ.

Тэгвэл Төрийн улс төрийн албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг зөвхөн 2016-2020 оны хооронд байгуулагдсан парламентын түвшинд авч үзсэн байдлыг дараах судалгаагаар харуулъя:

САЙДЫН ТҮВШИНД:

2016-2020 оны хугацаанд 13 эмэгтэй гишүүн УИХ-ын нэр дэвшин сонгогдсон буюу парламентад эзлэх хувь нь 20 хувь байх ёстойгоор 17.1 хувийг хангаж байна. Мөн 2016-2019 онд 16 яам ажиллаж байснаас 2018 оныг хүртэлх хугацаанд хоёр яам эмэгтэй сайдтай байв. Харин 2019 онд нэг яам эмэгтэй сайдтай болсон ба 2020 онд 14 яамны дөрөвт нь эмэгтэй сайд томилогдож байжээ.

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТҮВШИНД:

2016-2019 онд нэг ч эмэгтэй дарга томилогдож байгаагүй бол 2020 оны байдлаар дөрвөн эмэгтэй аймгийн засаг даргаар томилогдож байжээ. Харин сүүлд буюу 2022 онд зөвхөн Ховд аймагт Э.Болормааг засаг даргаар томилон ажиллуулаад байгаа юм. Түүний хувьд өмнө нь Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан улс төрд туршлагатай эмэгтэйчүүдийн билээ.

Энэ бүгдээс харвал шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангагдаж чаддаггүй гэдэг нь илт харагдаж байна. Тиймээс оролцоог нэмэгдүүлэх гол боломж нь парламентад эзлэх суудлын тоог нэмэгдүүлэх явдал гэдгийг судлаачид хэлж байгаа юм.

Судлаач Х.Номингэрэл: Хуулийн төсөлд зааснаар эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь болгох асуудал хангалтгүй. Дор хаяж эмэгтэй гишүүдийн тоог 35-40 хувьд хүргэхийн тулд нэр дэвшилт дээр 40-өөс дээш хувь байх ёстой. Энэ нь намуудад тавьж байгаа шаардлага болохоос иргэд саналын хуудаст байгаа нэрсээс л сонголтоо хийнэ. Одоо зөвхөн намууд мөнгөтэй эсэх дээр л шалгуур тавиад байна. Үүнд нь маш олон эмэгтэйчүүд унаж байна. Зөвхөн нэр дэвших мөнгө биш. Дөрвөн жилийн хугацаанд тойргоо услах тухай асуудал яригддаг. Тиймээс бодит байдал дээр энэ нь асар их мөнгө болчхоод байгаа учраас мөнгөний шалгуурыг давж гардаг эмэгтэйчүүд байхгүй болсон.

Хэрэв одоо яригдаж байгаа 30 хувиар тооцвол нэг намаас 38 эмэгтэй нэр дэвших боломжтой гэж үзвэл хоёр том намаас сонгогдох магадлал нь 18-19 гишүүн болохоор байгаа.Ингээд дээд талдаа 20 орчим эмэгтэй жагсаалтаар гарч ирэх төлөвтэй гэсэн үг. Цаан нь 14 эмэгтэй тойрогт дэвшихээс долоо нь сонгогдлоо гэж үзэхэд 27 эмэгтэй УИХ-д сонгогдох боломжтой болно. Гэтэл анх хуулийн төслийг хийхдээ гишүүдийн тоог 40 хувиар нэмэгдүүлж, холимог тогтолцоог оруулж ирж, төлөөллийг хангана гэж баахан амласан хэр нь өнөөдөр амлалтаасаа намууд ухарч байгаа нь харамсалтай үзэгдэл болж байна.

ДҮГНЭЛТ: Монгол Улс эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд НҮБ болон бусад олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орж, тэдгээрийн зарим заалтуудыг хууль тогтоомж, бодлого хөтөлбөрүүдэд тусгаж ирсэн байдаг. Гэсэн ч энэ нь өнөөдөр тунхгийн шинж чанартай болж, зөвхөн цаасан дээр бичигдсэн төдий болох нь сүүлийн сонгуулиудын квот тогтоосон байдлаас харагдаж байгаа юм. Хуулиар тогтоосон квотыг хэрэглэж байгаа ч дан ганц квотыг хуульчилснаар улс төрд жендэрийн эрх тэгш байдал хангагдахгүй гэдгийг сануулж байна.

Бодит байдлаас авч дүгнэвэл УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор хамгийн сүүлд хэлэлцэгдэж дэмжигдсэн хууль, тогтоолын төслүүд чуулганы босгыг давдаг номтой. Энэ агуулгаараа өнөөдөр тус байнгын хороонд 19 гишүүн байдгаас ердөө дөрөв нь буюу 0.76 хувийг эмэгтэй гишүүд эзэлж байгаа нь энэ хэрээр шийдвэр гаргах чадвар төдийлөн нөлөөлж чаддаггүй нь харагдаж байгаа юм.

Эцэст нь, эмэгтэй улс төрчдийн тоог нэмэгдүүлэх замаар өнгөрсөн хугацаанд орхигдож ирсэн улсын хөгжлийн бодлого, нийгмийн бодлого, цаашлаад хүн рүү чиглэсэн бодлогуудыг хэрэгжүүлэх нийгмийн нэхэлт, шаардлагатай одоогийн парламент нүүр тулж байна.

Иймд гол бодлогыг зангидах Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, ЗХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, мөн УИХ-д суудалтай ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, бүлгийн дарга О.Цогтгэрэл дэмжлэг, шийдвэр парламентад дутсан эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлж, нийгэмд бүдгэрсэн төлөөллийн дуу хоолойг буцаан авч ирнэ гэдэгт олон нийт итгэн хүлээж буй юм.

ШУУРХАЙ: АН-ын дарга асан С.Эрдэнийн Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлалаа
ШУУРХАЙ: АН-ын дарга асан С.Эрдэнийн Монгол Улсын хилээр гарах эрхийг хязгаарлалаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.