Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ Б.Бямбабаяр: 30-аас дээш насныханд цөөн байдаг өвчин эмгэг 17,18-н насныханд бий болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 58 секунд

No description available.

Өсвөр үеийн хүүхэд залуусын дунд амьдралын буруу дадал хэвшил, хэв маягаас үүдэн хоол боловсруулах эрхтний эмгэг түгээмэл ажиглагдах болсон талаар мэргэжлийн эмч нар хэлдэг. Гэвч эл асуудалд анхаарлаа хандуулах эцэг, эхчүүд тун ховор. Энэ талаар Дүрс оношилгооны эмч Б.Бямбабаяр "...Нэг юмыг л гайхаад харамсал төрөөд байгаа нь 17 насанд битгий хэл 30 насанд ч ийм өөрчлөлт ховор байдаг юм. Хэдэн жил юу идэж уусан болоод энэ насанд ингэтлээ өөрчлөлтөд орчихсон юм бол" хэмээн нийтэлсэн нь бодит байдлыг дахин нэг эргэн харахад хүргэв. Тэгвэл хүүхэд залуусын дунд нэмэгдэх болсон хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, түүний шалтгаан зэргийн талаар Дүрс оношилгооны эмч Б.Бямбабаяртай ярилцлаа.

-Та цахим хуудастаа хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгтэй Z үеийнхэн бий болж байгаа талаарх асуудлыг хөндсөн байсан. Үүнтэй олон нийт ч санал нэгдэж байх шиг байна. Таны хувьд оношлогоо чиглэлд ажилладаг хүний хувьд Z үеийнхэнд ямар дүр зураг ажиглагдаж байна вэ?

-Би өөрөө дүрс оношилгооны /ЭХО/-ны эмч учир энэ төрлийн эмгэг нь эхогоор оношлогдож байна гэсэн үг. Сүүлийн үед өсвөр насныхан бүр нарийвчилбал, 17-22 насныханд цөсний өтгөрөл, цөсний хүүдийн чулуу, нойр булчирхайн үрэвсэл зонхилж байна. Мэдээж бүгд биш. Гэхдээ урьд нь энэ төрлийн эмгэг залуу насныханд бараг байдаггүй байсан бол одоо элбэгших хандлагатай байна. Ялангуяа цөсний өтгөрөл, чулуу, цөсний хүүдийн үрэвсэлтэй залуус их болсон. Бодит байдал дээр энэ төрлийн өвчлөлийн зовиур зарим залууст хэдийнэ өгөөд эхэлчихсэн, бараг дундаа ороод эхнээсээ эмнэлгээр яваад эхэлсэн.

-Тэгвэл хүүхэд залуусын дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг элбэгших болсон гол шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Миний харж байгаагаар зохисгүй хооллолт. Өсвөр үеийнхэн гэлтгүй олон нийтийн дунд түргэн хоолны хэрэглээ ихэссэн. Энэ нь эрүүл бус хооллолт гэсэн үг шүү дээ. Түүнчлэн өглөөний цайгаа тогтмол ууж хэвшихгүй байх, хэт удаан олон цагаар өлсгөлөн явах зэрэгтэй холбоотой байж болно.

-Хоол боловсруулах эрхтэн тогтолцоо дундаа нойр булчирхайн үрэвсэл нь 30 гаран насны хүмүүст тохиолддог хэдий ч 17, 18 насныханд илрэх боллоо гэдэг ноцтой асуудлын талаар ч та дурдсан байсан?

-Тийм ээ. Би энэ талаар бичсэн. Хэвийн жинтэй, хэвийн хооллолттой 30 настанд ч цөөн байдаг эмгэг 17, 18 настанд бий болоод байна гэдэг өөрөө маш том асуудал. Энэ чигээрээ 30, 40 нас хүрвэл яах вэ гэдэг асуудал ч энд яригдана.

"Хоол боловсруулах эрхтний эмгэгтэй GEN-Z үеийнхэн ирж байна"

-Нойр булчирхай гэнэт л өвдөж амь насанд хүрдэг гэсэн байх аа?

-Шууд өвдөөд л амь насаа алдчихна гэж байхгүй. Архаг үрэвсэлтэй хүн гэнэт өвдөх, эрүүл хүн гэнэт өвдөх хоёр харилцан зөрүүтэй байна. Нойр булчирхайн цочмог үрэвслийн хүндрэл нь нойр булчирхайн үхжилт зэргээс шалтгаалж амь насаа алдахад хүргэж болно.

-Нойр булчирхай, цөсний чулуужилт зэрэг нь өглөөний цай уухгүй байх, түргэн хоол байнга хэрэглэх зэрэг буруу дадал хэвшилтэй холбоотой гэдгийг та өмнө онцолсон. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Мэдээж ямар ч юманд 100 хувь үүнээс шалтгаалж байна гээд тулгана гэж байхгүй. Гэхдээ голлох шалтгаан мөн үү гэвэл мөн. Ганцхан өглөөний цай ч биш. Олон цагаар өлөн хоосон явах нь энэ эрсдлийг ч үүсгэдэг. Тийм болохоор эмч нар бага багаар ойрхон олон хоолло гэж зөвлөдөг. Хэт их бэлэн бүтээгдэхүүн /хоол/-ны хэрэглээ нь энэ төрлийн эмгэгийг үүсгэх бас нэг шалтгаан байж болно.

-Эмчлүүлэхгүй удаан явбал ямар аюултай вэ?

-Мэдээж эмчлүүлэхгүй удаан явах хэцүү л дээ. Зовиур ихтэй. Цөс болон нойр булчирхай нь шүүрэл ялгаруулдаг эрхтнүүд учир үрэвсэл нь их өвдөлттэй явагддаг. Тэгэхээр өвдөж байхад нь тоохгүй яваад байж болохгүй. Хурцаар өвдвөл хурдан хүндрэх эрсдэлтэй. Цаашилбал, нойр булчирхайн цочмог үрэвслийн хүндрэл үүсэх үү үгүй юу гэдэг ч яригдахад хүргэнэ.

-Нэгэнт хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өөрчлөлттэй болсон бол хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Жин, хооллолт, амьдралын хэвшлээ өөрчлөх хэрэгтэй. Нэгэнт бүтцийн өөрчлөлтөд орчихсон бол буцаад хэвийн болохгүй. Тэгэхээр нэмж яаж өвтгөхгүй, хүндрүүлэхгүй байх вэ гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Амьдралын хэвшлээ өөрчлөх хэрэгтэй болно гэсэн үг. Хэрхэн эрүүл зөв хооллох зөвлөгөөг эмч гэхээс илүүтэй мэргэжлийн хоол зүйчээс авах хэрэгтэй.

-Эцэг, эхчүүдэд хандаж зөвлөгөө мэдээлэл өгнө үү?

-Өөрсдөө чаддаггүй юмаа гэхэд хүүхдүүддээ өглөөний цай тогтмол уулга. Чадвал өдрийн хоолыг нь бэлдэж өгөөд явуул. Сургууль дээрээ чанартай хоол идэж чадаж байгаа юу гэдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Өвчиндөө баригдсан нэгнийг бэлдмээргүй байвал элдэв янзын амттан бэлэн бүтээгдэхүүнээс хүүхдүүдээ хол байлга. Эрүүл амьдралын хэв маягийг гэр бүлдээ суулгах хэрэгтэй

-Ярилцсанд баярлалаа.

Тэрбээр өөрийн цахим сүлжээнд "Харьцуулсан зураг орууллаа /цагаан цайвар байгаа нь үрэвслийн шинжтэй гэж ойлгож болно/хүмүүийн хэлдэгээр цайралттай/

1 дугаартай нь: 30 настай минийх
2 дугаартай нь: 17 настай охиных"

No photo description available.

“GIRLS” ХАМТЛАГ: Биднийг мөрөөдөлд маань хүргэх хамгийн эхний шат бол “GIRLS” олон ангит кино бас уран бүтээл маань
“GIRLS” ХАМТЛАГ: Биднийг мөрөөдөлд маань хүргэх хамгийн эхний шат бол “GIRLS” олон ангит кино бас уран бүтээл маань
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.