Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“GIRLS” ХАМТЛАГ: Биднийг мөрөөдөлд маань хүргэх хамгийн эхний шат бол “GIRLS” олон ангит кино бас уран бүтээл маань

Ангилал
Ubn story
Огноо
Унших
13 минут 58 секунд
Б.Энэрэл, О.Энхжин, З.Солонго

Хүмүүс охидын үерхэл, нөхөрлөлийг хуурамч бас бат бөх биш гэж ярьдаг. Гэвч үнэн хэрэгтээ гэнэн томоогүй бас хамгийн нандин үерхэл байдаг. Яг л тэр үерхлийг энгийн бөгөөд үнэнээр нь зураглаж, олон мянган охидыг байлдан дагуулсан уран сайхны кино бол "Girls" олон ангит кино.

Тэгвэл саяхан "Girls" олон ангит киноны "Season 3" үзэгчдийн хүртээл болж, шинэ өнгө төрх, шинэ дүрүүдээр үзэгчдэдээ бэлэг барилаа. Магадгүй уншигч та ч бас тэдний шинэхэн уран бүтээлтэй тэр дундаа шинэхэн дуутай нь танилцсан биз. Тэгвэл Ubn Story булангийнхаа энэ удаагийн дугаарт "Girls" олон ангит киноны гол дүрийн охид болох "Girls" хамтлагийн /Б.Энэрэл, О.Энхжин, З.Солонго/ авьяаслаг охидыг урин оролцуулж, шинэхэн уран бүтээл хийгээд өсвөр насны охидын үерхэл, нөхөрлөлийн талаар хэсэг хором ярилцлаа.

Бидний хүүхэд насны мөрөөдөл бол жүжигчин болох. Тиймээс мөрөөдөлдөө хүрэхээр нэг шат ахиж байна

Б.Энэрэл, О.Энхжин, З.Солонго

-Юун түрүүнд өөрсдийгөө танилцуулахгүй юу. Хаана суралцдаг вэ?

-Б.Энэрэл: Сайн байцгаана уу. Намайг Баяраагийн Энэрэл гэдэг. 23 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч.

-О.Энхжин: Намайг Отгончимэгийн Энхжин гэдэг. Улаанбаатар сургуулийн 9а ангид сурдаг.

-З.Солонго: Намайг Заяагийн Солонго гэдэг. 1 дүгээр сургуулийн 10а ангид суралцдаг.

-Girls S3-ын дүрийн сонгон шалгаруулалтад яагаад оролцох болсон бэ. Энэ талаар яриагаа эхэлье?

-Б.Энэрэл: Хүүхэд байхаасаа л кинонд тоглох, жүжигчин болох мөрөөдөлтэй байсан. Тиймээс мөрөөдөлдөө нэг алхам ойртохын тулд дүрийн сонгон шалгаруулалтад орохоор шийдсэн.

-О.Энхжин: Миний хувьд мөн адил хүүхэд байхаасаа л урлагт хайртай, дуртай хүүхэд байсан учраас жүжигчин болохыг хүсэж мөрөөдөлдөө хүрэх зорилгоор шалгаруулалтад орсон. Бидний мөрөөдөлдөө хүрэх эхний алхам бол "Girls" олон ангит кино.

-З.Солонго: Бага байхын л дуулж, бүжиглэдэг, урлагийн үзлэгт ороод явж байдаг хүүхэд байсан. Тэгээд "Girls" S3-ын дүрийн сонгон шалгаруулалт болно гэдгийг сонсоод миний урлагт хөл тавих эхний шат болж чадах юм байна гэж бодсон. Тиймээс анх киноныхоо шалгаруулалтад орсон.

-Хэчнээн хүүхэд бүртгүүлсэн юм бэ. Зөвхөн 20 хүүхэд л шалгарсан гэсэн мэдээлэл байна. Өрсөлдөөний талаар ярьж өгөхгүй юу?

-Б.Энэрэл: Нийт 300 гаруй хүүхэд шалгаруулалтад оролцсон. Түүнээсээ 20 хүүхэд шалгаруулж кинонд дүр бүтээсэн. Мөн тэдгээр 20 хүүхдээсээ бид гурвыг сонгоод "Gilrs" хамтлагийг байгуулсан байгаа.

-"Gilrs" хамтлаг байгуулагдах тухай хэзээнээс яригдаж эхэлсэн бэ. Анх кино бүтээхэд энэ талаар яригдаж байсан уу эсвэл киноны зураг авалт ид өрнөж байх явцад шинэ охидын хамтлаг байгуулна гэдэг мэдээ сонссон уу?

-Б.Энэрэл: Дүрийн сонгон шалгаруулалт явагдаж эхлэхэд л охидын хамтлаг байгуулагдана гэдэг зүйл яригдсан байсан юм билээ. Тиймээс дүрийн сонгон шалгаруулалтын хамтаар хамтлагийнхаа гишүүдийг ч мөн шалгаруулж байсан юм билээ.

-Та гурвын хувьд хамгийн анх нэг хамтлаг болсон гэдэг мэдээг сонсоод ямар мэдрэмж авав?

-Б.Энэрэл: Хамгийн түрүүнд кинондоо дүр бүтээхийг бас хамтлагийн нэг гишүүн болохыг маш их хүссэн.

-О.Энхжин: Шалгаруулалт маш өрсөлдөөнтэй байсан. Тэрхэн хугацаанд найзууддаа бүгдэд нь дасчихсан байсан учраас гурвуулхнаа үлдэхэд гунигтай санагдсан. Гэхдээ бид гурав чадна аа гээд маш их хүсэл тэмүүллээр хамтлаг болж эхэлсэн.

-З.Солонго: Бас маш их хариуцлагатай санагдсан. Энэ олон хүний итгэлийг алдахгүйн тулд хичээх хэрэгтэй шүү дээ гэж бодогдсон.

-Та гурав өмнө нь бие биенээ таньдаг байсан уу. Эсвэл кинонд тоглоод танилцав уу?

-Б.Энэрэл: Бид гурав бие биенээ огт таньдаггүй байсан. Кинонд тоглоод л танилцсан даа.

-О.Энхжин: Найзлаад яг зургаан сар болж байна. Энэ хугацаанд маш дотно болсон.

-Киноныхоо зураг авалтын тухай ярилцъя. Ер нь хэр сандралтай байсан бэ. Магадгүй өмнө нь ямар нэг кинонд тоглож байсан туршлага бий юу?

-О.Энхжин: Бид гурвын хамгийн анхны тоглож байгаа кино бол яг энэ "Girls" олон ангит кино. Хамгийн эхний зураг авалт дээр маш их сандарсан, айдастай байсан. Гэхдээ дараа дараагийн зурган дээр сандрахаа болиод яг л нөгөө учрыг нь ойлгоно гэдэг шиг яаж жүжиглэх ёстой, хэрхэн бэлтгэх ёстой гээд бүгдийг нь ойлгоод эхэлсэн.

-Б.Энэрэл: Мэдээж хамгийн анхны кино учраас маш их сандралтай байсан. Гэхдээ зориг гаргаад л тоглосон. Бас маш их дурсамжийг бүтээж чадсан.

-З.Солонго: Киноны хамгийн анхны зураг авалт надаар эхэлсэн. Бүр уйлдаг сцень байсан л даа. Маш хүнд, хэцүү юм билээ. Дотроо бүр "Яана даа" гэдэг л бодол төрж байсан. Гэхдээ амжилттай давж гарсан шүү.

-Тэгэхээр киноны зураг авалт эхлэхээс өмнө маш их сургуулилт хийсэн байх гэж бодож байна. Ялангуяа жүжиглэх ур чадварын хичээл ч гэдэг юм уу?

-З.Солонго: Найруулагч Д.Мөнхтөмөр ах маань киноны зураг авалт эхлэхээс өмнө хоёр сарын хугацаанд биднийг баг болгон хувааж байгаад тус, тусад нь бэлтгэл хийлгэдэг байсан. Ур чадварын бэлтгэл хийхдээ өрөө, өрөөндөө ороод тухайн хэсгээ давтаад шалгуулдаг байсан юм. Яг тийм зарчмаар бэлтгэлээ хийдэг байсан учраас их зүйл сурсан.

-Мэдээж зургийнхаа багийг танилцуулах нь зүйтэй байх?

-Б.Энэрэл: Манай киноны Ерөнхий найруулагчаар Д.Мөнхтөмөр ах маань, Ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй ах, Зургийн даргаар н.Золбоо ах маань ажилласан.

-З.Солонго: Эвлүүлэгчээр Г.Дөлгөөн ах маань, Жүжигчин хариуцсан найруулагчаар Ч.Сэлэнгэ эгч маань ажилласан.

-О.Энхжин: Мөн арын албанд маш олон хүн ажилласан.

Эерэг, сөрөг сэтгэгдлээр бидний дутууг нөхөж байгаад баярлалаа

Б.Энэрэл, О.Энхжин, З.Солонго

-"Lovemble" дуу цацагдахаасаа ч өмнө тэсрэлт хийсэн шүү дээ. Нийгэмд бараг л трэнд болсон гэж хэлэхэд болно. Багштайгаа хамт дууны дахилт хэсгийн бэлтгэл хийж байсан бичлэгийг хүн бүр үзсэн байх. Багшийгаа танилцуулахгүй юу?

-Б.Энэрэл: Багш маань бидний хувьд яг л ээж шиг минь, эгч шиг минь байдаг. Манай багшийг Н.Нар-Оюу гэдэг. ОХУ-ын Буриад улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн. Бид нарт үргэлж сайн, сайхныг зааж зөвлөдөг, өөрийн чаддаг бүхий л эрдмээсээ хуваалцдаг. Багшдаа маш их хайртай, аминаасаа илүү хайрладаг хүмүүсийн маань нэг.

-Хэдхэн хоногийн өмнө "Lovemble" дуу бүрэн эхээрээ үзэгчдэд хүрсэн. Бас дүгнүүлээд амжсан гэж бодож байна. Ер нь сэтгэгдлүүдээ уншдаг уу. Хэрхэн хүлээж авдаг вэ?

-З.Солонго: Миний хувьд бүх сэтгэгдлийг уншдаг. Манай хоёрын хувьд сөрөг сэтгэгдлийг харахгүй гээд нэг их сэтгэгдэл уншдаггүй. Тийм учраас бид гурав ирсэн бүх сэтгэгдлүүдээ авах гээхийн ухаанаар хүлээн авна.

Алдаа тутагдал гарвал түүнийгээ засна. Бас бидний дутууг нөхөж байгаад маш их баярлалаа, дэмжиж, сонсож байгаа бүх хүмүүстээ ч бас баярлалаа.

-Шинэхэн уран бүтээлдээ орчихсон гэж сонссон. Хэзээ үзэгчдэд хүрэх вэ?

-З.Солонго: Дуу маань яг сарын дараа цацагдах байх гэж бодож байна. Одоогоор дууны нэр нууц байгаа.

"Girls" season 3 дээр Ц.Мичидмаа маань эсрэг дүр бүтээж байгаа. Мөн өмнөх цувралуудын Сарнайгийн дүүгийн дүрээр үзэгчидтэйгээ дахин уулзана

Б.Энэрэл, О.Энхжин, З.Солонго

-Киноныхоо тухай хэсэг хором ярилцъя. Өмнө нь "Girls S1, S2" дээр дандаа эгч нар нь тоглосон байдаг. Бас охидын үерхэл нөхөрлөл, хайр дурлалын тухай өгүүлдэг шүү дээ. Яагаад S3 өсвөр насны хүүхдүүдийн үерхэл, нөхөрлөлөөр үргэлжлэх болов. Энэ маш сонирхол татаж байна л даа?

-О.Энхжин: Манай S3-ыг өсвөр насны хүүхдүүд бүтээсэн гэж хэлж болно. Бид үе тэнгийн дээрэлхэлт, найз нөхдийн маргаан зэргийг кинондоо харуулсан байгаа. Учир нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүд нэлээдгүй байдаг шүү дээ. Тэдгээр хүүхдүүд маань хэрхэн үе тэнгийн дарамт шахалтаас зайлсхийж чадах вэ, хэнд хандах хэрэгтэй вэ, яаж аюул, бэрхшээлийг даван туулах вэ зэрэг аргуудыг мэдээсэй, өөрийгөө хамгаалж сураасай гэж маш их хүссэн учраас өсьөр насны хүүхдүүдэд илүү зориулагдсан. Үүгээрээ ч бусад киноноос ялгарах байх гэж бодож байна.

-З.Солонго: Яг л өсвөр насны хүүхдүүдэд ямар асуудал тулгардаг, ямар саад бэрхшээл, баяр жаргал тохиолддог тэр бүгдийг манай киноноос үзэж болно. Та бүхэн IPTV-гээр үзээрэй.

-Нууц биш бол Girls S3-ын агуулгыг маш цөөн үгээр илэрхийлээч. Олон хүн үзээгүй учраас хүлээлттэй байгаа байх. Гэхдээ агуулга талаас нь мэдээлэл өгвөл илүүтэй сонирхох юм болов уу?

-О.Энхжин: Нэг бяцхан охин шинэ сургуульд шилжиж ирснээр киноны үйл явдал эхэлнэ. Найзууд нь, сургууль нь гээд бүгд шинэ учраас түүнд давж гарах маш олон асуудал тулгарна.

Мөн манай киноны эсрэг гол дүрд жүжигчин Ц.Мичидмаа маань тоглосон. Шилжиж ирсэн бяцхан охинтой хайр дурлалын маргаан, мэтгэлцээнийг өрнүүлнэ. Цаашид юу болох, ямар үйл явдал гарах талаар киноноос маань үзээрэй гэж зөвлөж байна.

-Жүжигчин Ц.Сэлэнгээгийн хувьд өмнөх цувралууд дээр Сарнайгийн дүрийг бүтээсэн шүү дээ. Бас Ц.Мичидмаагийн хувьд төрсөн дүү нь болж тоглодог. Яг тэр хэвээр үргэлжлэх үү эсвэл?

-Б.Энэрэл: Мэдээж эгч, дүү хоёр болж тоглоно, үзэгчидтэйгээ дахин уулзана.

-Хүмүүс киног нь үзээд хэр хүлээж авч байна. Ялангуяа дотны найз нөхөд нь юу гэж байна?

-Б.Энэрэл: Найзууд маань маш гоё кино байна, бүх ангийг нь үзнэ гэж хэлж байгаа.

-З.Солонго: Зарим нь дараагийн анги хэзээ гарах вэ, үзмээр байна гэж ч хэлж байгаа. Тэр бүгдээс бид маш их урам зориг, эрч хүчийг авдаг.

-О.Энхжин: Урмаар тэтгэгдэхийн хэрээр улам илүү хариуцлагатай байх ёстой гэдгээ ойлгож байгаа. Итгэлийг нь алдахгүйн тулд ч маш их хичээж байгаа.

-Хамгийн их тусалж, дэмжсэн хүмүүс нь хэн бэ. Бас баярласнаа илэрхийлэх нь зүйтэй болов уу?

-З.Солонго: Мэдээж хамгийн их дэмждэг, тусалдаг хүмүүс бол гэр бүл маань. Бас кино зургийн багийнхан, ангийн хамт олон, багш нар гээд бүгд тус дэм болсон. Бүгдэд нь маш их баярлалаа. Хайртай шүү гэдгээ хэлье.

Б.Энэрэл, О.Энхжин, З.Солонго

-Цаашдынхаа зорилгыг тодорхойлсон уу. Зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Б.Энэрэл: Бид гурав маш том зорилго тавьсан. Түүнийхээ төлөө өдөр бүр хичээж байгаа.

-О.Энхжин: Одоохондоо зорилгоо хэлэх хараахан болоогүй гэж бодож байгаа. Удахгүй зорилгодоо хүрэх байх гэж итгэж байна. Тийм ч учраас бид гурав үргэлж хичээх болно.

-Хамгийн сүүлчийн асуултаа асууя. Та гурвын хувьд өсвөр насны үерхэл, нөхөрлөл, хайр дурлалыг юу гэж ойлгодог вэ?

-Б.Энэрэл: Маш нандин зүйл гэж ойлгодог.

-О.Энхжин: Хамгийн их дурсамжийг бүтээдэг бас агуулдаг хугацаануудын нэг юм болов уу.

-З.Солонго: Хүн бүрт тохиодог хамгийн нандин мөчүүдийн нэг.

-Ярилцсанд баярлалаа.

Хүнд ачаа ихээр тээвэрлэдэг ААН-үүдийн ачаа тээврийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавихаар боллоо
Хүнд ачаа ихээр тээвэрлэдэг ААН-үүдийн ачаа тээврийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавихаар боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.