Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨНДӨХ СЭДЭВ: Өсвөр насныхан эцэг эхдээ асуудлаа ярихад ойлгохоосоо илүү БУРУУТГАХ хандлага үзүүлдэг нь АМИА ХОРЛОХ бодол тээхэд хүргэдэг

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
15 минут 38 секунд

"Амиа хорлолт". Сүүлийн жилүүдэд энэ үг ихээхэн чих дэлсэх болсон ч төдийлөн гайхахаа бас анхаарахаа больжээ. Хэдий хаалттай сэдэв ч зайлшгүй хөндөх ёстой сэдвүүдийн нэг.

Ялангуяа сүүлийн жилүүдэд өсвөр насны хүүхдүүдийн дунд амиа хорлох эрсдэл нэмэгдсэний дээр амиа хорлох үйлдэл ч их гаргах болсон. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд хоёр сайхан охин үр хамтдаа өндөр барилга дээрээс унаж амиа хорлосон хэрэг гарав. Тийм ч учраас бид одооноос эхлэн өсвөр насныхны сэтгэлзүйг хэрхэн ойлгох, эцэг эхчүүд өвсөр насны хүүхдүүдтэйгээ хэрхэн зөв харилцаж улмаар амь насаараа хохирох аюултай шийдвэр гаргахгүй байх тал дээр зөвлөмж, мэдээлэл хүргэх үүднээс энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.

КЕЙС: "Надад баяр баясал төрөхгүй байна. Би олон удаа амиа хорлох талаар бодож бүр хоёр, гурван удаа гэрээслэл ч гэх юм уу захиа бичиж, гэрийнхэндээ үлдээж байсан" 18 настай, эмэгтэй

СУДАЛГАА: ДЭМБ-ын 2022 оны мэдээнээс үзэхэд, Монгол Улсад 2018 онд амиа хорлох тохиолдлын тоо 100.000 хүн ам тутамд 18.67 гэж мэдээлсэн байна.

Харин өөрийн орны судлаачдын судалгаанаас үзэхэд ДЭМБ-ын санхүүжилтээр 2013 онд ЕБС–ийг түшиглэж хийсэн судалгаанд Монгол Улсын 13-17 насны өсвөр насныхан сүүлийн нэг жилийн дотор 23 хувь нь амиа хорлох талаар бодож үзсэн бол 9.3 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн. Өөрөөр хэлбэл, 4 хүүхэд тутмын 1 нь амиа хорлох бодолтой байгаа бол ойролцоогоор 10 хүүхэд тутмын 1 нь амиа хорлох оролдлого хийж үзсэн байдаг байна. Үүнээс үзэхэд хүүхэд, өсвөр насныхны дунд амиа хорлох эрсдэл өндөр байгааг харж болох юм.

/2022 оны есдүгээр сарын 09-нд Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран хийсэн мэдээлэл/

Бид өсвөр насныхан юунаас үүдэж амиа егүүтгэх сэдэл төрдөг. Мөн амиа хорлох оролдлого яагаад хийдэг талаар "Better Mind" нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийн үүсгэн байгуулагч, сэтгэл засалч эмч М.Мандахтай хэсэг хором ярилцсан юм.

Амиа хорлох оролдлого хийсэн хүмүүс 100 хувь амиа егүүтгэх шийдвэр гаргаагүй байдаг

-Юун түрүүнд өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн талаар ярилцъя. Өсвөр насныханд ямар сэтгэлзүйн төлөв байдал илүү давамгайлдаг юм бэ?

-Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүйн онцлог нь бие махбодын онцлог болон тархины үйл ажиллагаатай салшгүй холбоотой байдаг. Өсвөр насны хүүхдүүдийн тархины хөгжил насанд хүрэгчдийнхтэй харьцуулахад бүрэн хөгжөөгүй байдаг. Өөрөөр хэлбэл, бидний сэтгэн бодох, сэтгэл хөдлөлөө удирддаг тархины бор гадарга нь өсвөр насны хүүхдүүдэд хангалттай хэмжээгээр зузаараагүй байдаг. Тиймээс өсвөр насныхан насанд хүрэгчдийг бодвол аливаа зүйлийн үр дагаврыг урьдчилан харж, тооцоолох чадвар дутмаг байдаг.

Мөн сэтгэлзүйн онцлог нь бүлгэрхэх сэтгэлзүй давамгайлдаг. Энэ нь найз нөхөд, хамт олныхоо үгэнд ээж, аавынхаа үгэнд орохоос илүүтэй итгэдэг, үе тэнгийхнээ даган дуурайж, үлгэр дуурайлил авдаг гэсэн үг юм.

Түүнээс гадна өмнө хэлсэнчлэн тархины хөгжил бүрэн явагдаагүй байдаг тул сэтгэл хөдлөлөө удирдах чадвар томчуудыг бодвол сул байдаг. Тиймээс өсвөр насныхан сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлдэг, уурлавал шууд уурлаж, уйлвал шууд уйлдаг. Ерөнхийдөө сэтгэл хөдлөлдөө илүүтэй автах хандлагатай байдаг.

Амиа хорлох хамгийн эхний шалтгаан бол СЭТГЭЛ ГУТРАЛ

-Нийгэмд өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлолт гэдэг зүйл байсаар л ирсэн. Гэвч хүмүүс энэ тухай дурдаад л өнгөрөхөөс биш хүүхдийн сэтгэлзүйтэй тулж харилцдаггүй мэт санагддаг юм. Ер нь яагаад өсвөр насны хүүхдүүд амиа хорлох оролдлого хийдэг юм бэ?

-Ерөнхийдөө бол амиа хорлох үндсэн хоёр шалтгаан байдаг. Нэгдүгээрт, сэтгэл гутрал. Сэтгэл гутралын дунд болон гүнзгий шатанд амиа хорлох үйлдэл хийдэг. Хоёрдугаарт, зан төлөвийн өөрчлөлт. Энэ нь тухайн хүүхэд бие хүн болж төлөвших явцдаа бусдаас илүү мэдрэг, жижигхэн асуудлыг хүндрүүлдэг хандлагатай хүүхдүүд байдаг.

Олон судалгаанаас үзэхэд томчуудаас илүүтэй өсвөр насны хүүхдүүд амиа хорлох оролдлого их хийдэг. Учир нь сэтгэл хөдлөлөө удирдах, бодлоороо сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулах чадвар бага байгаагаас үүддэг.

Мөн өсвөр насны хүүхдүүд бусдаас сэтгэлзүйн зөвлөгөө авах нь бага байдаг. Гэтэл томчуудын хувьд сэтгэлзүйч дээр очих, сэтгэл заслын эмчтэй уулзах зэргээр асуудлаа шийддэг. Харамсалтай нь, өсвөр насны хүүхдүүдийн хувьд ээж, аавдаа асуудлаа ярилаа гэж бодоход ойлгохгүй мөн буруутгах хандлагатай байдаг. Мөн найз нөхөддөө ярилаа гэхэд намайг буруугаар ойлгочих вий, буруу бодох вий гэж айгаад бүрэн ярьж чаддаггүй. Ингээд хүүхдүүд маань асуудлаа ярьж, зөвлөгөө авч чадахгүй удсанаар амиа хорлох оролдлого хийдэг байна.

Нөгөөтэйгүүр амиа егүүтгэх үйлдэл нь дотроо хоёр хуваагддаг. Үүнд,

  • Нэгдүгээрт, Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө гэнэтийн шийдвэр гаргадаг
  • Хоёрдугаарт, Удаан хугацаанд бодож, төлөвлөснийхөө дараа амиа егүүтгэдэг. Гэхдээ амиа хорлоё гэж бодсон ч 100 хувь амиа егүүтгэх бодол байдаггүй.

СУДАЛГАА: Монгол Улсад 10-19 насны 544 мянга 471 хүн бий. Өсвөр насныхны дунд сэтгэл гутрал, өөрийгөө гэмтээх гэх мэт дотогш чиглэсэн сэтгэл зүйн эрсдэлүүд хэр түгээмэл илэрч байна вэ, үүнд тухайн хүүхдийн гэр бүл, сургууль, үе тэнгийнхэн, стресст үйл явдал гэх мэт олон хүчин зүйлс хэрхэн нөлөөлж байна вэ гэдэгт хариулахаар 2022 онд "Оптимал Эн Макс" ХХК 1667 хүүхдийн дунд судалгаа явуулсан байдаг. /Мөн энэ талаар UBN.MN сайт өмнө нь "VISUAL TOIM"-ыг бэлтгэн хүргэж байсан юм/

Өсвөр насны 5 хүүхэд тутмын 1 нь "АМИА ХОРЛОХ" талаар бодож байсан

VISUAL ТОЙМ: Өсвөр насны 6 хүүхэд тутмын нэг нь “АМИА ХОРЛОХ“ үйлдэл хийж байна

Судалгааны үр дүн: Судалгаанд оролцогчдын 21 хувь нь амиа хорлох тухай боддог. Амиа хорлох бодол, үйлдэлд гэр бүл доторх уур амьсгал, ялангуяа эцэг, эхийн зүгээс ирэх "биеийн" болон "үгэн" хүчирхийлэл хамгийн их нөлөөлдөг гэжээ.

Бид өсвөр насны /16-17 насны/ гурван хүүхдээс санамсаргүй түүврийн аргаар өсвөр насны сэтгэлзүйн төлөв байдал, амиа хорлох талаар бодож байсан эсэх талаар тодруулсан юм. /Ингэхдээ хүүхдүүдэд зохиомол нэр өгөв/

Өсвөр насны хүүхдүүд асуудал тулгарахад хамгийн түрүүнд НАЙЗДАА ханддаг

-Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүй ямар байдаг байдаг вэ. Аливааг хүлээн авах чадвар хэр байдаг вэ?

-Зулаа, 16 настай: Сэтгэлзүй бол маш тогтворгүй байдаг. Хүмүүсийн хэлсэн үгэнд эмзэглээд, гомдоод, уурладаг. Шүүмжлэлийг ч хүлээж авч чаддагүй.

-Бат, 17 настай: Сэтгэлзүй тогтворгүй байдаг. Гэнэтийн үйл явдал тохиолдоход маш хурдан сэтгэл гутралд ордог. Эсвэл сайхан зүйл тохиолдвол маш ихээр баярладаг ч юм уу өөр, өөр хариу үйлдэл илэрдэг.

-Болд, 16 настай: Хүн хүнээсээ шалтгаалдаг байх. Миний хувьд сэтгэлзүйгээ тогтвортой гэж боддог.

-Сэтгэл санаагаа тогтворгүй байгаагаа хэнд хэлж, ойлголцдог вэ. Магадгүй ээж, аавдаа хэлэхэд нь хэрхэн хүлээж авдаг юм бол?

-Зулаа, 16 настай: Хамгийн түрүүнд ээждээ хэлдэг. Гэхдээ ээж, аав маань миний хэлснийг ойлговол илүү нухацтай ярилцдаг харин ойлгохгүй бол найзуудтайгаа ярилцдаг.

-Бат, 17 настай: Найзууддаа шууд хэлдэг. Ээж, аавдаа хэлье гэхээр ойлгохгүй байх гэж боддог.

-Болд, 16 настай: Сайн найзтайгаа хамгийн түрүүнд ярилцдаг. Гэхдээ ээжтэйгээ ч мөн нээлттэй харилцдаг болохоор нуугаад байх зүйл байдаггүй юм.

-Ихэвчлэн ямар төрлийн асуудлаас үүдэн сэтгэлзүй нь тогтворгүй болдог вэ?

-Зулаа, 16 настай: Хайр дурлал, үерхэн нөхөрлөлийн талаар ярилцах гэхээр сайн ойлгодоггүй. Түүнээс үүдэн сэтгэлзүйд шууд сөргөөр нөлөөлдөг.

-Бат, 17 настай: Том болж байгаа учраас хайр дурлалын асуудал. Мөн гэр бүлийн асуудал.

-Болд, 16 настай: Бэлтгэлээсээ мөн тэмцээндээ ялагдсаны дараа бага зэрэг гутрах гээд байдаг юм. Энэ үедээ ээж, аавдаа хэлдэг. Бэлтгэл дутуу байсан байна, ингэж алдаа гаргалаа гэдэг ч юм уу. Бүх зүйлээ хэлдэг.

-Уучлаарай. Нэг зүйл тодруулъя. Өсвөр насны хүүхдүүдийн дунд амиа хорлох бодол их байдаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Өөрийн тань хувьд амиа хорлох оролдлого хийж байсан уу. Нууц биш бол хариулт өгөхгүй юу?

-Зулаа, 16 настай: Ерөнхийдөө бол бодож үзэж байсан. Бас нэг удаа оролдлого ч хийж байсан. Гэртээ байсан бүх эмээ холиод ууж үзэж байсан юм. Тухайн үедээ ээж, аав, найз нөхөд, ангийнхантайгаа таарамжгүй харилцаатай байсан учраас оролдлого хийсэн. Гэхдээ тэр үед найзуудтайгаа хамт суугаад ярилцаад тайширч, асуудлыг шийдэж байсан.

-Бат, 17 настай: Хоёр жилийн өмнө бодож байсан юм. Түүнээс хойш бодоогүй. Тухайн үед гэр бүлтэйгээ маргалдаад, намайг ойлгохгүй мэт санагдаж байсан.

-Болд, 16 настай: Амиа хорлох талаар нэг ч бодол орж ирж байгаагүй. Харин улам илүү амьдрах хүсэлтэй болоод байдаг.

-Сэтгэлзүйчээс зөвлөгөө авч байсан уу?

-Зулаа, 16 настай: Сэтгэлзүйчид хандаж үзээгүй. Сургуулийнхаа нийгмийн ажилтанд хандаж байсан. Нийгмийн ажилтан маань биднийг маш сайн ойлгодог, яг найзууд шиг харилцдаг.

-Бат, 17 настай: Сэтгэлзүйч, нийгмийн ажилтанд огт хандаж байгаагүй. Харин найздаа хэлж байсан. Тухайн үед найз маань ярилцаад амиа хорлох талаар бодож болохгүй гээд маш сайн ойлгуулсан.

-Болд, 16 настай: Ээж, аав маань залуу хүмүүс байдаг болохоор намайг маш сайн ойлгодог гэж бодож байна.

Өсвөр насны хүүхдүүдийн зүгээс эцэг, эхтэйгээ ярилцаж асуудлаа шийдэхээс илүүтэй үе тэнгийнхэн, найз нөхөдтэйгээ ярилцахыг илүүд үздэг байна. Тэгвэл бид "Better Mind" нойргүйдэл, сэтгэл заслын эмнэлгийн үүсгэн байгуулагч, сэтгэл засалч эмч М.Мандахаас эцэг эхчүүдийн нийтлэг гаргадаг алдааны талаар ярилцахад, тэрбээр,

Өдөрт хүүхэдтэйгээ 9-хөн минут ярилцахад хүүхдийн сэтгэлзүй тогтвортой болж эхэлнэ

"Эцэг эхчүүдийн нийтлэг гаргадаг алдаа бол хүүхдэдээ хэт их хараа хяналт тавьдаг. Үргэлж шилдэг, мундаг байхыг шаарддаг. Төгс сайн хүүхэд байх шаардлагыг ч тавьдаг. Үүнээс үүдэн хүүхэд төгс төгөлдөрийн зөрчилтэй, өөртөө итгэлгүй, аймхай болж өсдөг. Мөн эцэг, эхчүүд хүүхдээ аливааг ойлгохгүй гэж боддог учир хүүхдээ дутуу үнэлэх, ойлгохгүй байх хандлага гаргадаг.

Угтаа хүүхдийн хамгийн их цагийг өнгөрөөдөг газар, хүмүүс бол гэр бүл шүү дээ. Гэтэл хүүхэд өнөөдөр болсон бүхий үйл явдлаа ярих гэхээр юундаа санаа зовдог юм, юугаар дутаасан юм, хүүхэд байж яагаад стресстдэг юм гэх зэргээр яриаг нь таслах, зөв ярьж байгааг нь буруушаах бүр шүүмжлэх хандлага гаргадаг нь цаашдаа хүүхдүүд эцэг, эхдээ сэтгэлээ нээж ярихад нь саад болдог. Тиймээс дараа, дараагийн удаа хүүхэд ээж, аавтайгаа ярилцахгүй байх шалтгаан болдог.

Ерөнхийдөө эцэг, эхчүүд маань хүүхэддээ өдөрт 9-хөн минутыг зарцуулж чадвал хүүхдийн сэтгэлзүй тайван, тогтвортой болж өгдөг. Гэхдээ ярилцахдаа шүүмжлэх бус хүлээцтэй сонсох хэрэгтэй. Хүүхэд магадгүй буруу зүйл яривал тэр дор нь буруутгах бус хэдэн цагийн дараа эсвэл маргааш нь энэ нь буруу шүү, ээж, аав нь үүнийг буруу үйлдэл гэж харж байна ч гэдэг юм уу аль болох харилцан ойлголцох хэрэгтэй.

Өмнө хэлсэнчлэн амиа хорлолтын үндсэн шалтгаан нь сэтгэл гутрал гэсэн шүү дээ. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, асуудлыг хамт шийддэг байвал бидний айгаад байгаа энэ асуудал бага багаар үгүй болно" гэв.

Бид энэхүү хөндөх сэдвээрээ дамжуулан өсвөр насны хүүхдүүдэд амиа хорлолтын талаарх мэдээллийг хүргэх гэсэнгүй. Харин амиа хорлолтоос урьдчилан сэргийлэхэд эцэг эхчүүд хийгээд гэр бүл, найз нөхөд хэрхэн үүрэг хүлээх талаарх мэдээллийг бэлтгэн хүргэлээ. Магадгүй хүүхэдтэйгээ ярилцаж чаддаггүй, ярилцаж байна гэж ойлгодог ч төдийлөн зөв харилцдаггүй эцэг эхчүүд байвал энэхүү нийтлэлээр өсвөр насны хүүхдээ хэрхэн ойлгож, аюултай үйлдэл хийхээс урьдчилан хамгаалж чадах хүн нь та өөрийгөө гэдгийг ойлгуулахыг хүслээ.

Н.Лхагвадоржийг АН-ын Хэрэг эрхлэхийн газрын даргаар томилжээ
Н.Лхагвадоржийг АН-ын Хэрэг эрхлэхийн газрын даргаар томилжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.