Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотоо гутаасан самбараас өөр сурталчлах арга алга уу?

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 6 секунд


Улсын их хурлын найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор зургадугаар сарын 02-ноос эхлээд байна. Сонгуулийн сурталчилгааны эхний өдрөөс Улаанбаатар хот самбарын хот болж хувирчээ. Хотын төв, талбай, гудамж, явган хүний зам, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, машин зам гээд сурталчилгааны самбар байршуулаагүй газар алга. Иргэдийн зүгээс зурагт самбарыг явган хүний зам хааж тавьсан, ногоон байгууламжийг ухаж байршуулсан байна гэх мэт шүүмжлэл тасарсангүй.

Сонгуулийн сурталчилгааны зурагт самбарыг байршуулж буй хэлбэрийн талаар иргэдийн үзэл бодлыг сонслоо.


Баянзүрх дүүргийн иргэн Б Хотын өнгө үзэмжинд нөлөөлж байна

Хэрэгтэй хүндээ хэрэгтэй л байх. Энэ тэндгүй баахан зураг. Хэн болох, аль нам нь ч мэдэгдэхгүй. Гудамжаар учир нь олдохгүй баахан зураг байршуулцан нөгөөдөх нь урагдаж, тасраал энэ тэнд хог болж харагдах юм. Хотын өнгө үзэмжид хүртэл нөлөөлж байна шүү дээ. Тэрний оронд өөрсдөө биеэрээ яваад иргэдтэйгээ уулзаж, өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг амаараа танилцуулаад явсан нь дээр юмсан.

Баянзүрх дүүргийн иргэн Б.Наранбаяр:Нэг дор эмх цэгцтэй байрлуулах хэрэгтэй

 Ингэж нэг нэгээр нь байршуулах нь буруу л гэж бодож байна. Үүний оронд нэг дор танилцуулгуудаа байршуулвал ядаж эмх цэгцтэй, мэдээллийг нь ч гэсэн харицуулж харахад амар байхсан.

Чингэлтэй дүүргийн иргэн Г.Оюунчимэг: Стандарт байдаг бол дагаж мөрдөөсэй

Сонгуулийн сурталчилгааны хуулинд бол ийм танилцуулга сурталчилгаа байршуулах ёстой гээд заасан л байдаг юм билээ. гэхдээ жоохон эмх цэгцтэй байх хэрэгтэй шүү дээ. Сонгуулийн сурталчилгаа эхлээд л энэ тэндгүй самбарууд. Явган хүний зам, ногоон байгууламж дээр хүртэл тавьцан байх жишээтэй. Тодорхой стандарт байдаг бол түүнийгээ дагаж мөрдөх хэрэгтэй, байхгүй бол стандарт тогтоож эмх цэгцтэй болгохгүй бол учир нь ойлгогдохгүй баахан самбар болчихсон байна.


Монгол улсын сонгуулийн сурталчилгааны хуулийн заалтанд зурагт самбар ашиглах тухай зүйлчлэж өгсөн байдаг. Үүнд: 

42.1.Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар, дэлгэц ашиглаж болох ба зурагт самбар, дэлгэц нь нэг хэсэгт 10-аас илүүгүй байна.

42.8.Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж, талбайд байрлуулсан сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэцийг гэмтээх, устгахыг хориглоно.

42.9.Зурагт самбар, дэлгэцийг байрлуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно.

Гэтэл уг хуулийн заалтууд хэрэгжиж байгаа нь маш ховор харагдах юм. Сонгуулийн жил бүр иргэдийн зүгээс шүүмжлэл авдаг хэдий ч өнөөдрийг хүртэл энэ тэндгүй том самбар, явган хүний зам, ногоон байгууламж дээгүүр байрлуулсан хэвээр байна. 


Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа сонгуулийн тухай хуулиар улс  төрийн нам болон нэр дэвшигчид хэвлэмэл  материал тараах хэмжээг зааж өгсөн байдаг. Уг сонгуулийн заалтын гол зорилго бол мөнгөний сонгууль болохоос урьдчилан сэргийлэх, сонгуулийн зардлыг багасгах,  тэгш өрсөлдөх боломжийг бүрдүүлж өгч байгаа хэрэг.


Б.БАТТУУЛ: Нэг нэр дэвшигч сурталчилгааны зардалд ойролцоогоор 1 тэрбум төгрөг зарцуулдаг

Хуульч, судлаач Б.Баттуултай сонгуулийн сурталчилгааг хэрхэн зардал бага, зөв зохистой зохион байгууллах талаар ярилцлаа.

Гадуур байрлуулаад байгаа  сонгуулийн сурталчилгааны А самбарыг хамгийн зөв шийдлээр, хэрхэн зардлыг нь багасгах боломжтой вэ?

Жишээ нь: Японд сонгуулийн сурталчилгааны самбарыг тойрог тойргоор нь  нэг дор байрлуулахаар зохицуулж өгсөн байдаг. Уг самбарын зардлыг сонгуулийн хорооноос гаргадаг. Тухайн нэр дэвшигчид үнэгүй өөрсдийн танилцуулгаа байршуулах боломжтой . Энэ зохицууулалт нь  зардлыг маш их хэмнэдэг.  Харин манай улсын хувьд сонгуулийн сурталчилгааны самбарын зохицуулалт жил бүр хэл ам дагуулсаар, шүүмжлэлд өртсөөр ирсэн. Явган хүний зам дээр байрлууллаа, энэ тэнд унаж байна гэх мэтээр олон асуудал дагуулахаас гадна маш их зардал гаргадаг. Тэгэхээр энэ хэлбэрийг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй. Өөрчлөх дизайн, хэлбэр аль хэдийн бусад оронд туршигдаад хэрэгжээд явж байна. Эдгээр жишиг болж байгаа улс орны сонгуулийн сурталчилгааны хэлбэрийг Монголдоо нэвтрүүлэх хэрэгтэй байгаа юм.

Зөвхөн сурталчилгааны самбарын хувьд гэхэд л нэлээдгүй их мөнгийг зарцуулж байна. Тэгвэл нэг нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаанд нийт хэдий хэр хэмжээний мөнгө зарцуулдаг вэ?

-Сонгуулийн сурталчилгааны зардал дээр багахан хэмжээний судалгаа хийсэн юм. Гэтэл нэг нэр дэвшигч сурталчилгааны зардалд ойролцоогоор нэг тэрбум төгрөг зарцуулж байгаа гэсэн дүгнэлт гарсан. Жишээ нь: Сүхбаатар дүүрэгт 100 мянга орчим хүн амьдардаг. Үүнээс 200 хүн тутамд нэг ухуулагч байна. Нэг ухуулагчийн цалин  хамгийн багадаа 500 мянган төгрөг.  Ингээд тооцоод үзэхэд зөвхөн ухуулагчийн цалин нийтдээ 250 сая төгрөг болж байгаа юм. Ингээд цаашлаад хүний нөөц, материал, хэрэгслүүдийг нь тооцоод үзэхэд  нэг тэрбум төгрөг гарч байгаа юм.

Тэгвэл эдгээр сонгуулийн сурталчилгаанд зарцуулж буй мөнгийг хэрхэн багасгах боломжтой вэ?

-Нэгдүгээрт: Хүний нөөцийн зардлыг багасгах нэг арга бол олон улсын жишгээс үзэхэд сайн дурын ажилчдыг ажилуулах. Яагаад гэхээр сонгуульд сайн дураар ажилласан гэдэг нь тухайн хүнийг тодорхойлох нэг хүчин зүйл болж өгдөг. Дараа нь сургууль болон ажилд ороход нь нөлөөлдөг гэсэн үг.

Хоёрдугаарт: Хэвлэл мэдээллийн сурталчилгааны зардлыг багасгах. Манай улсын хувьд хэвлэл мэдээлэлд зарцуулж буй зардлыг тооцоолох боломжгүй байдаг. Яагаад гэхээр хэвлэлд өгсөн мөнгө, хэвлэлээс гаргаж байгаа тайлан дээрх мөнгөн дүн зөрдөг. Заримдаа нууц байдаг. Гэсэн хэдий ч сонгуулийн сурталчилгаанд зарцуулж буй мөнгөн дүнгийн 60 гаруй хувийг хэвлэлд зарцуулдаг гэж дүгнэж байгаа. Үүнийг багасгах олон арга бий. Олон улсад хэрэгжүүлж ашиглаж байгаа аргуудаас дурьдвал: Үнэ төлбөргүй хэвлэлээр гаргах боломжийг нь олгодог. Олон нийтийн телевизээр цаг минутыг нь өгөөд том, жижиг нам гэлтгүй яг ижилхэн өөрсдийн мөрийн хөтөлбөр, танилцуулах боломжийг бүрдүүлж өгдөг. Хувийн телевизүүдэд улсаас татаас өгдөг. Нэр дэвшигчдийг танилцуулгыг төдөн минутаар, ингэж гаргана шүү гэсэн зааврыг өгөөд сурталчилгааг нь гаргасантөлбөрийг улсаас нь төлчихдөг гэсэн үг. Мөн ижил гарааг бий болгож өгдөг. Энэ бие даан нэр дэвшиж байгаа эсвэл хөгжлийн бэрхшээлтэй, бэлгийн цөөнх гэх мэт бүлгийн нэр дэвшигчдэд мөнгөн тусламж олгодог гэсэн үг юм.

 

Л.Мөнхтүшиг: Польшид нас барсан оюутан эх орондоо буцах хүсэлт гаргаагүй
Л.Мөнхтүшиг: Польшид нас барсан оюутан эх орондоо буцах хүсэлт гаргаагүй
 
Нэгдүгээр ангийн 28.519 сурагчийн 78 хувь нь шүдээ бүрэн угаадаггүй гэж оношлогджээ
Нэгдүгээр ангийн 28.519 сурагчийн 78 хувь нь шүдээ бүрэн угаадаггүй гэж оношлогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.