Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОЮУ ТОЛГОЙ: Ил болон гүний уурхайгаас 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500,000 тонн зэс олборлоно

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 4 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто Группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар газрын гадаргаас 1.3 км дор байрлах Оюу толгойн гүний уурхайн олборлолтыг эхлүүллээ. Энэхүү арга хэмжээнд Оюу толгойн ажилтнууд, удирдлагууд, Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүд, ханган нийлүүлэгчид оролцож, Оюу толгойн олборлолтыг эрчимжүүлж, дэлхийд тэргүүлэх зэсийн уурхай болоход чухал ач холбогдолтой зорилт биелж буйг тэмдэглэсэн юм.

Монгол Улсын Засгийн газар, Рио Тинто компани 2022 оны нэгдүгээр сард хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргаж, Оюу толгойн гүний уурхайн төслийг урагшлуулах хэлэлцээрт хүрснээс хойш гүний уурхайн 30 хүдэр буулгуурыг тэсэлж олборлолтоо эхлүүлж байна. Энэ эрчээрээ 2030 он гэхэд Оюу Толгой дэлхийн дөрөв дэх том зэс үйлдвэрлэгч болоод зогсохгүй олборлолтын зардал хамгийн бага уурхайнуудын тоонд багтах юм. Одоогоор хүдрийг Хойд Хюго ордын ашиглалтын нэгдүгээр давхрын Панел 0 талбайгаас олборлож байгаа бөгөөд ирэх жилүүдэд үйлдвэрлэлийн хэмжээг шат дараатай нэмэгдүүлнэ. Монгол Улс дахь Рио Тинтогийн түншлэл болох Оюу толгойн ил уурхай, баяжуулах үйлдвэр сүүлийн 10 гаруй жил амжилттай үйл ажиллагаа явуулж, уурхайн 20,000 орчим ажиллах хүчний 97 хувийг Монголчууд бүрдүүлж байна. Оюу Толгой нь үндэсний 500 гаруй ханган нийлүүлэгчидтэй хамтран ажилладгаас гадна 2010 оноос хойш дотоодод нийт 15 тэрбум ам.доллар зарцуулснаас татвар, хураамж болон бусад төлбөрөөр дамжуулан 4 тэрбум ам.долларыг улсын төсөвт төлөөд байна. Ордын хамгийн агуулга сайтай хүдрийг олборлох үүдийг нээн бүх оролцогч талуудад өгөөжөө хүртээх гүний уурхай нь 7 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалттай бүтээн байгуулалт юм. Оюу Толгойн ил болон гүний уурхайгаас 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500,000 тонн зэс олборлоно гэж тооцсон нь 6 сая цахилгаан автомашин үйлдвэрлэхэд хүрэлцэх хэмжээ бөгөөд дараагийн 30 орчим жилд дунджаар 290,000 тонн зэс үйлдвэрлэх юм.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид Рио Тинтогийн түншүүдтэйгээ Монгол Улсыг дэлхийн тэргүүлэх зэс үйлдвэрлэгчдийн нэг болоход чухал түүхэн мөчийг тэмдэглэж байгаадаа сэтгэл дүүрэн байна. Оюу толгойн гүний уурхайн олборлолт ийнхүү эхэлж байгаа нь бид хөрөнгө оруулагчидтай тууштай хамтран ажиллаж чаддаг итгэлтэй түнш гэдгийн тод жишээ юм. Монгол Улс цаашдаа ч олон улсын хөрөнгө оруулагч, түншүүдтэйгээ идэвхтэй, харилцан ашигтайгаар хамтран ажиллахад бэлэн байна" гэлээ.

Рио Тинто Группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Энэхүү чухал зорилтод хүрэхэд түншийн хувиар хичээн зүтгэсэн Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлье. Говь нутагт газрын гадаргаас доош 1.3 километрийн гүнд байгаа хүдрийн биеэс олборлолт эхлүүлж буй нь олон улсын зэсийн үйлдвэрлэл болон Монгол Улсын эдийн засгийн хөгжилд нэн чухал ач холбогдолтой. Энэхүү дэлхийд тэргүүлэх дэвшилтэт технологи бүхий уурхай нь нүүрстөрөгчийн хийн ялгарлалт шингээлтийг тэнцвэржүүлэхэд нэн чухал эрчим хүчний шилжилтэд үнэтэй хувь нэмэр оруулж, Рио Тинтогийн зэсийн бизнест өсөлт авчрах юм” гэдгийг онцлов.

Якоб Стаусхольм: Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийлээ
Якоб Стаусхольм: Гүний уурхайн олборлолтыг эхлүүлснээр Оюу Толгой дэлхийн хамгийн чухал зэс үйлдвэрлэгчдийн нэг болох эхний алхмаа хийлээ
 
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар  батлуулахаар зэхэж байна
Л.Мөнхбаясгалан: Сайд Л.Энх-Амгалангийн төсөл гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаарлалтгүй тогтоохоор заажээ. Ар хударгаар батлуулахаар зэхэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.