
Арван долоон жилийн дараа Монголчууд Рио Тинтотой Оюутолгойн хэлэлцээрийн ширээний ард сууж, тохиролцолд хүрсэн үйл явдал өнгөрөгч долоо хоногийн онцлох үйл явдал байв. Байгуулагдаад 100 хоноогүй байгаа энэ Засгийн газар наадмын өмнөхөн иргэддээ эдийн засгийн үр нөлөө бүхий чухал хэлэлцээр дээр бодит алхам хийж чадсанаа танилцуулсан нь энэ байсан билээ. Гэвч хэлэлцээрийн дараагаар "хөшигний цаана" ямар яриа өрнөв гэдэгт олон талын хардлагыг ч дагуулаад амжсан. Тэгвэл долоон сарын турш үргэлжилсэн энэ хэлэлцээрийн эргэн тойронд хөвөрч буй зарим "дуусдаггүй" асуултад хариулт эрье.
-НЭГ. 2023 оноос ногдол ашиг авах анхны төлөвлөгөө 2039 он хүртэл хойшилж, МУ-ын төслөөс хүртэх үр өгөөж буурсан тул хэлэлцээрийн ширээний ард суух үндэслэл бүрдсэн-

Юун түрүүнд яагаад хэлэлцээ хийх болов гэдэгт хариулт эрье. Үүний тулд багахан "түүх" сөхөх шаардлага үүснэ.
Монгол Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор Оюу Толгойн ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулж, 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагч талуудтай Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулан төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар 2011 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон хувилбарыг байгуулсан байдаг.
Харин анхны ТЭЗҮ-д төслийн 2010-2025 оны нийт хөрөнгө оруулалтыг 6.9 тэрбум ам.доллар байхаар тооцож, эхний шатны хөрөнгө оруулалтыг хувь нийлүүлэгчдийн өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, дараагийн хөрөнгө оруулалтыг уурхайн үйл ажиллагаанаас бий болох мөнгөн урсгалаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Ингэхдээ 2023 оноос ногдол ашиг хуваарилахаар тусгасан байв.
Гэвч төслийн хэрэгжилтийн явцад хөрөнгө оруулалтын хэмжээ болон санхүүжилтийн бүтэц анхны төлөвлөгөөнөөс мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Тухайлбал, 2025 оны эцсийн байдлаар нийт хөрөнгө оруулалт 17.2 тэрбум ам.долларт хүрч, анхны тооцооноос 10.3 тэрбум ам.доллар буюу 148 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ нийт санхүүжилтийн 81 хувийг зээлийн эх үүсвэр бүрдүүлж, төслийн өрийн дарамт эрс нэмэгджээ.
Анхны төлөвлөгөөгөөр Монголын тал 2023 оноос ногдол ашиг хүртэхээр байсан бол одоогийн нөхцөлөөр энэ хугацаа 2039 он хүртэл хойшилж, Монгол Улсын төслөөс хүртэх нийт үр өгөөжийн төсөөлөл 53 хувиас 35–39 хувь хүртэл буурсан байна. Иймд хэлэлцээрийн ширээний ард сууж, монголын эрх ашигт нийцсэн тохиролцолд хүрэх шаардлага зүй ёсоор бий болсон.
-ХОЁР. Хоёр тал ЗУРГААН ГОЛ асуудал дээр тохиролцолд хүрсэн-

Оюу Толгой төсөл нь Монгол Улсын эдийн засгийн хамгийн том стратегийн төслүүдийн нэг. Энэ утгаараа төслийн санхүүгийн бүтэц, зээлийн нөхцөл, менежментийн үйлчилгээний төлбөр нь Монгол Улсын хүртэх эдийн засгийн өгөөжид шууд нөлөөлж ирсэн. Иймд Засгийн газар төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хэлэлцээг эхлүүлж, дээрх үндсэн зургаан гол асуудлыг шийдвэрлэх дээр тохиролцолд хүрсэн юм.
Хэлэлцээний үр дүнд төслийн нийт зардлыг ойролцоогоор 8.4 тэрбум ам.доллараар бууруулах, Монгол Улсын ирээдүйд хүртэх эдийн засгийн өгөөжийг 4 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх нөхцөл бүрдэв.
-ГУРАВ. МУ-ын хүртэх өгөөжийг 1.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ТОХИРОЛЦОЛ-

Тохиролцооны үр дүнд бидэнд ямар үр ашиг ирэх вэ.
Засгийн газар дээр байгуулагдсан хоёр ажлын хэсгийн нэг нь менежментийн төлбөрийг бууруулах ажлын хэсэг юм. Эл ажлын хэсгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ахалсан байдаг. Түүний мэдээлснээр Монгол Улс менежментийн төлбөр гэж 3 давхар төлбөр төлж байжээ. Тодруулбал,
- -Үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын 6 %
- -Төслийн санхүүжилтийн хүү, шимтгэлээс 6 %
- -Давхардуулсан Рио Тинто SOW үйлчилгээнд жилд 27.27 сая ам.доллар тус, тус төлдөг.
Энэ нь ойролцоогоор 10 хувь хүрч байсныг хэлэлцээрийн үр дүнд 3.95 руу оруулав. Ингэснээр хоёр төлбөрийг шууд тэглэх буюу байхгүй болгож, улмаар 2.2 тэрбум ам.долларын зардлыг тэглэсэн. Ингэснээр Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцоо гарч байна.
-ДӨРӨВ. МУ-ын хүртэх өгөөжийг 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэх ЗЭЭЛИЙН ХҮҮГИЙН ТОХИРОЛЦОЛ-

Тохиролцооны үр дүнд бидэнд ямар үр ашиг ирэх вэ.
Засгийн газар дээр байгуулагдсан хоёр ажлын хэсгийн нэг нь зээлийн хүүг бууруулах ажлын хэсэг юм. Эл ажлын хэсгийг Сангийн сайд З.Мэндсайхан ахалсан байдаг. Тохиролцооны үр дүнд “Оюу Толгой” ХХК-ийн ХНЗ-ийн хүүг бууруулснаар хүүгийн зардал 2026–2051 оны хугацаанд ойролцоогоор 6.2 тэрбум ам.доллараар буурч, Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум ам.доллараар нэмэгдэх тооцоо гарчээ.
Ингэснээр төслийн санхүүгийн тогтвортой байдал сайжирч, Монгол Улсын хүртэх нийт үр өгөөжийг урт хугацаанд нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж үзэж буй аж.
-ТАВ. Хэлцэл хийгээгүй бол монголчууд энэ жил биш 13 жилийн дараа ногдол ашиг авна -

Тэгвэл энэ хэлэлцээрийг хийхгүйгээр, тус төсөл дээрх санхүүжилтийн бүтэц энэ хэвээр үргэлжилсэн бол бидэнд ямар асуудал үүсэх байсан бэ гэдэгт хариулт эрье.
Монголын тал 2039 он хүртэл ногдол ашиг авахгүй буюу анхны төлөвлөгөөнд туссан үр дүнгээ хүртэж чадахгүй. Улмаар 2026–2038 онд бий болох чөлөөт мөнгөн урсгалын дийлэнх хэсэг хувь нийлүүлэгчдийн зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт л зарцуулагдах төлөвтэй байв
Иймээс Монгол Улсын Засгийн газар төслийн санхүүжилтийн өртгийг бууруулах, хувь нийлүүлэгчдийн зээлийн нөхцөлийг сайжруулах, менежментийн үйлчилгээний төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, улмаар Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийсэн.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!