Өчигдөр УИД-ийн 5-7 давхарт гал гарч их хэмжээний хохирол учирлаа. Галын шалтгааныг тодорхой болгохоор холбогдох албаныхан ажиллаж байгаа. Яг үнэндээ УИД-т ноцсон галаас илүү ноцтой баримт байсаар ирснийг энэ удаагийн сурвалжилгаар онцолж байна.
“УИД” ХК нь нийт 36,807,850 ширхэг энгийн хувьцаатай, үүнээс томоохон хувьцаа эзэмшигч нь нийт хувьцааны 61.19 хувийг эзэмшдэг. Үлдсэн хувийг 44799 жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг ажээ. Тиймээс уг хохирлын 39 хувь нь ард түмний хохирол болж байгаа юм.
Бүтэн зууны түүхтэй уг дэлгүүрийг 1999 онд гарсан Засгийн газрын тогтоолын дагуу алдарт цэнхэр, ягаан тасалбараар нээлттэй хувьчилж олон нийтийн хувьцаат компани болгосон байдаг. Гэвч уг хувьцааны дийлэнхи нь “Номин Холдинг” ХХК-д цугларч “УИД” ХК-ний удирдах зөвлөлийг бүрдүүлэх болсноор Ш.Баярсайханы амины өмч болон хувирчээ.
“УИД” ХК төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр “Номин Реалтор” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж ингэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэ тохирч харин “Номин реалтор” цаашаа бусад түрээслэгчдэд зах зээлийн үнээр түрээслэдэг санхүүгийн схем олон жилийн өмнөөс ил тод болсон.
Урсгал зардлаа ч төлж дийлэхгүй шахуу үнээр талбайгаа түрээслүүлээд “УИД” ХК өөрөө өрөнд ороод сууж байдаг гэсэн үг. Ингэж өрөнд орж алдагдал хүлээх бүртээ “Номин Реалтор” ХХК-наас УИД мөнгө зээлдэг. Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар “УИД” ХК нь 3.1 сая ам.долларыг “Номин реалтор” компаниас зээлсэн бөгөөд сарын 1.44 хувийн хүү төлж байна. “УИД” ХК-ний нийт зардлын 70%-ийг зээлийн хүүгийн төлбөр эзэлдэг бөгөөд жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа вальютын ханш ч нэрмээс болдог гэнэ.
Хамгийн ноцтой нь долларын зээлийг компанид олгодоггүй, төлбөр тооцоог төгрөгөөр хийх Монгол Улсын хууль үйлчилсээр байхад холбогдох байгууллагууд нь УИД-ийн өмнө хүчгүйдэж, өвдөг сөхөрч ирсэн нь хачирхалтай.
Ийнхүү 2002 оноос хойш “УИД” ХК алдагдалтай ажилласаар 2019 оны байдлаар 6.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.Товчхондоо 60 орчим хувийг эзэмшдэг нэг бүл ашиг орлогоор тэргүүлж, бизнесийн акул болтолоо мандан бадарсан харин 40 орчим хувийг эзэмшигч 44.0 мянган иргэнд алдагдал, хохирлоос өөр юу ч байхгүй явсаар өдийг хүрчээ. 2001 онд 30 мөнгө, 2007 онд 3 төгрөгийн ногдол ашиг хуваарилсныг өнөөдөр ч жижиг хувьцаа эзэмшигчид нь авч болох гэнэ. 3.3 төгрөг авах гээд 500 төгрөгөөр автобусанд суугаад УИД-д очих ёстой юм байх.
Ингэж олон жил хохирч ирсэн хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалж, шүүхэд нэхэмжлэх төрийн эрх бүхий байгууллага байхгүй, 2014 он хүртэл хууль эрх зүйн зохицуулалтгүй явж иржээ.
Харин 2015 оноос Санхүүгийн зохицуулах хороо хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалж шүүхэд хандах эрхтэй болсон бөгөөд “УИД“ ХК-ийг компаний бие даасан байдлыг алдагдуулан төлбөрийн чадваргүй болгож, үнэ цэнийг нь бууруулан, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчсөн” гэх үндэслэлээр шүүхэд өгсөн боловч иргэний хэргийн шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Үүний дараа 2017 онд СЗХ болон “УИД” ХК хооронд “УИД ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ, БИЕ ДААСАН БАЙДЛЫГ ХАНГУУЛАХ ГЭРЭЭ”-г байгуулсан боловч огт хэрэгжээгүй гэж эх сурвалж баталж байна. Улмаар 2019 оны 02-р сард УИД-ийн орлого, зарлагын бодит байдлыг тогтоохоор СЗХ-ноос шалгаж эхэлсэн гэх боловч шалгалтын үр дүнгийн талаар ямар ч мэдээлэл алга байна. Бүхэл бүтэн 44.0 мянган хувьцаа эзэмшигчтэй, хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй нэг том компанийх нь засаглал иймэрхүү, хувь эзэмшигчдээ хохироодог санхүүгийн схем нь дархлагдсан байхад Монголд хөрөнгийн бирж, санхүүгийн зах зээлийн хөгжил мөгжил гэж цуурах хэрэг байна уу.