“Миний бие дүр нас өндөр, бие чилээрхүү болжээ. Иймд амьтны тусыг төдийлөн сайн үйлдэж чадсангүй. Миний дараагийн X дүр Монгол орондоо Монгол хүн болж, шашин амьтны тусыг агуу ихээр бүтээх болно” хэмээн IX Богд Живзундамба айлдсаны дагуу Монгол Улсаас X Богд тодроод буй. Тэгвэл өмнөх есөн дүрийн талаарх баримтуудыг хүргэж байна.
Богд Живзундамба хутагт I
Занабазар буюу Лувсандамбийжанцан /1635-1723 он/
Өндөр гэгээн Занабазар нь 1635 онд Халхын Түшээт хан Гомбодоржийн ууган хөвгүүн болж, түүний ойрад хатан Ханджамцаас одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд Ишдорж нэртэйгээр мэндэлжээ.
Занабазарыг таван настай байхад нь анхдугаар Богд Живзундамба хутагтын ширээнд залж, Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ. Тэрбээр бага наснаасаа Бурханы шашны судар хийгээд тарнийн сургаал, номлол, зан үйлд суралцаж, улмаар 1649 онд Цастын орныг зорин Банчин Чойжилжанцан Богдод бараалхан шавь орсон байна.
Занабазар шашны таван их ухааныг заалган, тус эрдмийг төгс эзэмшээд эх нутагтаа буцан ирж номын хүрээ хийд, сургуулийг олноор байгуулсан аж. Түүний Занабазар хэмээх алдар нь цэцэн билэг- (жнана), аянгат- (важра) гэсэн утгатай Санскрит гаралтай үг юм. Тэрбээр 1723 онд Бээжингийн Шар Сүмд нас баржээ. Шарил нь Амарбаясгалант хийдэд хадгалагдаж байсныг 1930-аад оны самуунаар "ногоон малгай"-тнууд гаргаж хаясныг нутгийн иргэд Бүрэн хаан ууланд нутаглуулсан ажээ.
Богд Живзундамба хутагт II
Лувсандамбийдонмэ /1724-1757 он/
Лувсандамбийдонмэ нь Халхын Түшээт хан аймгийн Эфү чин ван Дондовдорж болон Хотгойдын Баярт хатны хөвгүүн аж.
Манжийн хаан Живзундамба хутагтад зориулж сангийн зардлаар 1727-1736 онд Амарбаясгалант хийдийг бариулжээ.
Манж нар, халхууд II Богдыг тойрон хүрээлж, нэр нөлөөг нь тэмцэлдээ ашиглахаас ихэд болгоомжилж Долнуурт хүчээр аваачин цагдах болжээ. Тэрбээр эрүүл чийрэг, ид залуу 34 насандаа учир битүүлэг байдлаар нас эцэслэсэн бөгөөд үүнд Манжийн төрийн оролцоо байсан хэмээн үздэг. Түүний шарилыг Дамбадаржаа хийдэд алтан суваргад залжээ.
Богд Живзундамба хутагт III
Ишдамбийням /1758-1773 он/
Ишдамбийням нь 1758 онд Төвдийн Литанд түшмэл Данзангомбо, Норжинбаммо нарын хөвгүүн болон мэндэлжээ. Манж нар II Богдоос хойш Живзундамба хутагтын хойд дүрийг Төвдөөс тодруулахаар тогтсон байна.
Үүнийг эсэргүүцсэн монголчууд Богдын хойд дүрийг тодруулахыг оролдон долоон хүүхдийг товлосон байдаг. Манж нар монголчуудын эсэргүүцлийг үл ойшоон III Богд Живзундамба хутагтаар Төвдийн Литан газрын амбан Данзангомбын хөвгүүнийг тодруулан өргөмжилжээ. Түүнийг 1763 онд Монголд залж ширээнд суулгажээ. Их хүрээнд 1760 онд Манба дацан, 1765 онд Дамбадаржаагийн хийдийг үндэслэн байгуулсан бөгөөд 15 насандаа таалал төгсжээ. Түүний шарилыг Дамбадаржаа хийдэд алтан суваргад залсан байна.
Богд Живзундамба хутагт IV
Лувсантүвдэнванчүгжигмэджамц /1775-1813 он/
Лувсантүвдэнванчүгжигмэджамц нь 1775 онд Төвдийн нутаг Жидшодын гол хэмээх газар түшмэл Содномдаш, эх Янжинлхам нарын гэрт мэндэлжээ. Богд Живзундамба хутагт нь VIII Далай лам Жамбалжамцын ойр төрлийн садан юм.
Манжийн хаан Лувсантүвдэнванчүгжигмэджамцыг Халхын шарын шашны тэргүүн Богд Живзундамба хутагтаар тодруулан өргөмжилж, 1781 онд ширээнд залжээ.
IV Богд нь Винайн ёсыг сайтар сахидаг ариун санваартан байснаараа алдартай билээ. 1813 онд IV Богд таалал төгсчээ. IV Богдын айлдсан нэг боть шахам зохиол байдаг аж.
Богд Живзундамба хутагт V
Лувсанчүлтэмжигмэддамбийжанцан /1815-1841 он/
Лувсанчүлтэмжигмэддамбийжанцан нь Лхасын ойролцоо Гомбодондов, Ригзэнбүтэд нарын хөвгүүн болон 1815 онд мэндэлжээ. 1817 онд IV Богдын хойд дүрээр тодорч, түүнийг 1820 онд Их хүрээнд залжээ. Түүний үед Амарбаясгалант хийдэд IV Богдын шарилын суврага, 1834 онд Их хүрээнд Майдар дацан байгуулагджээ. 1838 онд Хүрээний сүм дуганыг өргөтгөн барьж, Гандантэгчэнлин гэж нэрлэх болжээ. Түүний шарилыг Гандантэгчэнлин хийдэд алтан суваргад залсан байна.
Богд Живзундамба хутагт VI
Лувсанбалдандамбийжанцан /1843-1848 он/
Лувсанбалдандамбийжанцан нь Лхасын ойролцоо 1843 онд Содномдаржаа, Лхамдолгор нарын хөвгүүн болон мэндэлжээ. Тэрбээр 1848 онд VI Богдоор тодорсон байна. Лувсанбалдандамбийжанцан нь Халхын Их хүрээнд хутагтаар залагдан ирээд удалгүй 49 өдрийн дараа хүнд өвчний улмаас таалал төгсчээ. Түүний шарилыг Дамбадаржаа хийдэд алтан суваргад залсан байна.
Богд Живзундамба хутагт VII
Агваанчойживанчүгпринлайжамц /1849-1868 он/
Агваанчойживанчүгпринлайжамц нь 1849 онд Лхасын ойролцоо Мягмар, Норовлхам нарын гэрт мэндэлжээ. 1854 онд VII Богдын хойд дүрээр тодруулан, Их хүрээнд залж номын ширээнд суулгажээ. VII Богдын арав гаруй насандаа айлдсан гүр дуулал нь Их хүрээний номын мэргэдийн дунд их алдаршсан аж. VII Богд Живзундамба хутагт 19 насандаа жанч халсан байна. Манжийн хааны зарлигаар1869 онд VII Богд Живзундамба хутагтын шарилыг Гандантэгчэнлин хийдэд шинэ алтан суваргад шилжүүлэн залжээ.
Богд Живзундамба хутагт VIII
Агваанлувсанчойжинямданзанванчүг /1869-1924 он/
VIII Богд Живзундамба хутагт Лхаст түшмэл Гончогцэрэн, Ойдовдулам нарын хөвгүүн болон мэндэлжээ. Таван настайдаа Живзундамба хутагтын хойд дүрээр тодорч Их хүрээнд заларчээ. Манжаас тусгаарлан салах хэмээсэн Халхын ноёдын санаачилгыг дэмжиж, эл хэргээр хаант Орост элч зарж байв. Тэрбээр “Монгол овогтон бүгдээр нийлж нэгэн улс болон тогтнох” лүндэн буулгаж байжээ. Халхын ноёд, лам нар 1911 онд Богд Живзундамба хутагтыг Монгол улсын хаан, шашин,төрийг хослон баригч түмэн наст Богд хаанаар өргөмжилсөн юм. VIII Богд Живзундамба хутагт 55 насандаа жанч халжээ.
Богд Живзундамба хутагт IX
Жамбалнамдолчойжижанцан /1932-2012 он/
Монголын бурхан шашинтны төвийн тэргүүнээр заларсан IX Богд Живзундамба нь 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэх газар Лувсанжамбал, Янжинлхамын гэрт төржээ. IX Богдыг дөрвөн настайд нь Халх Монголын наймдугаар богд Живзундамбын хойд дүрээр тодруулжээ. Найман настайдаа гэцүл сахил хүртэж, Жамбалнамдолчойжижанцан хэмээх сахилын нэртэй болсон байна.
Тэрбээр 1952 онд 21 настайдаа Дагдан Пунцоглин хийдэд шавилан сууж Жонан урсгал дамжлагыг даган залгамжлан суралцсанаас эхлээд хожмоо эгэл хүний амьдралаар хар бор ажил хийж явангаа шашны дэг зэргээ хамгаалж байжээ. Ингээд 29 нас хүртлээ номын өргөөнд шавилан сууж байгаад Энэтхэг улс руу дүрвэн гарсан бөгөөд 2010 оноос Монгол Улсад заларч, 2011 онд шашны тэргүүнээр заларч, 2012 онд жанч халжээ.
Богд Живзундамба хутагт X
XIV Далай лам Монголд 2016 онд айлчилж, хэвлэлийн бага хурал хийхдээ X Богд Жавзундамба хутагт Монгол Улсад мэндэлсэн болохыг олон нийтэд зарласан. Гэхдээ нас балчир байгаа тул чухам ямар хүүхэд тодорсон талаар мэдэгдээгүй. Харин энэ жилийн сар шинийн 3-ны билэгт сайн өдөр X Богдыг тодруулж, залсан.
Х Богдтой холбоотой Түүхийн ухааны доктор, Богд судлаач О.Батсайханы ярилцлагыг ЭНД дарж уншаарай