Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮХНӨ: Үнэхээр Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй юу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
27 минут 0 секунд

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр тохиож байнаҮндсэн хуулийг өөрчлөх эсэх талаар олон нийт өргөнөөр хэлэлцэж буй энэ үед 1992 оны шинэ Үндсэн хуульд буй олон асуудлаас хамгийн чухал боловч ихэнх хүний анзаарахгүй байгаа чухам тэр л асуудлын талаар цувралаар авч үзэж, шинжлэхийг зорьлоо. Энэ бол өөр юу ч биш УИХ-ын гишүүдийн тооны асуудал юм. Товчхондоо бол манай улсын хувьд 76 гишүүнтэй байх нь хэт цөөн байгаа юм. Манай Үндсэн хуульд өөр олон асуудал байсаар буй боловч нийтлэлийг бичигч би бээр бусад асуудлын талаар ямар нэг байр суурь илэрхийлэхгүй бөгөөд тэдгээрийг өөрчлөх эхлэлийн цэг болно гэдэг утгаар бүхий л асуудлын чухамхүү түлхүүр гол цэг гэж үзэж буй учир гишүүдийн тооны асуудлыг авч үзсэн болно. Мөн түүнчлэн нийтлэл бичигч нь улс төрийн намын харьяалалгүй бөгөөд аль нэг намын байр суурийг болон аливаа онол, сургаалийг зөв гэж авч үзэж, баримтлахгүй гагцхүү эргэцүүлэх сэтгэлгээгээр бидний үзэж туулсан амьдралын туршлага, хязгаарлагдмал ч гэлээ ард иргэд бидэнд ил байсан мэдээлэлд үндэслэн шинжлэх болно. Ингэхдээ хөндлөнгөөс ингэх ёстой гэсэн маягаар бус тухайн тогтолцоон дахь хувь хүний оронд өөрийгөө тавих замаар асуудалд хандсан болно. Иймийн тул уншигч танаас мөн адил аль нэг намд харьяалуулах өнцөгөөр бус, тайлбар нь үндэслэлтэй, логиктой байгаа эсэх талаар өөрийн саруул ухаанаар тунгаан бодож хүлээн авахыг хичээнгүйлэн хүсье. Хууль тогтоох үйл ажиллагаа хэрхэн явагддаг, гишүүдийн эрх мэдэл хэрхэн хэрэгждэг, бусад улсуудтай харьцуулахад манай улсын гишүүдийн тоо ямар түвшинд байна гэсэн асуудлуудыг авч үзсэнээр гишүүдийн тоо яагаад тийм чухал вэ гэдэг нь тодорхой болох болно.

Хууль тогтоох үйл ажиллагаа хэрхэн явагддаг вэ?

Аливаа улсын парламент байнгын хорооны зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулдаг болохыг олон иргэд тэр болгон мэддэггүй юм. Өөрөөр хэлбэл улс улсын парламентын гишүүд нь бүх асуудлыг бүгдээр авч хэлэлцэх боломжгүй байдаг тул мэргэжлийн байнгын хороодод хуваагдан нийт гишүүдийн хурлаар орохоос өмнө асуудлыг шийдвэрлэх хэлбэрээр явдаг. Тухайлбал манай УИХ 11 байнгын хороотой ажиллаж байна. Тухайн асуудлыг байнгын хорооны хурлаар авч үзээд дэмжигдсэн тохиолдолд нийт гишүүдийн хурлаар хэлэлцэнэ. Ингэх нь парламентаар хэлэлцэх асуулдыг илүү мэргэжлийн түвшинд, илүү хурдтайгаар хэлэлцэх боломж олгодог. Парламентаар шийдвэрлэх ёстой олон хууль, тогтоомжийг бүгдийг нь бүгд нийтээр авч хэлэлцэх нь цаг хугацааны хувьд боломжгүй бөгөөд гишүүн нэг бүрийн мэдлэг, ур чадварын үүднээс ч боломжгүй юм. Аливаа хүн өөрийн үндсэн мэргэжил болон магистр, докторын зэрэг боловсрол болон өөрийн сонирхлын хүрээнд хоёроос гурван салбарын талаар мэдлэгтэй байна гэдэг тийм ч олон хүний чадаад байдаг зүйл биш болно. Өөрөөр хэлбэл шууд бүх асуудлыг нийт гишүүдээр хэлэлцлээ ч ихэнх гишүүд нь өөрт ойр салбараас бусад асуудлыг хэлэлцэхэд бодитой хувь нэмэр оруулах боломжгүй байх болно.

Манай УИХ-ын хувьд дундажаар 17.3 гишүүнтэй 11 байнгын хороотойгоор ажиллаж байна. УИХ-аас нэг гишүүнийг хоёроос гурван байнгын хороонд давхар харьяалуулах замаар давхардсан тоогоор нийт 11 байнгын хороонд 191 гишүүнтэйгээр ажиллаж байна. 76 гишүүнийг 11 байнгын хороонд давхардуулалгүйгээр хуваавал нэг байнгын хороонд дундажаар 7 хүн ногдож, 4 хүнээр ирц бүрдэн, 3 хүний саналаар асуудал шийдэгдэх тул хүчээр байнгын хорооны бүрэлдэхүүнийг өргөтгөхийн тулд давхар оруулсан хэрэг.

Мөн манай УИХ-ын 8 байнгын хороо 19 гишүүнтэй бусад 3 нь 10, 12, 17 гишүүнтэй байгаа бөгөөд хамгийн олондоо 19 гишүүнтэй байнгын хорооны ирц 10 хүнээр бүрдэж, 6 хүний саналаар Монгол Улсын бүхий л гол гол салбарын асуудал шийдэгдэх боломжтой байна гэсэн үг. Энэ бол зөвхөн онолын хувьд боломжтой гэдгээр зогсохгүй практикт нийтлэг тохиолддог зүйл юм. Манай үе үеийн хууль тогтоогчид байнгын хорооны хуралд биеэр суух нь ховор бөгөөд 19 гишүүнтэй байнгын хорооны хуралд 3, 4 гишүүн орж ирээд хажуу талын кнопуудаа дарах замаар санал хураалт явагдах нь элбэг. Энэ нь дээр цухас дурдсан гишүүдийн хувь хүний мэдлэг, ур чадварын үүднээс аваад үзвэл рационал шийдвэр гаргасны үр дүн болно. Өөрөөр хэлбэл нэгэнт хуралд суугаад ойлгох асуудал ховор, өөрийн (энд хувь гишүүний болон түүний харьяалагдах нам, эсхүл хамаарал бүхий этгээдүүдийг нийлүүлэн хэлэв) эрх ашиг хөндөгдөхгүй тохиолдолд УИХ гишүүний бусад ажлаас гадна ар араасаа товлогдох байнгын хорооны хуралд зарцуулах цаг, гарах үр дүнг бодоод үзвэл намын нөхөртөө картаа өгөөд явуулах нь ойлгож болохоор шийдвэр болно. Нөгөө талаас УИХ 2022 онд 34 бие даасан хууль, 585 нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, 82 тогтоол баталсан байх бөгөөд эдгээр нь цаанаа холбогдох тооцоо, судалгаа, үзэл баримтлал, танилцуулга гээд дагалдах олон хуудас материалтай байдаг ба хавар, намрын чуулганаар нийт хуульд заасан 150 хоног хуралдсан гэж баримжаагаар тооцоод үзвэл өдөр болгон 5 орчим баримт бичиг баталж байна гэсэн үг болно. Гишүүд баталж буй баримт бичгүүдээ бүгдийг уншиж танилцах боломжгүй бөгөөд мэргэжлийн байнгын хорооны санал дүгнэлтийг ерөнхийдөө дагаж санал өгөх магадлал өндөр, өөр ашиг сонирхол нь хөндөгдөх хэн нэгэн хүн гишүүдэд асуудлыг тайлбарлаж, хэлэх үгийг зааж өгөхгүй бол өөрийн салбарын асуудлаас өөр салбарын хэлэлцүүлэгт тэр болгон оролцох боломжгүй байдаг.

Гэвч энд хэлэхийг зорьсон гол санаа бол УИХ гишүүний рационал шийдвэрийн тухай бус Монгол Улсын хувь заяа 76-гийн олонхи буюу 39 хүнээс бус 6 хан хүний шийдвэрээс үнэндээ хамаарч байгаа явдал болно. Асуудлыг эсрэг талаас нь харвал асуудал нийт гишүүдийн хурлаар орохоос өмнө байнгын хорооны олонх болсон 6 хүний саналаар шийдэгдэнэ гэсэн үг болно. Өөрөөр хэлбэл нэгдмэл эрх ашиг бүхий 6 гишүүнд таалагдахгүй аливаа зүйл, заалт нийт гишүүдийн хуралдаанд анхнаасаа орж ирэхгүй байх боломжтой байна. Энэ бол УИХ-ын гишүүд хэт их эрх мэдэлтэй байгаагийн нэг эх сурвалж болно.

Аливаа улсын парламент байнгын хороонд хуваагдаж асуудлыг хэлэлцэх нь үйл ажиллагааны үр ашгийн үүднээс харвал зайлшгүй зүйл бөгөөд манай улсын хувьд хууль тогтоогчид хүчээр гишүүдийг давхар харьяалуулах замаар байнгын хороодыг 19 хүнтэй болгосон байгаа ч 6 хүнээс улс орны хувь заяа хамаарахаар байгаа нь өнөөгийн Үндсэн хуульд байгаа суурь асуудал, гажиг болно.

Хүн гэдэг тодорхой нэг тогтолцоонд оршиж, үйл хөдлөл хийхдээ богино хугацаанд тогтолцооны гажигийг олж харахгүй байж болох ч урт хугацаанд бол заавал тэр гажигт зохицсон буюу тухайн тогтолцооны хувьд рационал үйлдэл гаргадаг. Өөрөөр хэлбэл 1992 оны үндсэн хууль хэрэгжих хугацаанд УИХ-ын гишүүд өөрт байгаа дээр дурдсан эрх мэдлийг зүгээр л мэдээгүй өнгөрөх, санаатай, санамсаргүйгээр ашиглах тохиолдол байсан бол сүүлийн жилүүдэд илүү ухамсартайгаар ашигладаг болж байгаа харагдана. Жишээлбэл, саяханы жишээг авч үзвэл хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг санаатайгаар өөрчилж тэр заалтын дагуу олон хүний хэрэг хэрэгсэхгүй болжээ. Цөөн хэдэн гишүүд өөрсдийн зорьсон чиглэлээр хууль батлуулсан байх боломжтой юу? Ийм жишээг өөр олон хууль, тогтоолын жишээн дээр ч харж болно. Монгол Улсад хууль тогтоомж цоорхойтой байгаа талаар олон нийт шүүмжлэлтэй байдагийн цаад шалтгаан нь хууль боловсруулагчид мэдлэг, чадваргүйдээ бус ихэнх цоорхой болон цөөн хэдэн хүн буруугаар ашиглаж ашиг тус хүртсэн заалтууд хууль боловсруулах эцсийн шатанд орж ирдэгтэй холбоотой юм.

Улс төрийн намуудын санхүүжилт ил тод бус, мөнгөний сонгууль хийдэг, мажоритар системээр сонгогдсон гишүүд дахин сонгогдохын тулд өөрийн тойрогт төсөв хуваарилах ашиг сонирхол өндөртэй байдаг зэрэг нөхцөл байдалд байсаар ирсэн Монгол Улсын хувьд мөнгөтэй хэсэг бүлэглэл байнгын хорооны цөөн хэдэн гишүүнийг лоббидох замаар өөрт ашигтай хуулийг батлуулах боломжтой байна. Тэгвэл ийм маягаар хууль батлуулахад нөгөө талд эрх ашиг нь хөндөгдөх бүлэглэл мөн адил үйлдэл гаргах замаар хууль батлагдахаас сэргийлэх үйлдэл хийх ёстой бишүү? гэсэн асуулт урган гарна. Гэтэл дээрх цөөнхийн эрх мэдэл хэрэгжихэд эрх ашиг нь хөндөгдөх нөгөө тал нь лобби хийх хэмжээнд бүлэглэл үүсгэхгүй олон нийт байх (аливаа сан, банкны хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төрөөс барагдуулах г.м), эсхүл хохирогч нь төр байх (дээр дурдсан хөөн хэлэлцэх хугацааны хувьд шударга ёс тогтоох төрийн чиг үүрэг алдагдаж, төрд итгэх итгэл буурч байгаа гэдэг утгаар төр хохирогч болж байна) зэрэг тохиолдолд тийм эсэргүүцэх үйл хөдлөл гарахгүй бөгөөд энэ тохиолдолд олон нийт болон төрд хохиролтой үйлдлийг зогсоох хүч үгүй байна. Үүний үр дүнд Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хэд хэдэн удаа орж дампуурах дөхсөн, гадаад өр маш их хэмжээнд хүрээд байна. Мөн салбар болгонд хулгай нүүрлэж, орлогын тэгш бус байдал асар их болж, авлигачид нь асар баяжсан боловч иргэд нь ядуурлаас гарч чадаагүй, зах зээлийн нийгмээр 30 жил явсан ч дорвитой хөгжилд хүрч чадаагүй хэвээр байсаар байна. Гишүүдийн тоо цөөн байгаагаас олигарх бүлэглэлийн лоббид автаж тэдний эрх ашигт нийцсэн, цоорхойтой хууль батлах боломжтой байгаагаас дээрх сөрөг үр дагаварууд гарч байна. Өөрөөр хэлбэл гишүүдийн тоо гэдэг бол ач холбогдол багатай зүгээр л тооны асуудал бус мөш чухал хүчин зүйл юм.

Хэрэв дээр дурдсан намуудын санхүүжилт, сонгуулийн тогтолцоо, зохион байгуулалт зэрэг асуудлаас гадна олон нийт боловсрол, хяналт муу, мэдээллийн ил тод байдал хангалтгүй зэрэг нөхцөл байдал эсрэгээрээ байсан бол цөөн гишүүнтэй ч гэсэн арай сайн үр дагавар гарах байсан болов уу. Гэлээ гэсэн ч тогтолцооны хувьд муу хэвээр байх болно. Өөрөөр хэлбэл улс орны асуудал хэт цөөн хүнээс хамаарсан байдал өөрчлөгдөөгүй, гишүүд тохирол бүрдвэл уг эрх мэдлээ ашиглах боломжтой хэвээр байна. Зүйрлэвэл чононд мах хадгалуулаад хажууд нь харгалзагч зогсоосон байгаатай адил зүйл юм. Сайн тогтолцоо гэдэг бол оролцогчдын гаргах шийдвэр, үйл хөдлөл нь нийтийн эрх ашигт нийцдэг байх тогтолцоо юм. Иймээс 1992 оны шинэ Үндсэн хууль дахь энэхүү тогтолцооны гажигийг засаж хэт цөөн хүний эрх ашиг нийтийн эрх ашгийн дээгүүр гарч нийтээрээ хохирдог байдлыг алга болгохын тулд гишүүдийн тоог хангалттай түвшинд хүртэл нэмэх зайлшгүй шаардлагатай байгаа болно.

УИХ-ын гишүүд ямар эрх мэдэлтэй вэ? Тэд эрх мэдлээ хэрхэн хэрэгжүүлдэг вэ?

УИХ-ын гишүүн гэдэг бол зөвхөн хууль, тогтоол батлахад оролцдог субьект учир тэдэнд хууль санаачлах, санал өгөхөөс өөр эрх мэдэл байхгүй гэж ихэнх иргэд үзэх болов уу. Хууль санаачлах гэдэг бол ихэнх төрийн байгууллагууд, компаниуд, хувь хүмүүст байдаггүй маш том эрх мэдэл юм. Гэвч энэхүү хууль тогтоомжид заасан ил эрх мэдлээс гадна өөр олон эрх мэдэл хууль тогтоогчдод байдаг. Хэрэв гишүүдэд зөвхөн хууль тогтоох эрх мэдэл байдаг гэвэл нийгэмд бидний харж буй олон үзэгдэл тайлбарлагдахгүйд хүрнэ. Тухайлбал, аль хэдийн батлагдсан хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа хууль батлуулахтай холбоотойгоор гишүүдтэй төдийлөн холбогдохгүй үйл ажиллагаа явуулж буй ЖДҮ сан, Хөгжлийн банк гэх мэт байгууллагуудаас яагаад олон тооны гишүүд зээл авсан гэсэн мэдээлэл гарах болов? яагаад тийм боломжтой байв? гэдэг асуудал болгоны цаана хэн нэгэн гишүүний нөлөөнд автаж үгийг нь сонсохоос аргагүй нөхцөл байдалд байгаа албан хаагч байна гэсэн үг юм. Шууд утгаар тэдний үйл ажиллагаатай холбоотой хууль санаачлах буюу холбогдох хуульд өөрчлөлт оруулахгүй ч гишүүд жил бүр төсөв батлахад оролцдог, үйл ажиллагаатай нь холбоотой аливаа тогтоол шийдвэр батлахад оролцох боломжтой байсаар байх болно.

Мөн тэдний үйл ажиллагаатай холбоотой аливаа асуудлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шүүмжлэх зэргээр үйл ажиллагаанд нь шууд бусаар ч нөлөөлж болно. Энэ бол agenda setting буюу хөтөлбөрт орох зүйлийг тогтоох эрх мэдэл гэж нэрлэгддэг ойлголт бөгөөд ихэнх улс орны хувьд ерөнхийлөгч, ерөнхий сайд гэсэн хамгийн их эрх мэдэл бүхий хүмүүст ихэвчлэн байдаг эрх мэдэл юм. Гэтэл манай улсад эдгээр албан тушаалтнуудад байхаас гадна УИХ-ын гишүүдэд ямар нэг хэмжээгээр байна. Энгийнээр бол хүмүүс юун тухай ярилцаж, хэлэлцэх вэ гэдэгт нөлөөлөх эрх мэдэл буюу ярианы сэдвийг тогтоох эрх мэдэл гэсэн үг юм. Жишээлбэл ерөнхийлөгч мод тарих санаачлага дэвшүүлж ярихад мод тарих асуудал ярианы сэдэв болж, холбогдох асуудал хэлэлцэгдэж шийдвэрлэгдэх магадлал нэмэгдэнэ гэсэн үг юм. Өнгөрсөн хугацаанд зарим улс төрчдөөс үндэслэлтэй, үндэслэлгүйгээр төрийн зарим байгууллагууд руу чиглэн энэ байгууллагыг татан буулгах хэрэгтэй гэх мэт улс төржүүлэн нийтийн анхаарлыг татаж ирсэн бөгөөд энэ нь тэдгээр байгууллагын үйл ажиллагаанд бодитоор нөлөөлж ирсэн жишээ цөөнгүй. Төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудаас ч гишүүдээс ийм төрлийн эрх мэдлээ хөшүүрэг болгон танил талаа ажилд томилуулахыг хүсэх, хууль журам зөрчсөн шийдвэр гаргуулахыг шаардах зэрэг дарамт шахалт цөөнгүй ирдэг талаар дурссан байдаг. “Цүнх баригчид” гэж олны ярьдаг томилгоонууд бүх хууль тогтоомжийг зөрчин хийгдсээр байгаагийн нэг шалтгаан үүнд оршино.

Өмнөх хэсэгт тайлбарласан хууль тогтоох үйл ажиллагааны доторх эрх мэдэл нь түүний харьяалах нам, нам доторх фракцын авсан суудлын тооноос хамаарч хүчтэй, сул байж болдог бол энд авч үзэж буй хууль тогтоох үйл ажиллагаанаас гадуурх эрх мэдэл нь нам, фракцын авсан суудлын тоотой төдийлөн хамаагүй. Мөн энэхүү эрх мэдэл нь төдийлөн ил гарч ашиглагдахгүй ч хөшүүрэг болгон ашиглагдаж үр дүнтэй нөлөөллийн арга хэрэгсэл байсаар байх боломжтой.

Тэгвэл УИХ-ын гишүүдийн хууль тогтоох үйл ажиллагаан доторх болон түүнээс гадуурх энэ 2 төрлийн эрх мэдэл нь Монголын нийгэм, эдийн засагт ямар үр нөлөө үзүүлсэн бэ? гэдгийг нийт нийгмийн ерөнхий массын хүрээнд маш ерөнхийлөн авч үзье.

Шууд дүгнэлтээс эхэлвэл дээр дурдсан 2 төрлийн хэт их эрх мэдэлтэй 76 улс төрч нийгмийн бүхий л салбарт нөлөөлж, салбар бүрт өөрсдийн сонгуулийн сурталчилгаанд тусалсан хүмүүсийг томилох болсноор төрийн албыг чадавхигүй болгосон, ингэснээр бүхий л салбарт шударга бус байдал ноёлож төрийн бодлого алдагдаж, үр нөлөөгүй болсон. Тэгвэл энэ хугацаанд төрийн тусгай хяналтын чиг үүрэг бүхий байгууллагууд яагаад үүнийг зогсоож чадсангүй вэ? гэвэл эдгээр байгууллагын үйл ажиллагаанд мөн л улс төрчид нөлөөлөн өөрсдийн халаасны албан хаагчдын томилж, үгээрээ байлгах болсон, бүр болохгүй бол холбогдох хууль тогтоомжийг “цоорхойтой” болгох өөрчлөлт оруулж, өөрсдийн хүссэнээр хэрэгжилтэд нөлөөлж ирэв. Аливаа төрийн хяналтын чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагаа нь хууль тогтоомжид заасан хүрээгээр хязгаарлагдах нь мэдээжийн зүйл боловч бодит амьдрал дээр ийм хязгаарлалтыг тэр болгон иргэд анзаарахгүй байх нь элбэг. Тухайлбал Авлигын эсрэг хуулийн 13.2-т Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо шалгах зохицуулалттайгаар Монгол Улс 2006 онд уг хуулийг баталснаас хойш явж ирсэн бөгөөд 2022 онд уг заалтад өөрчлөлт оруулж Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Авлигатай тэмцэх газар шалгахаар болсон юм. Өөрөөр хэлбэл хэдийгээр гишүүд маань авлигатай тэмцэх талаар их ярьдаг ч авлигын гэмт хэрэгтэй хамгийн үр дүнтэй тэмцэх боломжийг олгох үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг илрүүлэх нэг үндэслэл болсон хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах бодитой хүсэл зориггүй явсаар байгаа болно. Мөн бусад албан тушаалтнуудын авлигын гэмт хэрэгтэй тэмцэхээр ажиллаж буй мөрдөгч, прокурор, шүүгч нар хөөн хэлэлцэх хугацаа тоолох аргачлалд өөрчлөлт оруулсан үед юу хийж чадах вэ? Өршөөл үзүүлэх хуулиар татвар төлөөгүй олон аж ахуйн нэгжийг удаа дараа өршөөх үед холбогдох зөрчилтэй тэмцэж буй татварын байцаагчид хэр үр дүнтэй тэмцэж чадах вэ? гэдгийг бодоод үзвэл хууль тогтоомжид тусгагдах байдлаар хийгдэх зүй бус үйлдэлтэй тэмцэх бараг боломжгүй болох нь ойлгогдох буй за.

Энэ мэтээр олон салбарын хууль тогтоомжид төрийн байгууллагууд чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэхэд саад болсон зүйлт заалт байсаар байгаа нь Монгол Улс өнөөгийн нөхцөлд байдалд хүрэхэд ихээр нөлөөлжээ. Гэхдээ нийт нийгмийн нөхцөл байдал нь зөвхөн нэг зүйлээс шалтгаалсан байх боломжгүй, маш олон янзын хүчин зүйл нөлөөлсөн байж болох бөгөөд эдгээрээс хамгийн суурь шалтгаан нь хэт их эрх мэдэл бүхий УИХ-ын гишүүдийн үйл хөдлөл байсан гэж нийтлэлч үзэж буй болно. Иймийн тулд УИХ-ын гишүүдэд төвлөрсөн хэт их эрх мэдлийг задалж, өдөр тутмын амьдралд бүхий л салбарыг хамран явагдаж буй зүй бус нөлөөлөл, хуулийг санаатай цоорхойтой баталж буй үйлдлийг таслан зогсоохын тулд гишүүдийн тоог хангалттай олон болгох шаардлагатай байгаа юм.

Тэгвэл манай УИХ-ын гишүүдийн бусад улсуудтай харьцуулахад ямар түвшинд байна вэ? гэвэл улсуудыг хооронд нь харьцуулахын тулд хамгийн энгийнээр хүн амын тоотой харьцуулан авч үзвэл маш цөөн гишүүнтэй улсын нэг байна. Газар нутаг, хүн амын тоогоор асар их ялгаатай улсуудыг хооронд нь харьцуулахдаа шууд гишүүдийн тоогоор абсолютаар харьцуулах нь утгагүй хэрэг болно. Иймд дэлхийн олон улс дахь парламентын гишүүдийн тоо нь тухайн улсын хүн амын тооноос куб язгуур авсантай ойролцоо байх нь түгээмэл байна гэсэн ажиглалтыг хийж, онолын санаа дэвшүүлсэн куб язгуурын онолыг ашиглан дэлхийн 200 гаруй улс дахь гишүүдийн тоо нь хүн амын тооны куб язгуураас хэр их зөрүүтэй байгаагаар эрэмбэлээд 0-100 хувь гэж үзвэл манай улс сүүлээсээ 15 хувь дээр эрэмбэлэгдэхээр байна. Энэ нь олон улсын түвшинд манай улсын гишүүдийн тоо хүн амтай харьцуулахад харьцангуйгээр маш цөөн байгааг илтгэнэ. Хүн амын тоотой харьцуулахад манай улсаас цөөн гишүүнтэй улс дотор хаант засаглалтай арабын зарим улсууд болон африк тивийн болон өмнөд америкийн зарим улсууд ихэнхи нь байна.

Дээр авч үзсэнээр гишүүдийн тоо хэт цөөнөөс үүдэлтэй зүй бус хууль батлах, зүй бус нөлөөлөл үзүүлэх хэт их эрх мэдэлтэй гишүүдийн асуудал нь манай өнөөгийн нийгмийн олон асуудлын цаад суурь шалтгаан болсоор ирсэн боловч цорын ганц шалтгаан биш юм гэдгийг дахин тэмдэглэх хэрэгтэй болов уу. Харин гишүүдийн тооны асуудал нь сонгуулийн тогтолцооноос илүү чухал суурь асуудал юм. Яагаад гэвэл гишүүдийн тоог нэмэхгүйгээр сонгуулийн тогтолцоог өөрчилбөл зарим нэг асуудал шийдэгдэх боловч гишүүдэд төвлөрсөн эрх мэдэл буурахгүй, хэт цөөн хүнээс улс орны эрх ашиг хамаардаг байдал арилахгүй бөгөөд лоббид автах эрсдэл байсаар байх болно. Нөгөө талаас гишүүдийн тоог хангалттай олон болговол гишүүд хоорондоо хуйвалдах боломж багасч, олон гишүүд дундаас нийтэд болон тойрогтоо танигдах улс төр хийхийн тулд нийгэм дэх шийдлээ хүлээсээр буй олон асуудлаас тодорхой нэгийг авч ярих нь гишүүдийн хувьд ашигтай үйлдэл болох болно. Эдгээр асуудлын нэг нь сонгуулийн тогтолцооны асуудал байх нь гарцаагүй юм. Мөн цөөн хэсэг бүлгээр өөрт ашигтай хууль тогтоомж батлах боломжтой, нэг оруулсан өөрчлөлт нь удаан хугацаанд хадгалагдах тогтолцооны баталгаа байхгүй өнөөгий улс төрчдөөс олон нийтэд ойлгомжтой энгийн хялбар өөрчлөлтийг шаардах ҮНХӨ хийх зөвшилцөл үүсээд буй энэ үеийг хамгийн үр дүнтэйгээр, цаашид эргэж буцахгүй найдвартайгаар өөрчлөлт авчрах стратеги гэж үзэж энэхүү нийтлэлээ тэрлэлээ.

Нийтлэлээ энэ хүрээд өндөрлөе, дараагийн нийтлэлээр олон болгочихвол идэж уудаг хүмүүсийн тоо бүр олон болоод хэцүүдэх юм бишүү? Олон гишүүнтэй болох төсөв мөнгийг хэмнэх хэрэгтэй, гишүүдийн тоог нэмэлгүйгээр хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгодог болчихвол бүх асуудал шийдэгдчихнэ гэх зэрэг нийтийн үзэл бодолд хариу өгч, дор хаяж хэдэн гишүүнтэй болох хэрэгтэй байна вэ? гэдэг асуултад хариулах болно.

Анхааран уншсан уншигч танд баярлалаа, хэрэв дэмжиж байвал бусдадаа түгээнэ үү.

Нийтлэгч: ТаТааТунгаа

Багш, ажилчдын нэр дээр ур чадварын урамшуулал олгож, өөрийн данс руу шилжүүлүүлэн хувьдаа авдаг байсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
Багш, ажилчдын нэр дээр ур чадварын урамшуулал олгож, өөрийн данс руу шилжүүлүүлэн хувьдаа авдаг байсан хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Жагсагч Б.Цацралыг зодсон гэх иргэдийг олж тогтоон шалгаж байна
Жагсагч Б.Цацралыг зодсон гэх иргэдийг олж тогтоон шалгаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.