ШӨХТГ-ын дарга Ц.Уртнасантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ШӨХТГ хэрэглэгчийн эрхийг зөрчиж хоорондоо үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн хэдэн аж ахуйн нэгжид арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-ШӨХТГ хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээндээ иргэдийн өргөдөл, гомдлыг цаасаар болон цахим хэлбэрээр, 105 гэсэн тусгай дугаараар хүлээж авдаг. 2022 онд 35 ААН-д нийт 15 тэрбум төгрөгийн торгууль ноогдуулснаас бага дүнтэй торгууль ноогдуулсан ААН-үүдээс 21 сая төгрөгийн торгууль төлөгдөж бусад ААН-үүдийн хувьд гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй буюу торгууль үндэслэлгүй байна гэдэг шалтгаанаар шүүхэд маргаан үүсгэсэн байна.
Харин он гарснаас хойш нийт 12 ААН дээр хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна. Үүнээс 7 ААН-д 43 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авснаас 12 сая төгрөгийг сайн дураараа төлсөн байна.
Хамгийн сүүлд Юнивишн ХХК-тай холбоотой гомдлуудыг иргэд гаргасан. Үүний дагуу Зөрлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан. Тодруулбал тус компанийн хувьд гэр хорооллын айл өрхүүд “S plus” багцын үйлчилгээ үзүүлэхдээ 39900 төгрөгийн тариф тогтоож орон сууцны хорооллын айл өрхүүдэд тус багцын үйлчилгээг 43000 төгрөгөөр үзүүлж байна гэсэн гомдлын дагуу шалгалт хийхэд харьцангуй үнийг хууль бусаар тогтоосон нь батлагдаж 1.1 тэрбум төгрөгөөр торгох арга хэмжээ авсан.
Өнөөдрийн байдлаар 144 ААН монопол байдлаар, 166 ААН давамгай байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаагийн нэг нь Юнивишн ХХК юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар Торгууль оногдуулсан ААН 15 хоногийн хугацаанд сайн дураар барагдуулах ёстой. Хэрвээ түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй гэж үзвэл 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.
-Хүнс үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд түүхий эд болон бүтээгдэхүүнийхээ үнийг тогтмол нэмж ирсэн. Гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ л гэхэд өнгөрсөн оноос 60 хувиар өссөн шүү дээ. Борлуулалтын үнээ үндэслэлгүй нэмсэн ААН-үүдэд ямар арга хэмжээ авсан бэ?
-Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнийг нэмэх асуудал нь тухайн компанийн өртөг зардал хоёроороо тооцогдох ёстой. Зах зээлийн зарчмаараа бодит нөхцөл байдлаас үүдэж үнээ нэмэгдүүлэх нь хууль ёсны асуудал. Гэтэл тухайн бүтээгдэхүүний зах зээлийн өртөг, зардал нь нэмэгдээгүй байхад ААН-үүд хоорондоо үгсэн тохиролцох буюу картел хийх байдлаар зах зээлийн үнийг өсгөж байгаа нь хэрэглэгчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг юм.
Яг энэ асуудлаар ШӨХТГ-аас 2022 онд гурил үйлдвэрлэгч ААН-үүдэд хяналт шалгалт явуулсан. Ингэхэд зарим үйлдвэрүүд, компани, холбоод хоорондоо нэгдээд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж гурилынхаа үнийг өсгөлөө гэсэн мэдэгдэл хийж даруй маргаашаас нь үнээ нэмсэн тохиолдол гарсан. Бид зах зээлийн бодит судалгаан дээр үндэслэн дүн шинжилгээ хийж үзэхэд тус ААН-үүд 6-7 удаа захирлын тушаал гаргаж үнээ нэмсэн байдаг.
Үүнээс гадна гурилын үйлдвэрүүдийн түүхий эд нь улаанбуудай. Гэтэл улаанбуудайн үнийг ХХААХҮ-ийн сайдын тушаалаар жил бүр батлагдаж мөрдөгддөг. 2021 онд улаанбуудайн үнэ хямд байсан. Гэтэл гурил үйлдвэрлэгчид 2022 онд улаанбуудайн үнэ нэмэгдэнэ гэх цуурхал тарааж зах зээлд худалдаалах үнээ 60 гаруй хувиар нэмсэн байсан.
Ингээд өнгөрсөн онд хийсэн дээрх шалгалтын хүрээнд зөрчил гаргасан ААН-үүдэд энэ онд торгууль ноогдуулсан байгаа. Торгууль ноогдуулсан ААН-үүдийг дурдвал, Алтантариа ХХК, Улаанбаатар гурилын үйлдвэр, Од гурилын үйлдвэрүүд байна. Мэдээж эдгээр ААН-үүд ШӨХТГ-ын байцаагчийн тавьсан торгуулийн актын дагуу торгуулиа хүлээн зөвшөөрөх, эсхүл шүүхэд маргаан үүсгэж болно.
-Саяхан Алтан тариа ХХК-ийн гүйцэтгэх удирдлага торгуулсан учраас гурилынхаа үнийг нэмнэ гэсэн мэдээллийг цахим орчноороо дамжуулан мэдэгдсэн. Дээд шатанд нь торгодог. Торгуулсан зардлаа нөхөхийн тулд бүтээгдэхүүнийхээ үнийг хүчээр нэмж иргэдийн халаасыг тэмтэрдэг байдал үүсчхээд байна. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-"Алтан тариа" ХХК хэрэглэгчийг хохироох худалдааны зөрчил гаргаж 20 сая төгрөгөөр торгуулсан. Зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй дахин хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж, албан бус мэдэгдэл хийж байгаа нь ёс зүйгүй үйлдэл.
Хэрвээ зах зээлийн бодит үндэслэлгүйгээр үнээ нэмсэн байвал бид дахиад л арга хэмжээ авна. Дээр нь Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн тухай хуульд зааснаар хэрэглэгчийнхээ эрхийг зөрчиж, эд хөрөнгийн хохирол учруулж байгаа үйлдэл даамжирсан тохиолдолд бид холбогдох төрийн захиргааны байгууллагад асуудлыг уламжилж худалдааны зөвшөөрлийг нь хүчингүй болгуулах шаардлага тавьж ажиллах болно.
-Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тогтмол нэмэгдэж байна. Хэдийгээр ШӨХТГ үнэ тогтоодог байгууллага биш ч гэсэн үндэслэлгүй үнэ нэмээд байгаа ААН-үүдийг торгоод өнгөрөхөөс илүү, хөөсөрсөн үнийг буулгах, хэвийн түвшинд авчирч, хэрэглэгчээс гарах зардлыг бууруулах биз дээ. ААН-үүд торгуулиас гадна худалдааны үнээ эргэж буулгаж чадаж байгаа юу? Ганцхан жишээ дурдахад жилийн өмнө 60 хувиар үнэ өссөн гурил өнөөдөр ч тэр үнээ хадгалж байна шүү дээ.
-Бид зөвхөн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа давамгай болон монопол ААН эсвэл тухайн зах зээлд оролцож байгаа ААН-үүд хоорондоо үгсэн хуйвалдах замаар хууль бус арга хэрэглэж үнийг нэмж байна уу үгүй юу гэдгийг хянаж зөрчилтэй бол таслан зогсоодог. Тэгэхээр хүлээсэн чиг үүргийнхээ дагуу л тухайн ААН-үүдэд шалгалт хийж зөрчил гаргасан бол торгууль ноогдуулж байгаа.
ААН-ийг торгосон болоод өнгөрөөдөг, ААН-үүд торгуулсан болоод өнгөрдөг гэсэн шүүмжлэлээс илүү тухайн зөрчил гаргасан аж ахуйн нэгжийг дахин алдаагаа давтахгүй байх сануулгыг бид өгч, урьдчилсан арга хэмжээ авч шийдвэрлэж байгаа гэж ойлгох нь зүйтэй болов уу. Хэрвээ бид өнөөдрийн гарч байгаа зөрчлүүдийг таслан зогсоогоод үр дагаврыг нь арилгах явцад зах зээл дээр тухайн ААН-ийн тогтоосон үндэслэлгүй үнийн хөөргөдөл хэвэндээ үйлчилж байгаа бол хэрэглэгч манайд дахин гомдлоо гаргаж шалгуулах бүрэн боломжтой.
-Он гарснаас хойш өнөөдрийн байдлаар ШӨХТГ-т иргэдээс хэчнээн гомдол, өргөдөл ирсэн бэ. Ирсэн өргөдөл, гомдлуудыг төрлөөр нь авч үзвэл?
-2022 онд ШӨХТГ-ын 115 тусгай дугаарт болон өргөдөл гомдол хүлээж авах 1111 төв болон чатботоор 7435 гомдлыг хүлээж авсан байдаг. Зөвхөн 115 дугаарт ирсэн 1027 гомдлыг газар дээр нь зөвлөгөө өгөх байдлаар шийдвэрлэсэн байна. Бусад өргөдөл гомдлуудыг хүлээж авч холбогдох төрийн захиргааны байгууллагууд руу шилжүүлж, зарим дээр нь ШӨХТГ-аас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулсан байгаа. Өргөдөл гомдлуудыг ихэнх нь СӨХ-той холбоотой гомдлууд, худалдааны байгууллагуудтай холбоотой, банк болон харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдтэй холбогдсон өргөдөл, гомдлууд байна.
ШӨХТГ-ын өөр нэг хийх ёстой ажил бол хэрэглэгчийн тухай хуулийг хангуулах явдал юм. Хэрэглэгчийн тухай хуулийн 12-р зүйлд хэрэглэгчийн эрх, үүргийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Үүнд хэрэглэгч чанар, аюулгүйн баталгаагаар хангагдсан стандартын бараа үйлчилгээг авах эрхтэй. Хэрвээ энэ эрх зөрчигдсөн тохиолдолд тухайн бараа бүтээгдэхүүнээр үйлчилсэн иргэн, ААН, хуулийн этгээд нь хэрэглэгчийн хохирлыг барагдуулах ёстой. Шаардлагатай тохиолдолд Зөрчлийн хуульд зааснаар Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж,торгууль ноогдуулах, хохирлыг барагдуулах ажиллагааг явуулна.
-Ярилцсанд баярлалаа