Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харъяат, аймгийн алдарт уяач Гончигийн Дагвабаасантай цөөн хором ярилцлаа. Түүний хувьд Хан Хэнтий нутгаар овоглосон чадварлаг уяач нарын нэг бөгөөд 1989 оноос хойш зөвхөн аймаг, сум, бүсийн наадамд л гэхэд 50 гаруй айраг, түрүү хүртжээ.
-Юун түрүүнд уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу. Хэдэн оноос эхэлж морь уясан бэ?
-Сайн байна уу. Намайг Г.Дагвабаасан гэдэг. Миний аав Гончиг бол Хэнтий аймгаас төрсөн анхны улсын аварга малчин хүн. Би 12 ах, эгчтэй. Айлын отгон хүүхэд. 1989 оноос морь уяж эхэлсэн.
-Өнөр өтгөн айлын отгон хүү юм байна шүү дээ. Хэр эрх хүүхэд байв?
-Их эрх байсан. Ээжийг минь н.Өлзийбүрэн гэдэг. Цэрэгт явтлаа ээжийнхээ өвөрт унтдаг байсан /инээв/. Бага ахуй цагаасаа дутагдаж гачигдах юм байхгүй, их л тансаг өссөн дөө. Тэрнээсээ ч болсон уу цэрэгт яваад ирэх хүртлээ олигтой ажил хийж сураагүй байсан. Ямар сайндаа том ах маань намайг хонь төхөөрөөд өг гэхэд нь “Чадахгүй өөрөө хий” гээд мотоциклоо унаад явчихдаг байх вэ дээ.
-Танай удамд морь уядаг хүн байв уу?
-Манай удамд "Бөхийн Гунгаа" гэж алдаршсан алдартай уяач байсан талаар ээж минь ярьдаг юм. Хошуу наадмынхаа зургаан түрүүг хүртэл ганцаараа авч байсан Халх даяар алдартай уяач байсан гэдэг юм билээ.
-Морь уях "эрдэмд" шингэж, салшгүй холбоотой болоход тань юу нөлөөлөв?
-Морь уядаг өвгөд, ах нар уяаны дэргэд тойрч суугаад ярихыг нь сонсох их дуртай байлаа. Сонирхолтой олон түүхийг сонсож өссөн хүний хувьд дотроо нэг сүүл боож үзэхээр шийдээд 1989 онд анх талийгаач н.Хасбазар ахаасаа буурал духтай хонгор морь худалдан авч байв. Морь уясан эхний уясан жилдээ хонгор морио суманд айрагдуулаад маш их урам авсан. Тэр цагаас л морь уях болсон доо.
-Сэргэлэн, зальтай, овсгоотой гэдэг утгаар "Нохой" Дагва гэж хочилдог болов уу гэж боддог-
-Нутгийн ард иргэд болон зэргэлдээх аймаг, сумдын алдарт уяач нар өөрийг таныг “Нохой” гэж хочилдог гэсэн. Яагаад ингэж дуудах болсон юм бэ?
-Сайн мэдэхгүй юм даа. Ах нь хүн амьтанд өс санахаар зүйл хийж байгаагүй. Хүмүүс л ярихдаа их сэргэлэн, зальтай, овсгоотой гэдэг утгаар л хочилж дууддаг байх гэж боддог. Гэхдээ би энэ хочинд эмзэглэдэггүй. Зэргэлдээх аймаг, сумдын алдарт уяач нар, моринд хайртай хүн бүр их хүндэтгэлтэй ханддаг.
-Хэдэн онд аймгийн алдарт уяач цолоо хүртсэн бэ. Хэчнээн айраг түрүүгээр энэ болзлыг хангаж байв?
-Зөвхөн аймаг, сум бүсийн наадмын 15 түрүү, 35 айргаар 2004 онд Алдарт уяач цолоо гардсан. Яг тоолж бүртгүүлсэн айраг түрүү нь л энэ. Тэрнээс өөр жижиг өвөл, хаврын уралдаанууд, овоо тахилгын наадмуудыг оролцуулвал нэлээдгүй их тоо байгаа байх.
-Хаанахын ямар удам угшилтай адуугаар наадаж байв?
-Голдуу орог угшлийн адуугаар л их наадсан даа. Анх "хонин" Намсрай гэдэг хүн манай нутагт ирж уяж байсан гэж ярьдаг юм билээ. Орог угшлын адууг хожмоо би нутагтаа өсгөсөн. Бүр дээд угшил нь Баянхутаг сумын “Жигээ адуу”. Голдуу буурал зүсмийн адуу байдаг. Бага насандаа ямар ч зүсмийн байж болно. Хонгор, хүрэн, хар гэх мэт. Гэхдээ нас ахих тусмаа зүс нь буурал болж хувирдаг.
-Дагвын НААДАМ-
-Дурсах тоолонд бахдал төрүүлсэн наадмын дурсамжаасаа та бидэнд хуваалцаач?
-Тэр жил би нэг азарга, нэг соёолон, бага 3 нас нийт таван насны морь уяж байлаа. Наадмын эхний өдөр азарга, их нас, шүдлэн уралддаг. Орог азарга маань айргийн таваар орсон. Тэгээд хүрэн шүдлэнгээ түрүүлнэ гэдэгт их итгэлтэй байлаа. Наадмын өмнө болдог жижиг уралдаалгууд болон их бага сунгаанд хол түрүүлсэн. Тамиртай ч байсан.
Шүдлэнгээ мордуулаад би өөрөө найзынхаа УАЗ 469 машинд суучихсан. Ээж минь моринд их дуртай. Нэг дагаж явмаар байна гэхээр нь машины урдаа суулгаад явсан. Шүдлэн ч эргэлээ. Гэтэл миний хүрэн шүдлэн Төмөр овоо өнгөрөхөд /барианы зурхайнаас 8 км/ 17, 18 хавьцаа л яваад байна. Тэр үед Цогт-Очир гэдэг хүний хээр шүдлэн Хүзүүвчээс /барианы зурхайгаас 4 км/ уруудаж байлаа. Тэгэхэд би өөрийгөө буруушааж, давхилын ард дээр ингэж алддаг юм байх даа гэж санаашраад хүүгээ нэг дохиулж үзээд, болохгүй бол татуулчихъя гэтэл хүрэн шүдлэн бужигнаад л тарласан. Би ээжийг сайн бариарай гээд дагаад хөдөлсөн. Хүрэн шүдлэн маань бөөн бөөнөөр нь урагш дайрж гүйцээд хээр шүдлэнг яг ташааг нь дэрлүүлээд оруулж байлаа.
Тэр үед миний буруу биш, хүү л буруу уралдлаа гэж уур хүрээд хашаандаа иртэл хүү хүрэн шүдлэнтэйгээ шогшоод ороод ирлээ. Буугаад ирэнгүүт нь модон ташуураар нь хоёр ороолгож автал газар атиралдаад хэвтээд өгсөн. Моринынхоо хөлсийг буулгачихаад хүүгээ жоохон тайвшруулаад "Чи яагаад ингэж буруу уралдав" гэж асуутал "Ангийнхаа хүүхдүүдтэй нийлээд юм яриад" гэж хэлж билээ. Хэрвээ зөв уралдсан бол шүдлэн маань задгай тавих байсан. Хөлсийг нь буулгаад хөдөлгөж байтал дараагийн морь орж ирэх байсан байх.
Харин маргааш нь ташуураар ороолгуулаад барцад нь арилсан юм байлгүй хүү маань соёолон, хязаалан, даага гурваа хол түрүүлгэж байсан. Тэр үед хүмүүс "Г.Дагвабаасангийн наадам болж дээ" гэж ярьж байлаа.
-2000 оноос өмнө хол наадамд явахдаа морьдоо хөтлөөд явдаг байсан гэх юм билээ?
-Тэгэлгүй яах вэ. Тэр үед одоогийнх шиг унаад давхичих унаа машин байх биш. Хэдэн ч км байсан морио хөтлөөд л явдаг байлаа. Унаач нараараа морийг нь унуулаад дагуулаад л явна. Өвлийн хүйтэнд ч ялгаагүй.
Надад нэг сайн улаан морь байдаг юм. Надтай цуг морь уядаг хуурай дүү н.Отгонбаяр ч бас улаан морьтой. Харин миний улаан морийг том хүү Даваадорж маань, нөгөөхийг нь ангийнх нь найз Даваажав унадаг. Тэгээд л ойр хавийн сумдын наадамд очиж уралдах гээд явна. Намайг суманд нь арай очоогүй байхад л тэр сумынхан "Нохой" Дагва хоёр улаан морьтойгоо, хоёр Даваатайгаа ирж байна" гээд шуугидаг байлаа шүү дээ /инээв/.
Зарим уяач нар нь тосож аваад тал талаас манайд оч гээд урина. Тухайн үеийн өөрийгөө бодоход их л алдартай уяач байсан юм шиг ээ /инээв/.
-"Таны хонгор халзан морийг тэнгэр хайрлачихаж" гэхэд буруу харж нулимс дуслуулж билээ-
-Таныг хүмүүс “Тод манлай уяач”-ын болзол хүртэхээр хангалттай чадалтай уяач байсан гэж ярьдаг. Яагаад болж чадаагүй юм бэ?
-Байгалийн шалгуур гэдэг чинь хүнд захирдагдах биш дээ. 2008 оны зуднаар муу ах нь ихэнх хурдан хүлгүүдээ алдсан. Ганц том хонгор халзан морь маань л үлдсэн /3 түрүүлж 2 үзүүрлэсэн/. Тэр зуны бар өдөр наадмаар уях морьдоо барьж байхдаа хонгор халзан морио уях уу, яах уу гэж бодол болж тэр зундаа өнжихөөр болсон. Гэтэл маргааш нь шиврээ бороотой өдөр байв. Дүү маань орж ирээд "Таны хонгор халзан морийг тэнгэр хайрлачихаж" гэхэд ах нь буруу харж нулимс дуслуулж билээ. Одоо хааяа морьдоо бодохоор нулимс гарчих гээд байдаг юм. Тэр цагаас хойш тэр бүр морь мал наадамд сойж оруулаагүй.
-Таныг бас морь сайн хатгадаг гэж сонссон. Мал амьтны эмгэгийг эмчлэхэд эртнээс хэрэглэж ирсэн шилдэг арга шүү дээ?
-Морины хөл ингэчихлээ, тэгчихлээ гэсэн хүмүүс зөндөө л ирдэг. Гэхдээ ах нь насных ч юм уу, морь хатгахаас бага зэрэг зүрх үхээд байдаг юм. Хатуухан юм уугаад зоригоо чангалж байгаад л хатгадаг. Хатгадаг олон цэг байдаг учир нуршаад яахав. Ер нь гайгүй өвчнийг нь авна.
-"Гурван хүү маань 100 жилийн ойгоор морь мордуулна гээд эртнээс бэлдээд л байна. Би гэдэг хүн чинь бөөн баяртай л сууж байна даа"-
-Таны хүүхдүүд бүгдээрээ үрээний морь унадаг байсан гэсэн үү?
-Тийм ээ. Би гурван хүү, нэг охинтой. Бүгдээрээ л дөрөв, таван насандаа морь унаж сурсан. Надад олон ч айраг түрүү авч өгсөн. Охин маань хүртэл шүү.
-Одоо хүүхдүүдээс тань морь уях эрдмийг өвөлсөн хүүхэд бий юу?
-Том хүү маань БЦДБЭЧ-т ажилладаг. Ганц охин маань сурган хүмүүжүүлэгч, бага хүү маань оюутан. Харин дунд хүү маань харин дажгүй сайн морь уяж байгаа шүү. Бага наадмуудаас ганц нэг нь айраг түрүү аваад байгаа. Гэхдээ залуу хүн учраас одоохондоо нээх том амжилт гаргаагүй л байна. Энэ жил манай сумын 100 жилийн ой болох юм. Гурван хүү маань 100 жилийн ойгоор морь мордуулна гээд эртнээс бэлдээд л байна. Би гэдэг хүн чинь бөөн баяртай л сууж байна даа.
-Хэнтий аймаг Галшар сум хурдан морьдоороо алдартай нутаг. Энэ талаар та бодлоо хэлэхгүй юу?
-Тэгэлгүй яах вэ. Манай аймаг гэлтгүй ер нь зүүн гурван аймаг хурдаараа алдартай. Мориндоо хайртай ард түмэн бүгд мэдэх биз.
-Шинэ залуу уяачдад хандаж үг хэлээч?
-Залуухан уяач нар их гарч ирж байна. Зарим нь ирж зөвлөгөө авдаг. Хамаагүй хүчилж байгаад моридынхоо хөлийг л авчих гээд байгаа янзтай. Монгол морь молор эрдэнэ шүү дээ, сайн шинжиж уяа сойлгыг нь тааруулан олон айраг түрүү аваарай л гэж хэлье дээ.
-Бидний ярилцлага энэ хүрээд жаргаж байна. Урилгыг маань хүлээн авч ярилцсанд баярлалаа. Хурдан тууртны босоо цагаан хийморь өнө мөнхөд ивээж явах болтугай.
Д.Даваахүү