Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эмч Э.Өнөржаргал: Хэт цадтал болон тасалгааны температурт удсан хоол идвэл хордлого болох эрсдэлтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 54 секунд

Сар шинийн баярын өдрүүд эхэлж байна. Эл өдрүүдэд хоолны хордлогын улмаас Яаралтай түргэн тусламжийн дуудлага, эмнэлгийн ачаалал нэмэгддэг. Тиймээс урьдчилан сэргийлэх зорилгоор СХД-ийн нэгдсэн эмнэлгийн эмч Э.Өнөржаргалтай ярилцлаа.

-Сар шинийн баярын өдрүүдэд хоолны түгжрэл, хордлогонд орсон иргэдийн тоо нэмэгддэг. Үүнд нөлөөлж буй гол шалтгаан нь юу болдог вэ?

-Цагаан сар бол 2-3 хоног үргэлжилдэг урт хугацааны баяр. Зассан идээ, хоол хүнснийг тасалгааны температурт маш удаан хадгалдаг. Үүнтэй холбоотойгоор эсэлдэх урвал тодорхой хэмжээнд явагдаж, зарим хүнсний хувьд шим тэжээл, чанараа алдаж байдаг. Удаан хадгалах боломжгүй хүнс тасалгааны температурт удсанаар нян бактери өсөж үрждэг. Тухайн хүнсний бүтээгдэхүүнийг идсэнтэй холбоотойгоор хоолны хордлого үүсдэг гэж хэлж болно.

Хоол хүнсийг хийж болгосноос хойш тасалгааны температурт 2 цагаас илүүгүй байлгаад, хөргөгчинд хадгалан маргааш нь хэрэглэх боломжтой байдаг. Харин олон удаа хөргөгчнөөс гарган халааж хэрэглэвэл, эсэлдэх процесс явагдаж, нян бактерийн өсөлт үржил бий болдог. Хоол хадгалалтын хувьд салатыг хөргөгчиндөө битүүлэн хадгалаад, бага багаар хувааж гарган түүнийгээ тэр дор нь хэрэглэж дуусгавал зохимжтой. Их хэмжээний салатыг том саванд хийн, тасалгааны температурт удааснаар исэлдэж, хоолны хордлого бий болох гол шалгаан болж байдаг.

-Ихэвчлэн ямар ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Шинж тэмдэгийн хувьд бөөлжих, суулгах, халуурах, хоолны дуршил буурах, гэдэс базлах, мушгих зовиурууд илэрдэг. Энэ шинж тэмдгүүд илрээд 48-72 цаг буюу 2-3 хоног, түүнээс илүү удаан үргэлжилвэл эмч, эмнэлгийн байгууллагад хандах ёстой. Баярын өдрүүдэд харъяа дүүргийн яаралтай тусламжууд 24 цагаар ажиллаж байдаг.

-Хордлогын үед юу хэрэглэж, яаж хоолоо шингээвэл дээр вэ?

-Мэдээж хордлого авсан үедээ шарсан, хуурсан, хэт их өөх тостой, майонезоор зуурсан хүнд хоол хүнс хэрэглэхээс татгалзах хэрэгтэй. Бидний ярьж хэвшсэн махны шөл, өөх тос багатай, хөнгөн хоол хүнс, шингэн зүйлийг бага багаар биедээ дасган хэрэглэж, хордлогоо тайлан, тамираа нөхөх байдлаар арга хэмжээ авна.

-Иргэд шинж тэмдэгээ анзааралгүй, үл тоох тохиолдол элбэг. Ингэснээрээ ямар хор уршигтай вэ?

-Бага насны хүүхэд 24 цагаас дээш, насанд хүрсэн хүн 72 цагаас дээш зовиуртайгаа удаан байвал маш их жингийн алдагдалд ордог. Цаашлаад энэ нь шингэний болон эрдэсийн дутагдалд орж, дархлаа сулрах эрсдэлтэй. Энэ тохиолдолд олон төрлийн халдварт өртөх магадлал ихэсдэг. Тиймээс үүнийг тоохгүй өнгөрч болохгүй. Ялангуяа бага насны хүүхдийн хувьд жингээ маш хурдан хугацаанд алддаг. Хоолны хордлогод дааврын өөрчлөлттөй, дархлаа нь унасан, өндөр настан, бага насны хүүхдүүд өртөх магадлал өндөр учраас илүү анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

-Иргэд өвдсөн үедээ уламжлалт аргаар жор хийж, өөртөө онош тавин эмчийн зөвшөөрөлгүйгээр эм хэрэглэдэг. Энэ нь хэр эрсдэлтэй вэ?

-Иргэд өөрсдийн боломж бололцоогоор арга хэмжээ авдаг. Мөн дур мэдэн хэн нэгэнд таарсан жорыг өөр дээрээ туршилт хийдэг. Энэ нь дараа нь манай эмнэлгийн ажилчдад болон эмчлүүлж буй хүний хувьд ч эмчилгээ авахад хүндрэл үүсдэг. Тиймээс дур мэдэн эмчилгээ хийхгүй байх хэрэгтэй.

-Сар шинийн баяраар ходоодны өвчлөл, хоолны хордлогод орсон хүмүүс хэр их ирдэг вэ. Эмнэлгийн ачаалал?

-Хоолны хордлогын хувьд сар шинийн үед эмнэлгийн ачаалал маш ихэсдэг. Учир нь уг уламжлалт баяр нь хоол хүнстэй хамгийн их холбоотой. Нэг айлд ороод дунджаар 5 бууз иднэ. Насанд хүрсэн эрэгтэй хүн 2500ккал, эмэгтэй хүн 2000ккал илчлэг өдөрт авах ёстой. Энэ авах ёстой илчлэгийнхээ тэн хагасыг нэг айлаар орохдоо бүрдүүлчихдэг. Тийм болохоор хоолны хордлоготой холбоотой тусламж үйлчилгээ авахаар ирэх хүмүүсийн тоо ихэсдэг. Мөн илүү эмчилгээ шаардлагатай архаг хууч өвчтэй хүмүүсийг хордлого авсан тохиолдолд дотрын тасагт хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагаа ихээр явагддаг.

-Аль насныхан илүү ирдэг вэ?

-Цагаан сар, шинэ жил, наадам зэрэг баярын өдрүүдээр бага насны хүүхэд хоол хүнсийг хараа хяналтгүй хэтрүүлэн хэрэглэдэг. Өмнө хэлсэнчлэн 2 цагаас илүү цаг тасалгаанд байсан хоол хүнсийг насанд хүрсэн дархлаа тогтолцооны хувьд сайн хүмүүс хэрэглэхэд төдийлөн шууд хордлого өгдөггүй бол бага насны хүүхэд, өндөр настны хувьд амархан өртдөг.

-Бага насны хүүхдийн хоолны хордлогод өртвөлд ямар арга хэмжээ авах вэ?

-Бага насны хүүхдийн хувьд дархлаа тогтолцоо нь насанд хүрсэн хүнийх шиг бүрэн хөгжөөгүй байдаг учраас 48 цагийн хугацаанд ажиглана. Хэт өндөр халуурах, өдөрт 3-4 удаа гүйлгэх, хоол хүнс хэрэглэж чадахгүй байгаа хүнд нөхцөлд эмнэлгийн яаралтай тусламжид очих нь зүйтэй. Харьцангуй халуун нь тогтмол, буурах нигууртай үед гэрийн нөхцөлд халуун буулгах эмийг хэрэглэж болно. Мөн ахуйн нөхцөлд хийж болох маш энгийн зүйл бол хросол бэлтгэх. 1 литр буцалсан бүлээн усанд 4 халбага сахар, 1 халбага давс хийн найруулж, 5 минутын зайтай 5мл-ыг уулгавал хордлого гадагшилж, шингэнээ нөхөх боломжтой. Хордлогод орсон хүүхдэд хоол болон шингэн зүйлийг ойрхон давтамжтай, бага багаар өгөх нь зөв зүйтэй.

-Хоолны хордлогыг өөр өвчинтэй андуурах боломжтой юу?

-Хоолны хордлогыг андуурах тохиолдол гарч болно. Ялангуяа бага насны хүүхдийн хувьд тархи нь хөдөлсөн гэж оношилж болзошгүй. Гэдэсний ханиад буюу ретровирус нь хордлоготой адил гүйлгэж, суулгах шинж тэмдэг илэрдэг. Мөн амьсгалын замын халдварт вирусийн үед адил шинж тэмдэг тохиолддог. Тиймээс идэж, ууж буй хүнсэндээ анхаарал болгоомжтой хандаж, бага насны хүүхдэд хяналт тавихгүй бол буруу оношоор эмчилвэл цаг алдах магадлалтай.

-Аливаа өвчинд үе шат гэж байдаг. Танай эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн хувьд аль шатны өвчлөлтэй үедээ ирж үйлчилгээ авч байна вэ?

-Иргэд энэ үе шатыг сайтар ойлгох хэрэгтэй. Гэрийн нөхцөлд авч болох арга хэмжээнээс илүү хүндрээд ирвэл анхан шатны тусламжийг ажлын цагаар өрхийн эмнэлэгт үзүүлэх ёстой байдаг. Ажлын бус цагаар харъяа дүүргийн яаралтай тусламжууд 24 цагаар ажилладаг. Үйлчилгээ авч буй хүмүүс үе шатын тухай ойлголт багатай байдаг. Гэртээ асаргаа, зөвлөгөө авч болох шаардлагагүй нөхцөл байдалд эмнэлэгт олноор ирж ачаалал үүсгэдэг. Эсвэл бүр маш хүндэрсэн шаттай үедээ ирж эмчлүүлдэг. Яг зөв цагтаа ирж тохирсон үе шатны эмчилгээ үйлчилгээ авдаг хүн маш ховор.

-Ходоодны өвчнөөс сэргийлэхийн тулд мөн өвчнөө хүндрүүлэхгүй тулд ямар ямар арга хэмжээ авах вэ?

-Мэдээж урьдчилан сэргийлэх үүднээс идэж хэрэглэж буй хоол хүнсэн дээрээ анхаарна. Эхний ээлжинд бид хэмжээн дээрээ анхаарах хэрэгтэй. Насанд хүрсэн хүн өдөрт 5 удаа хооллох хэрэгтэй бол 2 хоол идсэнтэй тэнцэх тэн хагас хувийг нь нэг айлд ороод илчлэгээрээ авчихдаг. Тиймээс орсон айл болгондоо 5-10 бууз идээд байж болохгүй байх нь. Тэгснээр хордлого авах магадлал өндөрсөнө. Тухайн хоол нь хүнд шим тэжээл болохоос илүүтэй гэдэс, гүзээний ачаалал нэг ёсондоо хор болж байдаг. Тиймээс айлын идээ, зоогноос амсах байдлаар хэрэглэвэл зохимжтой.

Мөн бид айлчилж буй зочдоо хүндэтгэх хэрэгтэй. Дайлах зоогоо хадгалахдаа тасалгааны температурт 2-оос дээшгүй хугацаанд байлгаад хөргөгчинд бүтүү саванд болон хүнсний скочоор битүүлэн хадгалах нь исэлдэхээс, нян бактери үүсэхээс сэргийлж буй явдал юм. Хүнсээ дэлгүүрээс сонгож, цуглуулахдаа ч мөн адил анхааралтай байх шаардлагатай. Хугацаа нь дууссан эсэх, хадгалалт болон зөөвөрлөлтийг зөв зохистой биелүүлсэн эсэхэд шаардлага тавин, сонгохдоо сайтар ажиглаж байх хэрэгтэй. Айл бүр хүнсний аюулгүй байдалдаа анхаарал хандуулж байгаарай гэж хэлмээр байна.

Цагаан сараар хэрэглэж буй хүнс маань ихэвчлэн уураглаг бүтээгдэхүүн байдаг. Махан бүтээгдэхүүнд уураг, нүүрс ус ихээр агуулагддаг учир ширээгээ засахдаа ногоо болон ногооны салатыг түлхүү ашиглавал хоол шингэцэд сайнаар нөлөөлнө. Мөн ашигтай бактерийг баярын өдрүүдээр хэрэглэх нь гэдэс гүзээний өвчлөлөөс сэргийлэх, дархлаа дэмжихэд түлхэц болдог.

Дараагаар нь ус, шингэн зүйлийг их хэрэглэвэл зүгээр. Хоол идэж байх үедээ ус, ундааг хэрэглэх нь зохимжгүй. Хоол идэхээс 30 минутын өмнө, хоол идсэний дараа 40 минутын дараа усыг бага багаар шимэх, балгах байдлаар хэрэглэвэл зохимжтой. Хоолны үеэр болон хоолоо идэж дуусмагцаа жүүс, гаазтай ундаа уух нь ходоодыг сул хүчиллэг буюу хоолыг задалж боловсруулах, хэрэгтэй шим тэжээлийг дамжуулах ажиллагааг алдагдуулж, ходоод цанхайх, гэдэс дүүрэх, хоолны түгжрэл болон хордлого болох эрсдэлийг нэмэгдүүлж байдаг.

Баярын өдрүүдэд зөвхөн хоолны хордлого гэлтгүй архины хордлогонд орсон хүмүүсийн тоо ч бас ихэсдэг. Архины хордлого нь алкохолны зохисгүй хэрэглээтэй холбоотой. Алкохолыг хэтрүүлэн хэрэглэх нь зөвхөн хордлого өгөөд зогсохгүй цаашлаад нойр булчирхайн өвчлөл, ходоодны үрэвсэл, тархины мэдрэлийн системд нөлөөлдөг. Архи нь айл гэрийн идээний дээж тул амсах, ёслох төдий байвал зохимжтой. Тиймээс баярын өдрүүдэд айрагаа хүртэхийг уриалж байна.

Та бүхэн архи дарснаас татгалзаж, хоол хүнсээ тохируулан хэрэглэж сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Ярилцсанд баярлалаа.

Сингапур улс руу зорчиход ковидын шинжилгээний хариу ШААРДАХГҮЙ болжээ
Сингапур улс руу зорчиход ковидын шинжилгээний хариу ШААРДАХГҮЙ болжээ
 
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН 19 АЖИЛТАН ОЛОН УЛСЫН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ СТАНДАРТУУДЫН ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР БОЛЛОО
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.