Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутны ЦАГААН САР

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 30 секунд

Дөрвөн давхар гандуухан өнгөтэй оюутны байр нам гүм, чимээ аниргүй дүнхийнэ. Жил бүрийн өвлийн амралт Цагаан сартай давхцаж таардаг байсан бол энэ жилийнх зөрчихсөн болохоор хуучны жижигхэн байрандаа ганцаараа л байх нь. Гэрээс ирсэн хэдэн буузаа жигнэж идчихээд аавтайгаа цахимаар золгочихвол миний цагаан сар болоо доо.

Цагаан сар дөхөөд хаврын урь оржээ. Орой харьж явахад чих даарахгүй, гар хайрахгүй. Хүйтэн салхи нь ч сэтгэл бүлээцүүлэх нь “хавар ээж” хаяанд ирснийг илтгэнэ. Хавар ижий нэг л дулаахан...

Нийслэлд хөл тавьснаас хойш хэдийнэ гурван жил болсон ч хөдөөгөөс хотод золгож буй анхны жил билээ. Хот, хүрээ ч өөр л дөө. Цас нь ханзраа ч үгүй харлачихна. Хүмүүс нь ч дагаад нимгэлчихнэ. Хүйтний эрч цаашилж, хөнгөн нимгэн хувцасны зах наашилна гэх юм уу даа. “Хавар ээж”-ээс урьтаж цагаан сартай золгох ёстой. Тэгж байж хавар ээж сая нэг хацраа улаа бутруулсаар орж ирнэ. Хавар гэхээр л надад яагаад ч юм, хөл хүндтэй бүсгүй дээлтэй, сувдан ээмэг унжуулсан эгэл нэгэн монгол төрх санаанд буугаад байдаг юм. Сар нь гүйцэж юу юугүй нярайлах дөхсөн тогоо шиг том гэдсэнд нь зун цаг торниж буй юм шиг л санагддаг.

Цагаан сараас өмнөхөн боов боорцог, бууз банш, тоос шороо гөвөх гээд мундахгүй ажилтай. Энэ их ажлыг олон багачуулын л гараар давна даа. “Орой ирж бууз хийлцээрэй” гэх нь ч хүртэл хурим найрын урилга авсан зочин гийчин аятай хүндтэй санагддаг. Оройхон нар хэвийлгээд давхиад очиход айлын гэрээс захын лангууны үнэр ханхлах шиг болно. Их өндөр гар хийцийн модон ширээн дээр дөнгөж саяхан захаас авсан шинэ хулдаасан бүтээлгээ дэвсээд толийтол арчаад цав цагаан дээд гурилаа нухаж эхэлнэ. Гурилаа хэрчээд надад өгнө.

Би нэг түмпэн олж аваад түүндээ, хомоолоос арай жижгэвтэр тасалсан гурилаа хуурай гурил пургитал хутгана. Буузны гурил хавтгайлна гэдэг чинь ёстой миний байгалиас заяасан авьяас гэмээр шүү дээ. Өдий оюутан болтол өчнөөн айлын бууз хийлцэхэд уралдаж элдээд намайг түрүүлсэн нэг ч хүн байхгүй гээд л бод.

Эхний таг гаргаад хоёр дахиас нь жигнэж амтална. Хэрэв аяганы ёроолд тос үлдвэл өөх, сүүл нь ихэдсэн. Махны шүүс, шөл байвал давс ус, сонгино сармис, амтлагч, перц гээд орц хольц нь яаг таарсан. Харин аль нь ч үлдээгүй бол аргуу л болсон гэдэг юм. Ажилтай айлын бууз орой таван цагт эхлээд шөнө дунд гэхэд цэгцэрчихдэг. Бууз ажиллагаа өндөрлөнө гэдэг бол хамгийн чухал үе. Одоо бэлэг өгнө. Золголтын бэлэгнээс ч гоё бэлэг ирнэ шүү дээ. Урьд харсан амттайхан шоколад эсвэл “Чингистэй мөнгө”. Бэлгээ авсан багачууд нэгэн рүүгээ машийтал мишээн, нүд амаараа дохилцсоор гарцгаана.

Сайхан өтгөн шаргал цай оочилчихоод хармаа түнтгэр, гэдэс тонтгор, сэтгэл цатгалан хавар айсуй өвлийн шөнөөр харанхуй ноёлсон чив чимээгүй гудманд ганц ёлтойх замын гэрэл баримжаалан сэмхэн сэмхэн одод ширтэн аяархан дуу аялан гараа халаасалчихаад гэртээ харьдаг даа.

Бүх л хөдөөний хүүхдэд ийм нэг дурсамж, дурдатгал байдаг биз. Тэдний л нэг хөдөөний оюутны дурсамж байлаа.

Э.Ариунзаяа

Маргааш Улаанбаатарт -8 хүйтэн байна
Маргааш Улаанбаатарт -8 хүйтэн байна
 
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өндөрлөлөө
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өндөрлөлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.