Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туркийн ГАЗАР ХӨДЛӨЛТ: Долоон улсын баг 99 хүнийг нурангиас гаргажээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 21 секунд

Өнгөрсөн Даваа гарагт Турк улсын Кахраманмараш, Газиантеп хотын ойролцоо хүчтэй газар хөдлөлт болсон. Гамшгийн хор уршгийг арилгахаар 80 гаруй улсын аврах баг газар хөдлөлтөд өртсөн бүс нутгуудад ажиллаж байна. Ингээд зарим улс орны баг хэдэн хүн барилгын нурангиас гаргасныг хүргэе.

Хятадын 46 аврагч Туркт ажиллаж байна. Тэд нурангид дарагдсан газраас нийт 6 хүнийг аварч, эндсэн 8 хүнийг хайж олж Туркийн талд хүлээлгэн өгчээ. Мөн Хонконгийн аврагчид Хатай мужид 3 хүнийг гарган авчээ. /2023.02.12/

Киргизийн 147 аврагч Газиантеп, Кахраманмараш хотуудад 4 хүнийг эсэн мэнд олж, 104 хүний цогцсыг нурангиас гаргажээ. Ажиллагааг Нэгдүгээр орлогч Азамат Мамбетов, дэд сайд Эдельбек Кулматов удирдаж байна. Киргизийн тал 78 гэр хүргэгдсэн бөгөөд дахин онгоц илгээсэн гэж тус улсын “Akipress” сайт мэдээлжээ. /2023.02.13/

Казахстаны аврах баг долоон хүнийг эсэн мэнд олж, 53 хүний амь хохирогчийг гаргажээ. Турк улсад 115 тонн, Исламын хүнсний аюулгүй байдлын байгууллагатай хамтран Сирид 50 тонн хүнсний тусламж үзүүлжээ. Өдөрт 35 хүнд анхны тусламж үзүүлж байгаа гэж “Astanatimes”-т мэдээлсэн байна. /2023.02.13/

Азербайжан 725 аврагч Кахраманмараш мужид ажиллаж дор хаяж 44 хүн, түүний дотор есөн хүүхдийг аварч, 164 хүний цогцсыг гаргажээ.

Узбекистан 100 гаруй аврагч 13 хүнийг аварч, 38 хохирогчийн цогцсыг гаргасан байна. Өөр нэг 71 хүний бүрэлдэхүүнтэй баг Газианпет хотод ирсэн гэж Гадаад хэргийн сайд мэдээлжээ.

Израил 19 хүнийг аварсан бөгөөд Туркт аврах багаа хамгийн түрүүнд бэлтгэж, ажлаа эхлүүлсэн хэмээн талархаж буйгаа тус улсад суугаа элчин сайд Шакир Озкан өчигдөр /2023.02.13/ мэдэгдсэн байна.

Армен улсын хувьд Турктэй түүхийн хувьд таагүй харилцаатай байдаг. Гэсэн хэдий ч Арменаас 26 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг өчигдрийн байдлаар 3 хүнийг авраад байгааг “Armenpress” мэдээлжээ. Мөн сүүлийн 30 жилд анх удаа Армен-Туркийн хилийн шугам хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр нээгдсэн тухай Анадолу агентлаг дурджээ.

Сүүлийн байдал /2023.02.14/-аар Турк улсад 31,643, Сири улсад 5,700 гаруй хүний амь нас хохирч, хэдэн арван мянган хүн бэртэж гэмтэн, олон сая хүн орох оронгүй болсон гэж "Reuters" агентлаг мэдээлсэн байна. Мөн Сирийн баруун хойд хэсгийн босогчдын мэдлийн бүсэд “Цагаан дуулгатнууд” аврах ажиллагааг зогсоожээ. Тус Сирийн сайн дурын байгууллага цаашид сэргээн босгох ажилд шилжих аж.

Монгол Улсын аврах багийн тухай мэдээг энд дарж үзнэ үү.

Сураггүй алга болсон 12 настай хүүхдийг олж, ар гэрт нь хүлээлгэж өгчээ
Сураггүй алга болсон 12 настай хүүхдийг олж, ар гэрт нь хүлээлгэж өгчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.