Өнөөдөр чухал өдөр. Иргэд төлөөллийн төв байгууллагадаа улсынхаа ирээдүй болон тулгамдаад буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаарх санал бодлоо илэрхийлж, бодлого боловсруулахад туслах болно. Хоёр үе шаттай зохиогдож буй уг зөвлөлдөх санал асуулгын дүнг нэгтгэж, ард түмэн асуудлыг ингэж шийдвэрлэхийг хүсэж байна гэдэг зөвлөмжийг төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д хүргүүлэх учиртай.
Товчоор хэлбэл, үндсэн дөрвөн бүлэг асуудлын хүрээнд их олонлогийг төлөөлж буй бага олонлог байр сууриа илэрхийлж, хэлэлцэж дүгнээд “ҮХНӨ-ийг ингэж хийе”, эсвэл “Огт хэрэггүй” гэх зэрэг тодорхой зөвлөмж боловсрогдоно гэсэн үг. Өнөөдрийн зөвлөлдөх санал асуулгад санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1500 гаруй иргэдээс 850 гаруй нь биеэр оролцож төрийн ордондоо хоёр өдрийн турш төр барилцана.
Эдгээр санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 850 гаруй хүмүүсийн шийдлээс хамаарч, ҮХНӨ-ийг хийх эсэх, цаашлаад ямар асуудлын хүрээнд ярих ёстой вэ гэдэг ерөнхий хана гарах тул бүгд хариуцлагыг ухамсарлаж, зөвийг тунгаах нь зүйтэй. 2019 оны ҮХНӨ яг энэ зарчмаар өрнөж байсан түүхтэй. Өнөөдөр бид түүхэндээ хоёр дахь удаагийн зөвлөлдөх санал асуулгаа хийж буй нь энэ билээ.
Тэгвэл зөвлөлдөж шийдэхийн өмнө “Хэрвээ бид зөвлөлддөггүй байсан бол яах вэ” гэх сонин асуултыг өөрсдөөсөө асууж, дор бүрнээ хариулт өгцгөөе.
Товчхондоо зөвлөлдөж шийдэхгүй байна гэдэг бол төрийн эрх ард түмний мэдлээс тасарчихсан байх үеийн согог. Төрийн эрх ард түмний мэдлээс холдоно гэдэг бол парламентгүй, ардчилалгүй, үзэл бодлын эрх чөлөөгүй, олон ургалч үзэлгүй байх үеийн үзэгдэл. Ийм нийгмийг товчхондоо дарангуйллын буюу тоталитар дэглэмийн хэв шинж гэж дүгнэхэд хол зөрөхгүй байх. Өөрөөр хэлбэл, парламентад ёсыг тунхагласан ардчилсан Үндсэн хуульгүй улс орнуудад л байдаг энгийн бус хэрнээ эрүүл биш үзэгдэл юм.
Ийм газар Ерөнхийлөгч нь эсвэл, хамгийн том эрх мэдэлтэй дарга нь “тоглоом”-ын дүрмээ зохиодог. Тэд нэг л өглөө сэрээд Үндсэн хууль байтугай, хуульт ёсыг хуйгаар нь өөрчилж чадна. Хувийн өмчийг чинь хурааж чадна. Тэнд дарангуйллын схемээ хүссэнээр зурах эрхтэй. Яагаад гэвэл тэнд ардчилсан Үндсэн хууль байхгүй учраас. Яагаад гэвэл тэнд парламентын дархлаа байхгүй учраас тэр.
Ийм газар дарангуйлалтай, дайн самуунтай, дотоодын тэмцэл хагарал зөрчилтэй, эрх чөлөөний үнэр ч үнэртэхгүй. Зөвхөн хэн нэгэн дарангуйлагч нөхрийн зохиосон “ширэнгийн хуулиар” асуудлыг шийдэхээс өөр гарцгүй. Энд ард түмнээсээ асуух нь байтугай, үг ч сонсохгүй. Зөвлөлдөж шийдэх, ард түмэн төрийн хэрэгт оролцох зэрэг бол хэдэн зууны дараах, эсвэл хэдэн зууны өмнөх мөрөөдөл байсаар байх нь гарцаагүй. Ийм жишээ дэлхийгээр дүүрэн.
Харин бид өөр. Өнөөдөр бид зөвлөлдөж байна. Төрийн эрх барих дээд байгууллага нь жинхэнэ төр баригчдаа сонсож байна. Сайн муу, сайхан муухайгаар хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бидэнд байна. Тиймээс өнөөдөр зөвлөлдөхөөр сонгогдсон хэсэг нь Төрийн ордондоо, сонгогдоогүй түмэн нь үзэл бодлын талбар дээрээ зөвлөлдөцгөөе. ҮХНӨ үнэхээр хэрэгтэй юу, үгүй юу. Өнөөдрийн алдаа согог “Эцэг” хуулиндаа байна уу, эрх барьж буй намд байна уу гэдгийг хамтдаа хэлэлцье. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй.
Дахиад асууя. Хэрвээ бид зөвлөлддөггүй байсан бол яах вэ. Тиймээс төрдөө үгээ хэлэх, үзэл бодлоо төрийн хэрэгт тусгах боломжтой байгаа энэ эрх чөлөө, хуульт ёсоо тултал нь ашиглацгаая.