Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тяньжин хоттой боловсрол, худалдаа, бизнесийн салбарт хамтран ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 38 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Тяньжин хотын дарга Жан Гун, мөн тус хотын намын хорооны дарга Чэн Минь-Ар нартай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хоёр хот Ах дүү хотын харилцааны хүрээнд соёл, боловсрол болон эдийн засгийн салбарт хамтран ажилласаар ирсэн бөгөөд цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлж, туршлага солилцох, сайн жишгийг нутагшуулах боломж бүрдүүлэхээ энэ үеэр хэлэлцсэн юм.

“Тээвэр логистикийн төв” төслийн ажлыг урагшлуулна

Түүнчлэн дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутгийн 500 гаруй боомттой холбогддог Тяньжин хотын боомтыг түшиглэн хамтран ажиллах боломжуудын талаар эл уулзалтын үеэр хэлэлцлээ.

Тяньжин хотын боомтоор Монгол Улс руу жилдээ 90 мянган чингэлэг ачаа бараа тээвэрлэдэг. Тиймээс уг боомтыг түшиглэн Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн сүлжээг бий болгох, транзит тээврийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний тээвэр, логистикийн өртгийг бууруулж, барааны эргэлтийг хурдасгах нь чухал гэдгийг талууд онцолсон юм. 2009 онд БНХАУ-ын Тяньжин хотын Ардын засгийн газар болон Монгол Улсын Зам тээвэр, Барилга хот байгуулалтын яам хооронд Санамж бичиг байгуулж, Тяньжин хотын Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт 50 жилийн хугацаатай “Тээвэр-логистикийн төв” байгуулахаар шийдвэрлэж байжээ. Сүүлийн 16 жилийн турш тодорхой шийдэлд хүрээгүй энэ төслийг урагшлуулах, хамтран ажиллах боломжуудын талаар мөн хоёр тал хэлэлцлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар,

“Тээвэр логистикийн төв” төслийн хүрээнд боомт бүсийн 10 га газрыг 50 жилийн хугацаатай үнэ төлбөргүй түрээсэлж, Монгол Улсын импорт, экспортын бараа бүтээгдэхүүнийг хадгалах, задгай талбайн үйлчилгээ үзүүлэх, чөлөөт бүсийн орчинд бараа бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл эрхлэх, хүнсний бүтээгдэхүүнийг стандарт агуулахад хадгалах, талбай түрээслэх, тээвэр зууч, логистикийн үйлчилгээг үзүүлэх боломжтой. Тэгэхээр төслийг яаралтай урагшлуулах, 10 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, бүтээн байгуулалт хийх тал дээр дэмжихээ Тяньжин хотын удирдлага илэрхийллээ хэмээв.

Ухаалаг, эко хотын шийдлүүдийг Улаанбаатарт нутагшуулна

БНХАУ-ын Тяньжин хот смарт буюу ухаалаг технологид суурилсан дүүргийг хөгжүүлж буй. Энэхүү дүүргийн 31 хорооллын 400,000 өрхийн өдөр тутмын амьдралд тулгардаг асуудлуудыг үүлэн технологид суурилсан удирдлагын системээр хянан шийдвэрлэж байна.

Түүнээс гадна жолоочгүй нийтийн тээврийн үйлчилгээ, ухаалаг гэрлэн дохиог нэвтрүүлснээр авто замын ачааллыг 20 хувиар, түгжрэлийн хугацааг 20-30 минутаар бууруулж чаджээ. Тухайлбал, ухаалаг гэрлэн дохио нь тухайн замын ачааллаас хамаарч улаан, ногоон, шар гэрлүүдийг хэдэн минут, хэдэн секундийн хугацаатай асаах зохицуулалтыг дэвшилтэт технологийн тусламжтайгаар хийдэг.

Хятад-Сингапурын хамтарсан Тяньжин Эко хот, ухаалаг хотын хөгжлийн газрын Ухаалаг удирдлагын тасгийн дарга Мү Шяолин, "Оршин суугчдын амьдралд тулгардаг асуудлуудыг ухаалаг технологийн тусламжтайгаар шийдсэнээр олон хүний цаг зав хэмнэж байна. Нөгөө талаас бид технологийн эдгээр шийдлийг ашиглахдаа мэдээллийн аюулгүй байдлыг өндөр түвшинд чухалчилдаг. Энэ чиглэлээр дотооддоо тэргүүлэх мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачдыг урьж, халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулсан" хэмээсэн юм.

Түүнчлэн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх ухаалаг системийг нэвтрүүлжээ. Энэ хүрээнд хог хаягдлыг өндөр даралтын хүчээр нэгдсэн цэг рүү тусгай системээр тээвэрлэн хүргэж, ангилан ялгаж боловсруулахад бэлэн болгож байна.

Хятад-Сингапурын хамтарсан Тяньжин Эко хотын гүйцэтгэх газрын дэд дарга Жан Жин "Хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх энэ системийг 2015 оноос ашиглаж эхэлсэн, бүрэн автомат, хүний оролцоо бага тул зав цаг, зардал хэмнэсэн шийдэл. Өмнө нь хог хаягдлыг цуглуулах, ачиж тээвэрлэх, ялгах шатанд хүмүүс машин техниктэйгээр ажиллаж байсан бол одоо үүнийг технологийн шийдлээр гүйцэтгэж байна" гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа, "Тяньжин хот эдийн засгаа хөгжүүлэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй байх шийдлүүдийг нэвтрүүлсэн байна. Тухайлбал, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх системтэй бид танилцлаа. Улаанбаатар хотод ч турших, энэ чиглэлд хийж хэрэгжүүлэх боломжийн талаар судалж байна. Ер нь хотоо тэлэх, төлөвлөх мөн дагуул хотыг хөгжүүлэхдээ дэд бүтцээ нэн тэргүүнд шийдэх ёстойг эндээс харж байна" гэсэн юм.

Хот, нийтийн аж ахуй, шуурхай удирдлага болон хот төлөвлөлтөд нэвтрүүлж буй ухаалаг, дэвшилтэт шийдлүүдийг Улаанбаатар хотод нэвтрүүлэх, сайн жишиг, туршлагуудыг нутагшуулахад Тяньжин хоттой хамтран ажиллахаар тохиролцсоныг Хотын дарга Д.Сумъяабазар онцолсон юм. Тухайлбал, Хятад-Сингапурын хамтран хэрэгжүүлж буй ухаалаг хот, эко хот концепцын ухаалаг шийдлүүдийг шинэ суурьшлын Буянт-Ухаа бүсэд нэвтрүүлэхээр тохиролцлоо.

Боловсрол, худалдааны салбарт хамтын ажиллагаагаа тэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Тяньжин хотын дарга Жан Гун, мөн тус хотын намын хорооны дарга Чэн Минь-Ар нартай хийсэн уулзалтын үеэр боловсролын салбарын хамтын ажиллагаагаа, шаардлагатай чиглэлд боловсон хүчин бэлтгэх, мэргэжилтнүүдийг хүний нөөцийн сургалтад хамруулах боломж бүрдүүлэхээр тохиролцлоо.

Мөн "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" ХК-тай хамтран худалдаа, бизнесийн харилцааг тэлэх саналуудыг тавьж, тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

“Налайх дүүрэг рүү явна“ гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон эрэгтэйн цогцсыг олжээ
“Налайх дүүрэг рүү явна“ гэж гэрээсээ гараад сураггүй алга болсон эрэгтэйн цогцсыг олжээ
 
Л.Оюун-Эрдэнэ: 1072 хувьцаа бол УЛС ТӨРИЙН АМЛАЛТААС болж үүссэн. Улмаар “Чалко”-той холбоотой асуудал гарч ирсэн
Л.Оюун-Эрдэнэ: 1072 хувьцаа бол УЛС ТӨРИЙН АМЛАЛТААС болж үүссэн. Улмаар “Чалко”-той холбоотой асуудал гарч ирсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.