Монголчууд бид нүүдэлчин ард түмэн. Жилийн дөрвөн улиралд морь, малаа даган өвсний сайхныг шинжиж, усны сайныг шимэн, ашигт малынхаа үр шимийг хүртсээр өнөөдрийг хүрсэн билээ. Тэр ч утгаараа Монголчууд бид нүүж суухад эвдрэхгүй, нүд тусам өвөрмөц хийцтэй алт, мөнгөн эдлэлийг хэрэглэж, амьдрал ахуйгаа тэгшилсээр ирсэн.
Үүний нэгэн жишээ бол идээний цар, цайны домбо, эхэмсэг бүсгүйчүүдийн гоёл чимэглэл бөгөөд алт, мөнгө, шүр, сувдаар чимж, дахин давтагдашгүй өвөрмөц хийцийг өөртөө шингээсэн байдаг. Тийм ч учраас өвөг дээдэс маань "Дархан хүн бурхан ухаантай" хэмээн нэрлэж дархан хүний ур ухааныг биширч, үнэлж баршгүй ур ухаан, эв дүйг нь бурхантай адилтган зүйрлэсэн юм болов уу. Уран дархчуудын бүтээсэн мөнгөн аяга, идээний цар, домбо, мөнгөн тоногтой эмээлээр гэрээ чимж, сар шинийн баяраар ирсэн зочдоо дайлдаг уламжлал өнөө хэр тасраагүй.
"Сүүлийн үед эмэгтэйчүүд шинийн нэгэн болон өглөө бүр цайныхаа дээжийг өргөхдөө цацлаар бус халбагаар өргөх нь ихэссэн. Энэ нь Монголчуудын үүх түүх бага багаар алдагдаж байгаагийн нэгээхэн илрэл" хэмээн санаа алдан өгүүлэх нэгэн эрхмийг Д.Баярхуяг гэдэг.
Тэрбээр Монгол түмний өнө эртнээс уламжлагдан ирсэн мөнгөн эдлэл, үнэт зүйлийг урлан өөрийн ур ухаан, сэтгэл оюунаа уран бүтээлдээ шингээж, мартагдаж буй өв соёлыг эргүүлэн таниулах их үйлсэд ханцуй шамлан зүтгэж буй эрхэм хүмүүсийн нэгээхэн төлөөлөл юм. Түүний хувьд алт, мөнгөн эдлэл урладаг "Дуут урлан"-ийн эрхлэгч аж.
"Дуут урлан"-ийн хамт олон 30 гаруй жилийн хугацаанд үндэснийхээ өв соёлыг түгээн дэлгэрүүлэхээр ханцуй шамлан зүтгэж буй бөгөөд энэ их үүх түүхийг хойч үедээ өвлүүлэн үлдээхээр хичээн ажиллаж байгаа тухайгаа ч хэлж байв.
Уран дархны ур хийцний ангилал нь үндсэн 5 элементтэй аж. Тухайлбал,
- Хөөмөл
- Утсан сүлжмэл
- Ган сийлбэр
- Уран цутгуур
- Чулуу, мод, эсгий зэрэг бусад зүйлстэй хослуулан урлах аргууд байдаг гэнэ.
Гэхдээ орчин үед дээрх элементийг бүхэлд нь нэгтгэн нэгэн уран бүтээлийг туурвиж болохоос гадна эртнээс уламжлагдан ирсэн нутаг, нутгийн өвөрмөц хэв шинжийг ч хамтатгах бүрэн боломжтой гэнэ. Мөн сүүлийн үеийн техник, технологийг ашиглан орчин үеийн хэлбэр хийц, өнгө загвар бүхий үнэт эдлэлийг бүтээх бүрэн боломжтой.
Уран дархчууд үндэсний өв соёлоо дээдлэн, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээхийн тулд өөрсдийн бүхий л уран чадвар, авьяас, оюун бодлоо шингээн урлаж буй. Гэтэл сүүлийн үед импортоор уран дархчуудын аль ч бүтээлийг хуулбарлан, хувиргаж оруулж ирж байгаад тэд харамсаж явдаг тухай Д.Баярхуяг гуай хэлж байв.
Дархчуудын бүтээл нь цаг улирах тусам үнэ цэнтэй болж байдаг бол техникээр хийсэн эд, эдлэл нь цаг өнгөрөх тусам илүү хямд, үнэ цэнгүй болж байдаг. Үүний нэгэн жишээ бол монгол домбо юм.
"Дуут урлан"-ийн хамт олон 32 төрлийн "МОНГОЛ ШАТАР"-ыг бүтээжээ
"Дуут урлан"-ийн хамт олны бүтээсэн 32 төрлийн Монгол шатар нь өнө эртний түүх соёлоос гадна бага балчир насандаа сонсож өссөн үлгэрийн ерөнцийг өөртөө шингээжээ. Мөн өөр, өөрийн гэсэн өвөрмөц, дахин давтагдашгүй хийц, соёлын бэлэгдлийг уран бүтээлдээ шингээж өгсөн нь хамгийн их анхаарал татна.
Үүний нэгэн жишээ бол эртээ урьдын цагт хэмээн эхлэх "Болдоггүй бор өвгөн"-ий үлгэрийг нисдэг бор морь, болзоотын бор толгой, хан хурмаст, түүний туслахуудын төрхөөр хэлбэр хийцийг нь маш уран нарийнаар дүрслэн урлажээ. Түүнчлэн хан хурмастын тэмээ гэхэд моринд сүүлээ, буганд эврээ алдаагүй байх үеийн ариун дагшин хэвээр дүрслэгдсэн нь нэг үлгэрээс нөгөө үлгэрийн онцлогийг мэдрэх боломжтой өвөрмөц бүтээл болсон аж.
Хүүхдүүд шатар тоглож байгаа мэт боловч, нөгөөтэйгүүр "Болдоггүй бор өвгөн"-ий үлгэртэй танилцах давхар нэгэн боломжийг олгож буй. Энэ талаар уран дархан Д.Баярхуяг "Залуус, ирээдүй хойч үедээ маш энгийн хэрнээ илүү уран тансагаар өв соёлоо өвлүүлэн үлдээх гэж буйн нэгэн жишээ бол энэ" хэмээв.
Үеэс үед уламлагдан ирэх үнэт ЦАЦАЛ
Сүүлийн үед бүсгүйчүүд, ээж нар маань цай сүүнийхээ дээжийг өргөхдөө цайны халбагаар өргөх нь их болсныг "Дуут урлан"-ийн хамт олон анзаарч, уран дархчууд санаа, сэдэл гарган уран, чамин хийц бүхий цацлыг гаргасан аж.
"Цай, сүүнийхээ дээжийг өргөхдөө уул ус, газар дэлхий, нутаг ус, гэр бүлээ даатган хамаг амьтны тусын тулд тэнгэр, газартаа сүсэглэх нь нэг ёсны засал болдог. Тиймдээ ч Монгол ээж нар дээжээ өргөхдөө цацал юугаа бэлдэж, өнө эртнээс уламжлагдан ирсэн үүх түүхээ дээдэлдэг заншилтай. Гэвч сүүлийн үед эмэгтэйчүүд цай, сүүнийхээ дээжийг өргөхдөө цацлаар бус хоолны халбагаар өргөх болсон нь үүх түүх маань бага багаар алдагдаж буйн нэгээхэн илрэл.
Тийм ч учраас "Дуут урлан"-ийн хамт олны бүтээсэн энэхүү цацал нь ээжээс охиндоо, охиноос үр хүүхэддээ уламжлал болгон дамжигдан ирэх соёлын өвийн нэг болж буйгаараа онцлог аж.
Идээний цар гэхэд хаан сүйх, хатан бугуйвчийг дүрслэхээс гадна тухайн айл өрхийг үргэлж мөнх үржин дэлгэрч байхыг бэлэгдэн ургаж буй навч, цэцэгсийг урлахаас гадна, аюул осол, муу муухай бүхнээс хамгаалахын тулд алхан хээгээр хамгаалсан байна. Үүнээс үзэхэд л монгол дархчуудын ур ухаан ямар арвин гэдгийг харж болохоос гадна бэлэгдлээс бэлэгдлийг шингээн, хослуулж өгч байгаагаараа онцлог байв. Энэ бол энгийн нэгэн жишээ.
Харин бүхий л эд хэрэглэл өөрсдийн гэсэн үнэ өртөгтэй байв. Монгол шатар гэхэд нэг сая төгрөгөөс эхэлж байсан бол домбо, цар зэрэг нь 1,5 сая төгрөгөөс эхэлж байв. Мэдээж хэрэг энэ нь өөрсдийн хөлс хөдөлмөрөөс гадна алт, мөнгө, гууль зэрэг үнэт металаас ихээхэн хамаардаг байна.
Энэхүү үүх түүх, өв уламжлалынхаа талаар урлаач Д.Баярхуяг "Монголчууд бид асар их өв соёлтой ард түмэн. Тийм ч учраас үндэснийхээ өв соёлыг хайрлан хамгаалж, хүндлэн дээдэлье. Түүнээс гадна уран дархчууд бид энэхүү өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний зорилго. Хэрэв ингэж өв соёлоо түгээн дэлгэрүүлж чадвал энэ нь бидний одоогийн хийгээд хойд насны маань бахархал болно гэж боддог. Бид уран дархныхаа бүтээлд өөрсдийн зүрх сэтгэлээ зориулахыг хичээж байдаг" гэв.
Үнэхээр монгол дархны ур ухаанаас бүтсэн алт, мөнгөн эдлэл нь монголчууд бидний үүх түүхийн нэгээхэн хэсэг. Түүнээс гадна монголчууд бид алт, мөнгөн эдлэлээ тэр бүр анзаардаггүй хэдий ч уран дархчуудын ураа шингээн урласан үнэт эдлэлийг сонгохоос илүүтэй импортоор орж ирсэн хэврэг, хулхи барааг тэр дундаа цайны домбо болон бусад эд эдлэлийг худалдан авахыг эрмэлздэг байна.
Тиймээс монгол дархчуудынхаа урласан соёлын үнэт зүйлсээ сонгохыг уриалж байна.