УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр /2023.02.02/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэрбээр,
"Том хулгайнуудын ард ТӨР байна. Төр маань гацчихсан байна. Энэ гацааг гаргахгүй бол цаашид хөгжил байхгүй юм байна. Авлигаа дийлэхгүй. Том хулгайнууд ч зогсохгүй юм байна.
Тийм учраас тогтолцооны өөрчлөлтийг хийе гээд иргэд, залуус санал хүсэлтээ өгсөн. Бид 100 мянга гаруй иргэний гарын үсэг цуглуулж УИХ-д өгсөн ч шийдвэрлэж чадаагүй. Үүний нэг жишээ бол өвөл болсон нүүрсний хулгай ил болж иргэд нийтээрээ бухимдлаа. Одоо гэтэл Койны асуудал гарч ирж байна. Ирэх долоо хоногоос дахин Хөгжлийн банкны асуудлаа ярьж эхэлнэ. Хулгай ярьсаар байгаад амьдрал дууслаа.
Тогтолцооны асуудлаа шийдье гээд ярихад нэг талдаа өвөө нар гарч ирээд Үндсэн хуулиа өөрчилье гэдэг ахмадууд гараад ирлээ. Бүр дэглэм өөрчлөх асуудал ярих нь буруу.
Харин иргэдийн зүгээс юуг өөрчлөхийг хүсэж байгаа вэ гэвэл, авлига, хулгай, бодит орлого нэмэгдүүлэх, Монголдоо амьдрах нөхцлийг бүрдүүлж өгөхийг л хүсэж байгаа. Тиймээс өнөөдөр бид мэдээлэл өгч байгаа нь "Хамтдаа өөрчилье" аяныг эхлүүлж байгаа юм.
Мөн зарим УИХ-ын гишүүд тойрогтоо бэлэг тарааж байна. Харин ХҮН нам иргэддээ бэлэг тараахгүй харин мэдээлэл түгээе гэж байгаа юм" гэлээ.