Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: Гомдол хүлээн авагч нар нь өөрсдийн үнэлэмжээр энэ хаягийг хаа, энэ постыг устга гээд байвал яах уу. Энэ хуульд Ерөнхийлөгч хориг тавих ёстой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 57 секунд

УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн чуулганаар УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилсан "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хууль батлагдсан. Гэвч уг хууль нь хүний эрхэд халдсан, албан тушаалтнууд иргэдийн амыг хаах гэж байна гэх шүүмжлэлд өртөөд буй. Тиймээс олон нийтийн зүгээс тус хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хориг тавих ёстой хэмээн үзэж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төвөөс “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт контент бүтээгчид, хэвлэл мэдээллийнхэн, хуульчид, иргэдийн төлөөлөл оролцож, үзэл бодлоо илэрхийлсэн.

Хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэж байна.

"Цогц хөгжлийн Үндэсний төв"-ийн Гүйцэтгэх захирал М.Энхбадрал "Цахим орчинд Хүний эрхийг хамгаалах тухай хуулиас гадна түүнийг дагаж өөрчлөгдөж байгаа хуулиудад олон нийт анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Учир нь цахим орчинд хүний эрхийг хамгаалахтай холбоотой хууль юм бол яагаад харилцаа холбооны хуульд сүлжээг унагах, хэсэгчилж хязгаарлах зохицуулалтууд нэмэгдэж байгаа юм бэ. Энэ нь цахим орчинд хүний эрхийг хамгаалахтай ямар холбоотой юм бол.

Нэгдүгээрт, Энэ нь өөрөө зохицуулалтын хувьд эрсдэлтэй.

Хоёрдугаарт, УИХ өөрөө хууль батлах бас мөрдөх ёстой дэг журам гэж байдаг. Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хамгийн чухал зүйл нь энэхүү хууль батлагдсанаараа эрх ашиг нь хөндөгдөж болох оролцогч талуудын саналыг тусгаснаараа ардчилсан байж, парламентаас гарч байгаа шийдвэрүүд хүлээн зөвшөөрөгдөх, хэрэгжих учиртай. Гэтэл энийг зөрчөөд хоёр хоногийн дотор хэлэлцүүлээд 3 хоногийн дотор шууд батлагдаж буй нь байж боломгүй зүйл юм. Шуурхай горимоор хэлэлцүүлэхдээ бол зөвхөн төсвийн асуудлыг хэлэлцүүлэх ёстой. Тийм зохицуулалт дээр ЗГ-аас батлаад зөвхөн нэг хүн энэ хуулийг зүтгүүлээд нотлуулж байгаа юм шиг харагдаж байгаа боловч одоо эрх баригчид нийтээрээ иргэдийн эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх гээд тэр Үндсэн хуулиар олгодог гол эрхүүдийг бол шууд хөндсөн, маш аюултай хуулийн зохицуулалт болж байна" гэлээ.

Хуульч, Өмгөөлөгч Б.Наранцэцэг "Хуулийн зургадугаар зүйл дээр зөрчилтэй контент гэж 12 контентыг нэрлэсэн. Үүний дийлэнх нь Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн холбогдох зүйл, хэсгээр зохицуулагддаг харилцаа байна. Өөрөөр хэлбэл, хуулиар хэдийнэ зохицуулсан харилцааг давхардуулжээ. Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг зөрчлөө гэхэд түүнийг цагдаа нь шалгаад, шүүх рүү шилжиж шийдэгддэг. Үүнийг Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуульд оруулаад ирсэн. Тодруулбал, зөрчилтэй контентын гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэх гэх нэгж нь эрүүгийн болон зөрчлийн гэмт хэргийг цагдаа, шүүхийн өмнөөс шийдвэрлэх дүр зураг харагдаж байна. Хүн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхтэй. Тухайн хүнийг гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтоодог. Сая батлагдсан хууль нь энэ асуудлыг хөндөх хэмжээний, маш том асуудал юм" гэв.

Сэтгүүлч Г.Алтантүрүү "Энэ хуулийг баталснаар бид гадаад улсуудад жижиг хятад, жижиг орос шиг л харагдана. Гаднаас зөндөө хөрөнгө оруулагчид татна гээд л байна. Гэвч биднийг "Дарангуйлагч улс байна, иргэдийнхээ амыг хамхичихсан юм байна" гэж бодно. Ийм байхад хэн хөрөнгө оруулах вэ. Энэ хуулиар олон хүн эрүүгийн гэмт хэрэгтэн болох юм байна. Эрүүгийн гэмт хэрэгтэн болохоор гадаад явж чадахгүй, виз гарахгүй болох нь. Насаар нь гэмт хэрэгтэн гэдэг нэр дагаж явах юм байна. Хэдхэн дагагчтай байсан ч үг хэлснийхээ төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болох нь. Хууль нэгэнт батлагдсан учир Ерөнхийлөгчид найдахаас өөр аргагүй. Хэрэв хориг тавихгүй бол НҮБ дээр очоод ардчилсан улсын Ерөнхийлөгч гэж хэлж чадах уу. Олон улсын өмнө гарах нүүргүй болно" гэсэн юм.

Комедиан Б.Төгөлдөр "Фэйсбүүкийн энгийн хэрэглээтэй хүнд ч энэ хууль хамаарах юм байна. Хэн нэгэн албан тушаалтны нэр оруулаад л пост хийхэд хүнийг албан тушаалаар нь ялгаварлан гадуурхлаа гээд хаягийг нь хаах боломжтой боллоо. Зөрчилтэй контентын гомдлыг хүлээж аваад хянах нэгж байгуулах юм байна. Хэр зөв ажиллаад, контент хянах вэ гэдэг нь эргэлзээтэй байна. Тэр хүмүүсийг бас хэн томилох вэ. Би хардах эрхтэй гэдэг талаасаа авч үзвэл тэр хүмүүс өөрсдийн үнэлэмжээр энэ хаягийг хаа, энэ постыг устга гээд байвал яах вэ. Ийм тодорхой бус хуульд Ерөнхийлөгч хориг тавих ёстой. Ерөнхийлөгч өө, иргэддээ итгэл найдвар өгөөч" хэмээлээ.

О.Оюундарь

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа
 
АТГ: Эрүүгийн нэг хэрэгт 3 объектод нэгжлэг хийлээ
АТГ: Эрүүгийн нэг хэрэгт 3 объектод нэгжлэг хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.