Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Уламжлалт хэвийн боовоор зассан, таван үетэй тавгийн идээг иж бүрнээр нь 137 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
11 минут 49 секунд

"Амар байна уу" хэмээн золгож, ахмад настнуудынхаа мэндийг мэдэх, ирэх жилийнхээ өнгийг засах Монгол түмний уламжлалт баяр тун удахгүй тохиох гэж байна. Жил бүр үндэснийхээ үйлдвэрийг дэмжихийг уриалах авч үнэ өртгийн хувьд өндөр хэмээн үздэг тул барьсан бэлэг, авсан эдлэл нь Хятад бараанаас хэтэрдэггүй. Түүнээс гадна сар шинийн баярын үеэр БНХАУ-руу нэг их наяд төгрөг гардаг гэсэн тооцоо ч гарсан байдаг.

Тийм учраас улс, эх орныхоо эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Амар байна уу 2023” үндэсний үйлдвэр эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг санаачлан зохион байгуулж, хоёрдугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжүүлэхээр төлөвлөөд буй юм.

Иймд UBN.mn сайтын сурвалжлах баг "Шинэ 100 айл” худалдааны төвд зохион байгуулагдаж буй "Амар байна уу 2023" үзэсгэлэн худалдаанаас дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

-БЗД, "Шинэ 100 айл" худалдааны төв

Үзэсгэлэн худалдаанд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл болох үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Үндэсний дээл, гутлаас эхлээд цагаан идээ, ааруул, ээзгий, хэвийн боов, уламжлалт аргаар бүтээгдсэн арьсан эдлэл, эсгий урлал, эмээл, хазаар, нум сум гэх мэт тоочоод баршгүй бүхий л эд хэрэглэлийг нэг дор багтаасан байв.

Видео сурвалжилгыг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Түүнээс гадна үзэсгэлэнгийн гол онцлог бол үйлчилгээ эрхлэгчдээсээ нэг ч төгрөгийн түрээс авахгүй харин хамгийн чухал нь хямд үнийн бодлогыг баримтлуулах хэмээн зохион байгуулагчдын зүгээс илэрхийлж байв. Энэ талаар "Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-ын Дэд дарга А.Анхбаяр дараах зүйлийг хэллээ. Тэрбээр,

Цагаан сараар 1 их наяд төгрөг импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулагддаг. Үүнийг улс, эх орондоо үлдээх зорилготой

"Тус арга хэмжээнд 1000 гаруй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч нар, 15-20 мянган бараа бүтээгдэхүүнээр оролцож байна. 10 мянган мкв талбайд зургаан блокд үг үзэсгэлэн худалдаа гарч байна. Мөн үйлчилгээ эрхлэгчдээсээ ямар ч төлбөр, түрээсийн мөнгө авахгүй байгаагаараа онцлогтой. Тиймээс үйлдвэрийн үнээр худалдан авал хийх боломж иргэдэд маань олдож байгаа юм.

Мөн сар шинийн баяраар 1,3 их наяд төгрөгийн худалдан авалтыг иргэд хийдэг байна. Гэвч үүнээс 1 их наяд төгрөг нь импортын бараа бүтээгдэхүүнд зарцуулагддаг гэсэн үзүүлэлт байдаг. Тиймээс энэ хэмжээний мөнгийг улс, эх орондоо үлдээх зорилготой" гэлээ.

Мөн худалдан авалт бүрт НӨАТ-ын баримт өгч байгаа аж. Энэ тухай "Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв" НӨҮГ-ын Хэлтсийн дарга Л.Цолмонтуяа хэлсэн юм.

Худалдан авалт хийсэн иргэн бүр И-Баримт авах боломжтой

"Аль ч худалдаа эрхлэгчдээс иргэд маань худалдан авалт хийсэн ч И-Баримтаа авах бүрэн боломжтой байгаа. Тиймээс БЗД-ийн хамт олон И-Баримтыг хэрхэн олгох тал дээр хамтран ажиллаж, үйлчилгээ эрхлэгчдэд маань И-Баримт олгох тал дээр туслалцаа үзүүлж байгаа. Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны хэсэг мөн үргэлжилж байна. Энэ нь томоохон ААН-үүд маань ЖДҮ эрхлэгчдээсээ түүхий эд худалдан авах гэх мэт үйл ажиллагаа явагдаж байгаа" гэсэн юм.

Худалдаа эрхлэгчдийн зүгээс түрээсийн төлбөр авахгүй байгаад туйлын их баяртай байгаа гэдгээ илэрхийлж байсан юм. Тэдний нэг бол "Үйтэн үйл" ХХК-ийн үүсгэн байгуулагч, Н.Хандсүрэн бөгөөд өөрийн сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа.

Үзэсгэлэнд оролцож буй үйлдвэр эрхлэгчдээсээ нэг ч төгрөгийн түрээс авахгүй байгаад маш их талархаж байна

"Нийслэлийн ЗДТГ-аас энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаад маш их баяртай байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч бид бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулах газар байхгүй, түрээс өндөр байдгаас үүдэн асуудал тулгардаг байсан. Мөн түрээс авахгүй байгаа учраас бараа бүтээгдэхүүнээ өөрийнх нь зардлаар зарж байгаа.

Өмнө жилийг бодвол дээлний үнэ харьцангуй өссөн байна. Учир нь бараа бүтээгдэхүүний зардал мөн хил гаалийн асуудлаас үүдэн материалын үнэ эрс нэмэгдсэн. Тиймээс үнийн хувьд бага зэрэг нэмэгдсэн байгаа" гэсэн юм.

"Шүр" урлангийн борлуулагч Д.Сүрэнбаяр,

Дээл болон цамцнууд маань материал, загвар хийцээсээ шалтгаалан үнийн хувьд өөр, өөр байгаа. Гэхдээ хямд үнийн бодлогыг баримталж байна

"Манай урлангийн хувьд залуу гэр бүлдээ зориулан 3-4 хос хувцас гаргаж байгаа. Материалын хувьд өөр хэдий ч хамгийн хямд үнийн бодлогыг барьж ажиллаж байна. Тухайлбал, миний ард харагдаж байгаа 4 хос хувцас нь 360 мянган төгрөгөөр авч өмсөх боломжтой. Мөн төрөл бүрийн дээлнүүдийг зарж, борлуулж байна" гэв.

Харин цагаан идээний хувьд мөн л өөр өөрийн гэсэн үнийн зөрүүтэй байлаа. 21 аймгийн төлөөлөл ирсэн тул ямар нэг гурилын хольцгүй ааруул, нэмэлт хольцгүй сүү сүүн бүтээгдэхүүнээр буюу чанартай эко бүтээгдэхүүнээр үйлчилж байв. Зарим худалдаа эрхэлж буй иргэдийн хувьд тавгийн ааруул авсан хүмүүст гарын бэлэг зэргийг өгч байгаагаа ч онцолсон юм. Тэдний нэг бол Дундговь аймгаас оролцогч, Э.Чулуундарь бөгөөд тэрбээр,

Тавгийн ааруул худалдан авсан тохиолдолд 15-20 хувь хямдруулж өгч байгаа. Мөн чимэглэлийн 1 кг ааруулыг бэлэглэж байна

"Монгол үхрийн сүүгээр хийсэн тарагны ааруулаараа үзэсгэлэнд оролцож байна. ЖДҮ эрхлэгчдийгээ дэмжээд нэг сарын хугацаанд үнэ төлбөргүйгээр оролцуулж байгаа явдал нь маш их давуу талтай байна. Мөн иргэд нэг дороос хүссэн бүх ааруул, цагаан идээ цаашлаад хувцас, бэлэг дургсгалыг авах боломжтой байгаагаараа ч онцлог юм.

Үнийн хувьд харьцангуй өөр байна. Тухайн бүтээгдэхүүний түүхий эд, хөдөлмөр зэрэг бусад хүчин зүйлсээс шалтгаалан үнийн хувьд өөр өөр байна. Манай гаргаж буй энэхүү тавгийн ааруулын хувьд 9 үе өрсөн байна. Ингээд бүтнээр нь авбал 350 мянган төгрөгөөр худалдана. Мөн иргэд өөрсдийн хүссэнээр 3, 5, 7, 9 үе гэх зэргээр авах боломжтой. Үзэсгэлэнгээс худалдан авалт хийсэн иргэдднээ нийт үнийн дүнгээс 15-20 хувь хямдруулж өгөх юм" гэлээ.

Ихэнх айл өрхүүд хэвийн боовоор тавгаа засдаг. Гэвч тавгийн идээний гол бүтээгдэхүүн болох хэвийн боовны үнэ өмнө жилүүдтэй харьцуулахад өссөн байгаа юм. Тухайлбал, нэг ширхэг хэвийн боовны үнэ 4000-6500 төгрөгийн хооронд байгаа бөгөөд мөн л амт чанар, хэлбэр зэргээсээ хамааран өөр өөр байв.

"Суман гүн" ХХК-ийн борлуулалтын менежер Х.Тэмүүлэн,

Уламжлалт аргаар хийсэн хэвийн боовоор зассан, таван үетэй тавгийн идээг иж бүрнээр нь 137 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой

"Зохион байгуулагчдын зүгээс ямар нэг түрээсийн төлбөр авахгүй, биднийг дэмжиж ажиллаж байгаад их талархаж байна. Тиймээс үзэсгэлэнд оролцож буй бүх хүмүүс болон ААН-үүд, үйлдвэрлэл эрхлэгчид маань үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулж байна. Одоо ч хүмүүс их ирж байна. Гэхдээ цагаан сар дөхөхөөр бүр их болох байх. Уламжлалт аргаар хийсэн хэвийн боовоор зассан таван үетэй тавгийн идээг иж бүрнээр нь 137 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой" гэв.

Харин "Мөнх-Удрам" ХХК-ийн борлуулалтын менежер С.Эрдэнцэцэг дараах зүйлийг ярив. Тэрбээр,

Түүхий эдийн үнийн өсөлттэй холбогдуулан хэвийн боовны үнэ өссөн

"Манайх үйл ажиллагаагаа явуулаад олон жил болж байна. Нэг ширхэг бараа ч хамаагүй үйлдвэрийн үнээр иргэддээ худалдаалж байгаагаараа онцлог. Хэвийн боовнуудын хувьд орц, хэлбэрээсээ шалтгаалан үнийн хувьд өөр байгаа. Мөн түүхий эдийн үнийн өсөлттэй холбогдуулан хэвийн боовны үнэ өссөн" гэлээ.

Харин иргэдийн зүгээс үзэсгэлэн худалдаанд маш олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаагаас гадна үнийн хувьд харьцангуй боломжийн байгаа талаар хэлж байв.

Бараа бүтээгдэхүүнүүдийн үнэ харьцангуй бага байна. Гэхдээ хэвийн боовны үнэ нэмэгдсэн санагдаж байна

Иргэн Ч.Пүрэвжал "Үзэсгэлэн худалдаанд зарж, борлуулагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ ханш харьцангуй бага байна. Гадуур зарагдаж байгаа бүтээгдэхүүнүүдээсээ шүү дээ. Бэлэн хувцас, дээл хувцас гээд бүх гэзрээр явлаа. Одоо цагаан идээгээр явж, үнийг нь судалж байна.

Гэхдээ хэвийн боовны хувьд бага зэрэг үнэтэй санагдлаа. Гурилын үнэ нэмэгдсэнээс үүдэж үнэ өссөн болов уу. Таваас зургаан мянган төгрөгийн хооронд байна" хэмээлээ.

Ааруулны хувьд орон нутгаас ирж буй үнээрээ байна гэж харлаа

Иргэн, "Үнийн хувьд харьцангуй боломжийн санагдлаа. Сая явж байгаад ааруул авлаа. Яг л орон нутгаас ирж байгаа үнээрээ байна гэж харлаа" гэсэн юм.

Иргэдийн зүгээс зарим бараа бүтээгдэхүүний үнийн хувьд харьцангуй боломжийн, гадуур зарагдаж байгаа үнээс бага байгааг онцолж байсан бол худалдаа эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүй байгаад туйлын баяртай байгаагаа мөн хамгийн хямд үнийн бодлогыг баримталж байгаагаа илэрхийлж байв.

Түүнээс гадна И-Баримт олгож буйгаараа ч илүү давуу талтай санагдсанаас гадна нэг дороос олон нэр төрлийн барааг олох бүрэн боломжтой хийгээд монгол хүний ур ухаанаар шинэсэн бүхий л бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой аж.

УЦУОШГ: Энэ сарын 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна
УЦУОШГ: Энэ сарын 27-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна
 
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
ТАНИЛЦ: Сурагчдын улирлын амралтын хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.