Сэтгүүлч М.Буянбадрахын “Монголоо хайсан Монгол” нэвтрүүлэг гарч эхэлснээр бид цэнхэр гараг дээр тийм ч цөөхүүлээ биш гэдгээ нийтээрээ мэдэх болсон. Ил тарвагтайгаас Солонгосын хойг, Урт хэрмээс Байгаль далай хүртэл төв азийн өндөрлөг газар нүүдэлч угсааны Монгол, Түрэг, Хамниган үндэстэн үе улиран амьдран суудаг байжээ. Цагийн элээлтэнд Түргүүд баруун тийш шахагдан нүүдэлсээр өнөөгийн хар тэнгисийн өмнөд эрэгт суурьшин улсаа байгуулсан бол хамниганы Чин гүрэн мөхөөд зуун жил болж байна. Төв азийн ерийн биш өндөрлөг газарт хамгийн удаан голомтоо сахисан Монголчууд бол дэлхий дээрхи ул мөр нь мэдэгдэж байгаа нэн эртний үндэстнүүдийн нэг. Зурж өгсөн хил дотроо бид 3 саяулаа боловч алаг дэлхий дээр 11 сая Монгол угсааныхан амьдарч байна. Төв ази, ойрхи дорнод, европ, африк хүртэл алаг цоогоор сунайн суурьшсан ийм угсаатан дэлхийд ховор. Тэдгээрийн дотроо Монгол угсаатнуудын дийлэнхи нь өмнөд хөршид амьдарч байдаг нь нэн сонин.
/Wikipedia дээр тэмдэглэгдсэн Монгол угсаатны тархацын зурагт Хазара нараас авхуулаад олон угсаа гарал нэгтнүүд маань ороогүй/
Хүнхэр нүд, дугуй царай, дундаж нуруутай жар эргэм насны эрийг Сяо Юн Цюан гэдэг. Тэрээр Хятадын Хөнань мужаас хоёр дахь удаагаа Монголд иржээ. Монгол Улсад Чингэс хааны ордон байгуулах мөрөөдлөө Монголчуудад дэлгэхээр ирсэн нь энэ аж.
Тогоон төмөр хаан Бээжинг орхин Хэрлэн барс хотруу дутаахтай зэрэгцэн Бээжингээс өмнөд Шаньси мужид захирч байсан цөөн бүл Монголчууд Хөнань Мужийн Жун Моу гэх газар зугатан ирсэн байдаг. Их Монгол Улсын байлдан дагуулалтын үед Шаньси мужийг Чингэс хааны том хүү Зүчи эрхшээн захирч байсан түүхтэй. Түүний дараачаар Бат хааны том хүү Сагартай энэ газар эзэн суужээ. Сяо овогтууд өөрсдийгөө Сагартайн үр хойч гэж үздэг. Их Юань улс нуран унасны дараа дундадыг эрхшээж байсан Монголчуудыг нэлээд олноор нь хядаж хороосон бөгөөд үлдсэн хэд нь өөрийнхөө угсаа гарлаа нуун далдаж, Хятад хүний адилаар тариа будаа тарьж амьдрах болсон байна Тэдгээр Монголчууд Ли, Сяо, Юи, Ван гэх овог авсан нь амьд оршихуйн жам ёсны хэрэгцээгээр Хятаджисан үзэгдэл бөлгөө. Гэвч овог угсаагаа бичих ханзын зурлага нь тун гүн агуулгатай. Му Ли гэсэн хоёр ханзаас бүрдэх Мухули жанжны хойч үр сад гэж өөрсдийгөө Ли овогтууд хэмээжээ. Ли овогтууд Сяо-чуудыг бодвол ургийн бичгээ хөтөлж, хэл соёл, зан заншлаасаа багагүйг өвлүүлэн хадгалсан гэж Сяо Юун Цюан тайлбарлана. Үнэн үлгэрийн ялгааг үл мэдэх түүхийн балархай мэдлэгтэн надад Хятадын шинжлэх ухааны байгууллагаас өөрсдөд нь олгосон гарал үүслийн баталгааг ч үзүүлэх ажээ. Үүнийг манай түүхийн эрдэмтэд ч нотолж. Өдгөө Хөнань мужийн 10 гаруй тосгонд 5000 орчин Сяо овогтынхон энх тунх амьдарч байна. Цаг нээлттэй болж угсаа гарлаа мэдэлцэх болсноос хойш тэд хошуу гацаандаа Чингэс хааны тайлгыг жилдээ нэг удаа хийдэг болж. Түүнчлэн Ордос дахь Чингэсийн онгоныг зорих нутгийнханы жим ч улам тодорсоор байгаа гэнэ.
Мөнхбулаг /Сяо Юн Цюан-ны Монгол нэр/ өмнө нь Монголд ирэхдээ манай түүхийн хүрээлэнгийн докторууд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхтэй уулзаад буцсан байна. Анх удаагаа өвөг дээдсийнхээ нутагт хөл тавихад нь Хөх хот дахь манай улсын төлөөлөгч ихэд тусалсанд талархаж явдгаа ч хуваалцаж байлаа.
Нутагтаа буцаж очоод Монголд аялсан сонин хачнаа ихэд гайхуулан ярьсан бөгөөд нутгийн ах дүүс нь энэ яваа насандаа өвөг дээдсийнхээ өлгий нутагт нэг удаа ч болтугай очих туйлын хүсэлтэй байдгийг тэр хэдийн мэдэх билээ.Төмөр замын газарт насаараа ажилласан тэрэнд нааш цааш олон ирээд байх мөнгө бага ч хоёр дахь удаагаа Монголыг зорихоор шийдсэн байна. Ерөөс өвөг дээдсийнхээ нутагт Чингэс хааны ордонг байгуулья гэсэн бодол түүнийг мянган газраас цаанаас дахин далласаар байсан гэнэ. Их хааны мэндэлсэн газар хэнтий аймгийн дадал суманд Чингэс хааны ордон байгуулья гэсэн санаагаа дэлхий даяар амьдран сууж байгаа нийт Монгол угсааныхандаа хандаж тэрээр уриалж явна. Хилийн чанад дахь Монгол угсаатнууд хэрлэн голд хааны ордонг байгуулья гэж байхад хил дотроо бид хэрүүлээс илүү эрдэмгүй сууж байгаадаа жаахан нэрэлхэх шиг.
/Дундад улсын түүх судлалын хүрээлэн, холбогдох байгууллагаас тэдний гарал угсааг баталгаажуулж өгчээ/
Анхандаа яриаг нь төдийлөн сайн ойлгохгүй байсан би “Ордост ч хааны онгон байна, энд бид Цонжинболдог цогцолбор байгуулж байна, таны байгуулья гээд байгаа ордон юу нь сонин юм бэ?” гэж асуусанд “Дэлхийн даяар Монгол үндэстнүүд бий. Тэдний зарим нь өөрийгөө мэднэ, зарим нь мэдэхгүй. Мэддэг нэг нь өвөр дээдсийнхээ өлгий нутагт нэг очих юмсан гэсэн мөрөөдөлтэй явдаг. Мэдэхгүй нэг нь мэдсэн хойноо амьд яваа насандаа заавал очиж үзнэ дээ гэсэн бодлыг төрүүлэх нийт Монгол угсаатны бахархалыг бүтээхийг хүсч байна. Яг л Мусулманьчууд амьд яваа насандаа меккад нэг мөргөдөг шиг, Ордосын байгууламж бол онгон гэж байгаа. Харин миний хэлээд байгаа бол хааны ордон юм шүү дээ. Энд хааны ордон, хурлын өргөө, хааны музей, хааны овоо, наадмын талбай, сургууль, театр, монгол сувилахуйн газар, их хаан түүний хүүхдүүдийн тахилга тайлгын хөшөө гээд бүх зүйлийг багтаахыг бодож байна” гэж хариулсан юм. Гартаа үзүүлчих зураг, төлөвлөгөөгүй түүнийг басамжилж, цааргалж болох ч сэтгэлд нь хурсан нөр зорилгоос сүрдэх шиг. “Бид чинь олуулаа шүү дээ. Монгол угсаатнууд энэ яваа насандаа өвөг дээдсийнхээ нутагт нэг удаа ирэхийг мөрөөдөж л байгаа. Энэ боломжийг дэлхий даяар тархсан Монгол угсаатнуудад уламжлахад туслаач” гэсэн түүний гуйлтанд татгалзах шалтгаан байсангүй.
/Исламын ариун цэг Меккад жилд 2 сая Мусульманууд ирж мөргөнө. Энэ яваа насандаа Мусульманчууд ядаж нэг удаа энд ирсэн байх ёстой/
Г.Мөнхсүх 2014 он