Нийслэлийн прокурорын газраас “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, “Тавантолгой” ХК-ийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Шүрэнхишиг нарт “Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай” саналыг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцжээ.
Прокуророос яллагдагч Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуустал тэднийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, мөн нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг шүүхэд гаргасныг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн яллагдагч Б.Түвшинбаяр, Г.Шүрэнхишиг нарт холбогдох хэргийг шийдвэрлэтэл тэднийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Яллагдагч Б.Түвшинбаяр, Г.Шүрэнчимэг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, мөрдөн байцаалын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.