Нийслэлийн прокурорын газраас Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржид Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцжээ. Улмаар яллагдагч Р.Сэддоржид холбогдох хэргийг шийдвэрлэтэл түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах мөн нэр бүхий яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Гэтэл яллагдагч Р.Сэддоржийн өмгөөлөгч Л.Данзанноровоос тус шүүхийн Ерөнхий шүүгчид хандан дээрх хязгаарлалт тогтоосон шүүгчийн захирамжийн зарим хэсэг буюу Р.Сэддоржийг “УИХ-ын гишүүн, “Ажнай корпорацын ерөнхийлөгч асан Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэтэй уулзахыг хязгаарласан” хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан гомдлыг тус шүүхийн Ерөнхий шүүгч 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.