Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БАЙР СУУРЬ: ҮХНӨ-ийн талаар хэн юу хэлэв

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
9 минут 9 секунд

ҮХНӨ-ийн хүрээнд гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн холимог системийг оруулах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэрэг үндсэн хэдэн зүйлийг хийхээр улс төрийн хүрээнд яригдаж буй. Тэгвэл бид ҮХНӨ-ийн талаарх судлаачдын байр суурийг хүргэж байна.

"Парламентын гишүүдийн тоог нэмж тойрог усалдаг "мөлхөө" сүлжээг өөрчлөх хэрэгтэй"

Д.Бумдарь (МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор)

-Гол асуудал юунд байсан бэ гэхээр 2019 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлт дутуу байсан гэсэн үг. Сонгуулийн тогтолцоо, ерөниийлөгчийн институц, гишүүдийн тоог нэмэх зэрэг зүйл дээр тухайн үед улс төрийн зөвшилцөлд хүрч чадаагүй буюу Зөвлөлдөх санал, асуулга явуулж байх үедээ эдгээрийг гээчихсэн.

Монгол Улс өөрөө парламентын чадавхгүй болчихоод байна. Улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлыг ард түмнээсээ асуухад хүрч байна гэдэг нь өөрөө парламентын чадавх тэгтлээ унасан гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс дан ганц сонгуулийн тогтолцоонд анхаарал хандуулахаас илүү парламентын засаглал өөрөө үндсэн үүргүүдээ биелүүлж чадах хэмжээнд байна уу, үгүй юу гэдэг асуудал ҮХНӨ-ийн гол цөм нь байх ёстой гэж харж байгаа.

Мэдээж сонгуулийг холимог системээр явуулах асуудал хөндөгдөж байна. Тэгэхээр улс төрийн нам хэнийгээ жасгаалтаар оруулж ирэх нь тухайн намын эрхийн асуудал. Гол нь ямар хүн жагсаалтаар оруулж ирсэн нь ард түмэнд ил тод байж, шүүх боломжийг нь олгох ёстой. Хоёрдугаарт, зөв кандидат буюу нэр дэвшигчийг сонгохгүй бол дараагийн сонгуульд тухайн улс төрийн намд том хариуцлага болж бууна. Энэ утгаараа намдаа заавал хэрэгтэй, улс төрд заавал байх ёстой хүн гэдэг байдлаар хандвал энэ нь өөрөө богино тоглолт болж хувирна. Тиймээс улс төрийн нам урт хугацаанд засаглалын эрхээ авч хадгалахын тулд дүрмээ тодорхой болгох ёстой.

Парламентын гишүүдийн тоог нэмэх асуудлыг би хувьдаа дэмждэг. Яагаад гэвэл манайх засаг захиргааны нэгжийн хувьд маш том. Гэтэл 76 тойрогт хуваагдаад зөвхөн тухайн тойргийнхоо асуудлыг шийддэг ийм гишүүдийг сүүлийн 30 жилийн тогтолцоо бүрдүүлчихсэн байна шүү дээ. Сөрөг үр дагавар нь үндэсний хэмжээний бодлого ярих боломжгүй болно гэсэн үг. Төсвийн асуудал яригдахад тойрог руугаа чирээд явчихдаг. Хоёрдугаарт, том тойрог учраас тухайн гишүүн өөрийнхөө "мөлхөө" сүлжээг бий болгодог. Гэтэл энэ байдлаас болж нийт үндэсний хэмжээнд бодлого боловсруулах, хууль батлах, баталсан хуульдаа хяналт тавих үүрэг бүхий төрийн түшээ үнэн хэрэгтээ сонгуулиас сонгуулийн хооронд тойргоо л усалдаг улс төр хийж байна. Энэ бол хамгийн том сөрөг тал буюу гажуудал.

Нөгөө талаас нь харвал 76 гишүүн дотор боловсрол, санхүү, нийгмийн гарал угсаа зэрэг бүгдийг нь аваад үзэхээр бараг 90 хувь нь бизнесийн гаралтай. Өөрсдөө бизнес хийдэг хүмүүс байна. Тэгэхээр нөгөө олонхийн төлөөлөл байх ёстой парламент биш болчихож байна л гэсэн үг. Товчхондоо улс төрд хэн орж ирж байгаа вэ гэхээр мөнгөтэй, боломжтой тийм хүнийг улс төрд оруулж эрх мэдэл хуваарилдаг тийм төрийн тогтолцоог бид өнгөрсөн хугацаанд бүрдүүлсэн байна. Тиймээс гишүүдийн тоо бага байхын сөрөг нөлөө их учраас аль болох тоог нэмэгдүүлэх нь зөв гэж судлаачийн хувьд үзэж байна.

"Хоёр танхимтай парламентыг байгуулж төлөөлөгчдийн танхимд онцгой эрхийг олгох ёстой"

С.Нармандах (Монгол Улсын Эрдмийн их сургуулийн профессор)

-Өнөөдөр ҮХНӨ-ийг шууд хийнэ гэхээс илүүтэй нийгэм бүхэлдээ хямарчихлаа. Өөрөөр хэлбэл, нийгмийн тулгамдаж байгаа асуудал юу болж хувираад байгааг бүхэлд нь олж харах шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгаануудыг харахад Монгол Улсад хоёр танхимтай парламент байх шаардлагатай юм байна гэж үздэг. Ингэхдээ өнөөдрийн 76 гишүүнийг хоёр хувааж нэг талд 25 гишүүнтэй улс төрийн танхим, нөгөө талд 51 гишүүнтэй төлөөлөгчдийн танхимтай болох боломжтой гэж үзэж байгаа юм.

Тухайлбал, 1992 оны Үндсэн хуулийн тэмдэглэлийг харж байхад тухайн үеийн парламентын гишүүдийн байр суурь бол хоёр танхимтай байхыг дэмжиж, гишүүдийн тоог нэмэгдүүлэхийг дэмждэггүй байсан юм билээ. Харин одоо цагт төлөөлөгчдийн танхимыг бүрдүүлэх замаар төсвийн эрх, томилгооны эрхийг онцгойлон өгдөг Олон улсын жишгийг зарим талаар барих хэрэгтэй гэж үзэж байна. Үүний тулд маш их зүйлийг хийх ёстой.

Бид 1960 оны Төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоог 1992 он руу аваачихдаа яг юуг нь өөрчилсөн бэ, тэр үед нөхцөл байдал ямар байсан бэ гэдгийг онцгойлон авч үзэж нэг бүрчлэн харьцуулалт хийх хэрэгтэй байна. Үүнээс үүдэж 1992 оны 70 гаруй хоног үргэжилсэн Үндсэн хуулийн хэлэлцүүлгээс авах, гээх ухаанаар хандаж судлах ёстой. Улс орнуудаас алийг нь жишиг болгож авах ёстой байна вэ гэсэн зүй тогтлыг бүхэлд нь харах шаардлагатай гэж бодож байна.

"Сонгуулийг холимог системээр явуулаад ч 30 жилийн алдаа дутагдлаасаа салж чадахгүй"

Д.Үүрцайх (хуульч, судлаач)

-Одоогийн парламентыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж дүгнэж байна. Үнэхээр тийм бол УИХ тарах асуудлаа шударгаар ярих хэрэгтэй байх. Гэхдээ энэ бол зөвхөн өнгөн дээрээ харагдаж байгаа байдал. Үүний цаана ҮХНӨ-ийг сүүлийн хоёр жил ярьсан УИХ тогтоол гаргаад Засгийн газартаа үүрэг өгчихсөн явж байна. Гэтэл үүнийг Зөвлөлдөх санал асуулга нэрийн дор гацааж байна гэж хэлнэ.

Л.Оюун-Эрдэнийн захирамжаар байгуулагдсан, Н.Энхбаяраар ахлуулсан ҮХНӨ оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг нь шинэ Үндсэн хууль боловсруулсан гэж байна лээ. Тэр Үндсэн хуулиа Засгийн газарт өргөн барьчихсан. Одоо түүнийг нь УИХ-д өргөн барих юм гэнэ.

Гэтэл энэ нь Монгол Улсын үндсэн хуулийн 68, 69-р зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд зөвхөн нэмэлт өөрчлөлт оруулахаас биш хуулийг бүхэлд нь халаад шинийг батлах эрх хэнд ч олгогдоогүй.

Хэрвээ Шинэ Үндсэн хууль УИХ-д оруулж ирж батлах процесс явагдвал энэ нь төрийн эсрэг маш ноцтой үйл ажиллагаа болж хувирна. УИХ-ын дарга Г.Занданшатарын анхнаасаа барьж байсан бодлого бол нэгэнт Үндсэн Хуулийн цэцээс сонгуулийн тогтолцоог хууль тогтоогч өөрөө шийдэж болно гээд шийдвэр гаргачихсан учраас сонгуулийн тогтолцоог өөрчлөх замаар хуульд тусгаад, бусад өөрчлөлтүүдийг хөдөлгөхгүй байлгаж байх хэрэгтэй гэсэн логикоор яваад байгаа. Гэтэл хамгийн чухал өөрчлөлт нь энэ УИХ-ыг хариуцлага хүлээлгэдэг болгох, УИХ шаардлагатай тохиолдолд бүхэлдээ тардаг механизм байх ёстой.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн нүүрсний асуудлаар саяхан хэлээд байсан хүчтэй Ерөнхий сайдтай буюу парламентын ардчиллыг бэхжүүлэх, гишүүдийн тоог нэмэх, Үндсэн хуулийн цэцийг бие даасан, хараат бус байлгах гэсэн өөрчлөлтүүд үүний ард орхигдох гэж байгаа юм. Эдгээр өөрчлөлтүүд орхигдвол бид сонгуулиа холимог системээр явуулаад ч 30 жилийн алдаа дутагдлаасаа салж чадахгүй. Тиймээс Монголын төр бүхэлдээ цагийн араа, шүд шиг ажиллаж урагшлах боломжийг ҮХНӨ-өөр хийх цаг нь болсон.

Улаанбаатарт -16 хэм хүйтэн, цас орохгүй
Улаанбаатарт -16 хэм хүйтэн, цас орохгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.