Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр Н.Учрал сайдын УИХ-аар оруулж батлуулсан хуулийн төсөлд бүхэлд нь хориг тавьж баахан хүмүүсийн санааг амраалаа. Одоо арай ч дахиад Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж парламент ширлэхгүй байх.
Тэгвэл одоо асуудлыг голыг агуулгаар нь харах гээд үзье. Н.Учралын зүтгүүлсэн хууль дээр хууль тогтоох танхимд хоёр том асуудал байгааг бидэнд анхаарууллаа. Нэгдүгээрт, МАН хүсвэл эрх чөлөө, хүний эрхийг хязгаарлаж чадна. Хоёрдугаарт, аль нэг улс төрийн хүчинг хэт олонх болгож болохгүй гэдгийг батлан харууллаа. Хэрвээ МАН олон “кнопгүй” байсан бол. Парламент доторх сөрөг хүчин нь олигтойхон олон кноптой байсан бол. Үгүй ээ, Ядаж хоёроос дээш нам байсан бол Ардын намынан 48 цагийн дотор хууль баталж “азаргалахгүй” байлаа.
Хэрвээ бид олон намын тогтолцоогоо сайжруулаад, илүү олон намын төлөөллийг парламентад оруулвал өнөөдрийнх шиг ингэж хүч түрж чадахгүй. Магадгүй өнөөдөр МАН-ын биш Ерөнхийлөгч хориг тавьсан бол эрх баригчид өөдөөс нь салаавч гаргана. Даанч өөрийх нь Ерөнхийлөгч, ядаж байхад У.Хүрэлсүх учраас тэд ацан шалаанд орж буй юм. Гэхдээ нэг тэнэглэвэл хоригийг нь хүлээж авахгүй гэж шийдээд, хуулиа хэрэгжүүлээд эхлэх ч боломжтой гэдгийг мартаж болохгүй.
Тиймээс бид хяналт тэнцлийн талаар сайтар бодож тунгаах цаг иржээ. Ялангуяа одоогийнх шиг 19 сайдын 15 нь “давхар дээл”-тай байгаа үед. Мөн өнгөрсөн хугацаанд МАН-ынхан 62 гишүүнтэй “бүдүүн бүлэг”-ийнхаа гишүүн нэг бүрийн хүслийг хангах гэж үнэндээ зүдэрч байна. Тэр хэрээр эрх баригчид хүртэл дотроо эрүүлээр дуугардагүй хүнгүй болж эхэллээ. Тэд 62 гишүүнээ ээлж дараалан ямар нэгэн байнгын хороо, дэд хороо, түр хороо, бүлгийн дэд даргад томилж, эрх ашгийн зөрчилд орж умбуулж байна. Хоёр, гурав байтугай тав, зургаадугаар ээлжийнхэн “хоолонд” орохоор гэтэж сууна.
2020 онд парламентад сонгогдсон МАН-ын 62 гишүүнээс ердөө 19 нь өнгөрсөн хугацаанд огт дарга болж чадсангүй. Тэдний ихэнх нь “1А”-гийнхан. Хоёроос дээш сонгогдсон гишүүдээс ердөө 6 гишүүн нь л сайд, дарга болж чадсангүй. Гэхдээ эдгээрийн ихэнх нь асуудалтай нөхдүүд ба ирээдүйд энэ 19 хүний ихэнх нь дарга болох нь ойлгомжтой. Энэ дундаас баталгаатай 3 нь “дан дээлтэй” сайдуудын оронд очно. Мөн дунд нь “давхар дээл”-тэй сайдуудаасаа нэг, хоёрыг нь хольж, солино. Үлдсэн нөхдүүд нь байнгын хороо, дэд хорооны даргад дэвшинэ. Ингээд харахаар одоогийн байдлаар МАН-ын 62 гишүүний 43 нь буюу 69.3 хувь нь эрх мэдлийн “хаалгаар” оржээ. Намынхаа удирдлагаас ямар нэг байдлаар сайд, даргын квот, албан тушаал авчихсан хүмүүс их бага хэмжээгээр эрх ашгийг хайрцагт орох нь ойлгомжтой.
Өөр нэг ноцтой байж болохуй үзүүлэлт ажиглагдаж байгаа нь жендэрийн тэгш бус байдал юм. Өнгөрсөн хугацаанд дарга болсон 43 хүнээс ердөө 7 гишүүн нь эмэгтэйчүүдийн төлөөлөл байна. Хувьчилж харвал эрэгтэйчүүд 83.8, эмэгтэйчүүд нь 16.2 хувь жишээний. Уг нь улс төрийн шийдвэр гаргалтын түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдэж, эрчүүдтэй ойролцоо байх тусам тухай парламент, засаглалын легитим чанар сайжирдаг. Шийдвэр гаргалтууд илүү хүнлэг, хүний эрх чөлөөг бодолцсон байдаг гэдгийг судлаачид хэлдэг. Гэвч манай МАН-д энэ байдал эсрэгээрээ байгааг та дээрх инфографикаас харж болно.
Өнгөрсөн хугацаанд огт дарга болж чадаагүй МАН-ын 19 гишүүнийг хоёр хэсэгт хувааж болохоор байна. Эхнийх нь шинэ гишүүд дундаа дэндүү “шинэков”. Хоёр дахь нь ямар нэгэн байдлаар “асуудалд” орсон гишүүд. Гэхдээ дээр өгүүлсэн шиг эдгээр 19 хүнээс дахиад 10 хүн нь лав ирээдүйд ямар нэгэн дарга болно.
Ингээд өнгөрсөн хугацаанд ямар нэгэн байдлаар даргын тушаалд томилогдож, дарга болсон 43 гишүүнийг танилцуулж байна.