“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал: Гарц, шийдэл” эрдэм шинжилгээний бага хурал" өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Философич С.Молор-Эрдэнэтэй цөөн хором ярилцлаа.
-Та өнөөдрийн хэлэлцүүлэгт ямар байр суурьтай оролцож байгаа вэ. Өнөөдрийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг юутай холбоотой гэж харж байна вэ?
-Манай улстөр, төр, засаглал, парламентын систем нь барууны системийг сайн ойлгоогүй байж буулган хэрэгжүүлж байгаа нь том алдаа. Үүнийгээ ойлгоод одоо гацаанд, түгжрэлд орчихоод байна. Монгол Улс нэг том сэдвийг орхиж яваад байсан. Энэ нь философийн сэдэв. Шударга байх, тэгш байх бүх зүйл нь философоос гаралтай. Аливаа төр шударга ёс, тэгш байдалд суурилж явдаг. Тийм л эрх чөлөө. Бүгд нь л цаанаа тайлбартай, олон хуудсаар бичигдэх сэдвийг бид амны уншлага болгоод гаднаас автомашин оруулж байгаа мэтээр хэрэглэж ирсэн.
Төр, улстөр гэж яагаад байдаг юм. Засаглал гэж юуг ойлгох, Засгийн газар юу хийх юм гээд үндсэн суурь асуудлууд нь ил гараад ирлээ. Тэрийгээ ярихгүй, дээгүүр, гадны юмыг орчуулаад яваад байсны гор гарч байна. Одоо Монголын төр, улстөр, ард түмэнд таарсан тэгш эрх, эрх чөлөө гэх ойлголтуудыг бид ярих ёстой. Ийм байдлаар бид 30 жил явлаа шүү дээ. Үүнийг нэг тийш болгохгүй бол иймэрхүү л байдалтай байсаар байх болно. Бид 0 цэгээс хийж эхлэх ёстой.
-Одоо хэн нэгнийг буруутгахаас илүү тогтолцоогоо өөрчлөе гэх асуудлыг маш их ярьж байна?
-Тогтолцоогоо өөрчлөе гэдэг чинь онолын, системийн, бүтцийн гэх маш их зүйл хэрэг болчихоод байна. УИХ-д 76 хүн суудаг чинь ч хангалтгүй байна. 76 хүн суугаад юу ч ярихгүй байна. Төрийн дээр хамгийн мундаг, элитүүд байх ёстой. Гэтэл одоо мөнгө тараасан нь дээшээ гарчихаад байна. Үүнийг яаж өөрчлөх вэ. Мөнгө тараасан хүнийг дээш гаргадаггүй байх гэх мэт үндсэн жижиг асуудлаасаа бид өөрчлөлтийг эхлэх болчихсон байна. Том асуудал руу орох хаа ч байсан юм.
Юун иргэдийн улстөрийн боловсрол ярих. УИХ-ын гишүүдийн улстөрийн боловсролыг ярих болчихоод байна
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрхэн харж байгаа вэ?
-Социализмын үеийн Үндсэн хууль яг иргэний эрх, иргэний үүрэг гэж явсан. Одоогийн буюу 1990 оноос хойшхи Барууны орнуудын Үндсэн хуулийг хагас дутуу орчуулсан орчуулга яваад байна. Түүнд үүрэг, хариуцлага огт бичигдэхгүй байна. Хүн, нийгэм, ард түмнийг зохицуулах буюу бидний амьдралыг зөв зохицуулах тунхаг бичиг байх ёстой. Тухайн үед Чимид гэх хуульч хийсэн. Үндсэн хуулийг хуульч хүн хийдэггүй юм. Тэд чинь хуулийг дээрээс нь харж хийх гээд байдаг юм. Үндсэн хуулийг доороос буюу ард түмнээс хийх ёстой. Үндсэн хууль гэдэг чинь философийн том онол шүү дээ. Философи байхгүй учраас философийг буруу тайлбарлаж байна. Үндсэн хуулийн гол амин сүнс тэгш эрх, эрх чөлөө, шударга ёс байх ёстой. Гэтэл бид тэгш байдал гээд буруу л яриад байна. Баялгийн хуваарилалт Үндсэн хуулиар шийдэгдэх ёстой. Тэр нь шударга ёсон дээр зарчимлана. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр яг мөнгө хэрэгтэй, орлого хэрэгтэй хүнд л өгнө. Орлоготой хүнд тэртээ тэргүй өгөхгүй. Тэгш эрх чинь энэ. Үүнд хэнийг ч оролцуулахгүй байж болохгүй. Ажилгүй гудамжинд явж байгаа хүн ч хүртэх эрхтэй. Монгол Улсын иргэн шүү дээ. Шоронд хоригдож байгаа хүнд ч очно. Тэгэхээр тэгш эрх, шударга ёс, эрх чөлөө гэх философийн ойлголтуудыг одоо бид жинхэнэ мөн чанараар нь хэрэглэх ёстой. Одоо л үүнийг ярих ёстой.
-Парламент ямар ч дархлаагүй болчихлоо гэж их ярьж байна. Сонгуулиас сонгуулийн хооронд ажиллаад л улс орны томоохон асуудлууд руу орж чадахгүй байна гэх шүүмжлэл ч бий. Мөн нөгөө талаасаа сонгууль өгөх иргэдийн сонгуулийн боловсрол хэр байна гэж харж байна вэ?
-Иргэдэд улстөрийн боловсрол хэрэгтэй л дээ. Гэхдээ тийм том асуудал руу орох бид болоогүй байна. Юун тэрийг ярих...Үнэндээ парламентад аль нам нь аль талдаа сууж байгаа нь ч ялгагдахгүй байна. Парламенттай орнуудад аль нам нь аль талдаа сууж байна, барууных нь, зүүнийх нь хаанаа сууж байгаа нь байрлалаараа ялгагддаг. Энэ бол улстөрийн наад захын суурь боловсрол. Юун иргэдийн улстөрийн боловсрол. УИХ-ын гишүүдийн улстөрийн боловсролыг ярих болчихоод байна. Тэд чинь улстөрийн талаар ямар ч ойлголтгүй байна. Монгол Улс өнөөдөр 0 цэгтээ ирсэн. Бид 0-оос эхэлнэ. Бид бүгдээрээ хамтарч байж төрийг босгоно. Хуульчдыг ингэж дээгүүр тавьж болохгүй. Хуулиас чухал салбарууд зөндөө байна. Бидэнд хийх ажил маш их байна. 2023 оныг бид шинэ эхлэл гэж ойлгох хэрэгтэй. Нам гэдэг ойлголт шинэчлэгдэнэ шүү. Улстөрийн намуудыг бүгдийг нь тараагаад намын шинэ хууль гаргаж байж, эхлүүлэхгүй бол нам чинь одоо бүлэглэл болчихоод байна. Төрөөс төрсөн баячууд гэж ярьдаг байсан бол одоо намаас төрсөн баячууд болчихоод байна. Нам гэдэг аюултай бүлэглэл үүсчихээд байна. Үүнийг яаж янзлах вэ. Гэтэл энэ аюултай бүлэглэлийг дэмждэг, хамгаалдаг намын гишүүд байна шүү дээ. Тиймээс сонгуулийг ард түмэн хийхээсээ илүү намын гишүүд буюу хороо, дүүрэг дээр сууж байгаа гишүүд хийчихээд байна. Юун ард түмэн сонгох... Бид сонгуулиа өгчихлөө гээд баярлаад байдаг. Гэтэл намын гишүүд хийгээд байна шүү.