Эргэн тойронд үйл явдал, нөхцөл байдал өдөр сараар бус цаг минутаар өөрчлөгдөж буй өнөө цагт хувийн болон албаны ажлаа хэрхэн зохицуулах вэ? Цар тахлаас хамгаалахын тулд яавал зохилтой вэ? Урьдчилан сэргийлэх, эмчлэх найдвартай аргууд юу вэ? Гэрийн хориог цуцлах үед амьдралаа яаж үргэлжлүүлэх вэ? Хүүхдээ сургуульд нь хэзээ явуулах вэ? Бизнес, үйлчилгээний газар эзэмшдэг бол үйл ажиллагаагаа яаж үргэлжлүүлэх вэ? Онгоц, олон нийтийн тээврээр хэзээ аялж болох вэ? Аялах тохиолдолд аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах вэ? Хэний үгэнд илүү итгэх вэ? Энэ мэт гэдэг үй түмэн асуулт бидэнд алхам тутамд тулгарч байна. Эдгээр асуултад ганц бус хэдэн арван хариулт авах дэндүү их мэдээлэл эргэлдэж байгаагийн дотор ташаа, хуурмаг мэдээлэл их байгаа нь дэлхий даяар том бэрхшээл болсон хэвээр л.
Галлуп/Найт (Gallup/Knight) байгууллагаас дөрөвдүгээр сарын 14-20-д явуулсан судалгаагаар Америкчуудын 58% цар тахлын талаар хангалттай мэдээлэлтэй байна гэсэн бол 36% хэт их мэдээлэлд автаж байна гэж хариулжээ. Тэд цар тахлын талаарх ташаа, хуурмаг мэдээлэл хамгийн том асуудал болж байгааг дурдсан байна. Судалгаанд оролцогчдын хувьд ташаа мэдээллийн үндсэн хоёр эх сурвалжийг нийлүүлбэл сошиал медиа (68%), ерөнхийлөгч Трампын багийнхны өгч буй мэдээлэл (54%) нь гэжээ. Гэхдээ ташаа мэдээллийн анхдагч эх үүсвэр нь Трампын баг (47%), үндэсний хэвлэл мэдээллийн байгууллага (33%), сошиал медиа (15%) гэсэн нь сонирхолтой.
Энэ судалгааны үр дүнгээс харахад ороо бусгаа энэ цагт Америкчууд үндсэн гурван эх сурвалжаас мэдээллээ авч байна. Үүнд: эрүүл мэндийн мэргэжилтнүүд, өөрсдийнхөө хамгийн илүү итгэдэг мэдээллийн эх сурвалжууд, худал үнэнийг ялгахын тулд орж харьцуулан уншиж буй олон эх сурвалж гэжээ. Өмнө нь уламжлалт хэвлэл мэдээлэлд анхаарлаа хандуулдаггүй байсан олон хүний мэдээ унших зан үйл өөрчлөгдөж буй нь энэ судалгааны өөр нэг үр дүн. 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар ташаа мэдээллийн цар хүрээ өргөссөнтэй холбоотойгоор дараахнаас нь хүмүүс Нью Йорк Таймс, Уолл Стрийт Жорнал, Вашингтон Пост мэт сонины дижитал захиалагчдын тоо эрс өссөн.
Яг одоо сонгуулийн сүр дуулианаас илүүтэйгээр аюулт вирустэй амь өрсөн тэмцэж буй үед мэргэжлийн сэтгүүлчид, судлаачид, уламжлалт хэвлэл мэдээллийн байгууллагуудын олон шалгуураар шүүсэн мэдээлэл улам илүү чухал болж байна. Гэхдээ тэр бүхэнд шууд итгэж болохгүй, лавлах, тодруулах, харьцуулах хэрэгтэй. Сошиал медиа руу орж хараад хангалттай мэдээлэл аваад байна гэж бодож болохгүй. Нэр нөлөөтэй хүмүүс ч өөрийн бодлыг тулгасан нэг талыг барьсан буруу зөрүү мэдээлэл түгээх асуудал гарч байна. Энэтхэг улсад ташаа мэдээлэл түгээж байгаа нэг эх үүсвэр нь олон дагагчтай, нэр алдартай хүмүүс гэсэн судалгаа гарсан. Хэвлэлийн Хүрээлэнгийн сургалтын албаны дарга Р.Оюунцэцэг цар тахлын асуудлаар монголын сэтгүүлчид хэрхэн ажиллаж, юуны тухай бичиж буйг гадаадын хэвлэлтэй харьцуулсан сонирхолтой нийтлэл (link: https://medium.com/@Pressinst/covid-19-ийг-тэд-ба-бид-хэрхэн-сурвалжлав-c05e9dba7cce) бичсэн.
- “Улсын Онцгой Комисс, Онцгой Комиссын Шуурхай Штабын мэдээллүүдийг тогтсон цагт нь алгасалгүй, зэрэг зэрэг дамжуулж байна. Шуурхай штабын төлөөлөл бүхий байгууллагуудын статистик мэдээлэл, зарим үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой мэдээлэл, халдварын голомтод ажиллаж буй хүмүүсийн оношилгоо, эмчилгээний үр дүнгийн мэдээллийг хариуцсан албан тушаалтнууд хангалттай хэмжээнд хийж байна. Харин үндсэн мэдээллийн дараах асуулт хариултын цагийг сэтгүүлчид маань дутуу ашиглаж байна. Тухайн цаг үед өгсөн мэдээллийг жаахан тодруулаад л өнгөрч байгааг ажиглав.
- Гадны хэвлэл мэдээлэл коронавирусийн сэдвийг өргөн утгаар нь бүрэн хамарч харуулж байна. Цаг үеийн асуудлыг улс төрийн шийдэл, эдийн засгийн хямрал, онцгой нөхцөл дэх төр засгийн лидерүүдийн манлайлал, эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хүчин чадал, энэ цагийн баатар болсон эмч, сувилагч, асрагчдын асуудал, шинэ тутам уг вирусийн судалгаа шинжилгээний үйл явц, хүмүүсийн эрүүл мэнд, нийгмийн асуудал зэргээр цогц харж, бодлогод нөлөөлөхүйц гарч, шийдлүүдийг хэлэлцэж байна. Эдгээрээс хамгийн их хүлээлт үүсгэсэн нь вакцин гаргаж авах эрдэмтдийн судалгаа, эрсдэлтэй нөхцөл байдал буюу галын шугаман дээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын асуудлыг онцолжээ. Манай сэтгүүлчид “Covid -19”-тэй холбоотой сэдвээр тун явцуу, албан ёсны мэдээллийг шууд дамжуулж, мэдээлэх л үүрэг гүйцэтгэж байна. Цаг үеийн аливаа асуудлыг жижиг гэлтгүй лавшруулж харж, илүү нягт нямбай, бүтээлчээр хандаж, судлах сурвалжлах ажлынхаа цар хүрээг нэмэгдүүлмээр байна. Халдвар тархах хамгийн эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа утгаараа шинэ коронавирусийн хор холбогдол, эрсдэлийг хэвлэл мэдээлэл хэрэглэгчдэд зөв ойлгуулах, албан тушаалтнуудыг зөв шийдвэр гаргахад нь нөлөөлөх хэрэгцээ шаардлага хэвээр байна.
- Зөөвөрлөгдөн ирэхээс бусад тохиолдолд эрсдэл хэр нүүрлэж байна вэ, эрүүл ахуйн дэглэмийн дараачийн шат гэж бий юу гэх мэт асуултууд ч байж болно… УОК юмуу Шуурхай штабаас сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад зориулсан ямар нэг тусгай журам гараагүй болохоор манай сэтгүүлчид онцгой нөхцөл байдалтайгаа уялдуулаад өөрсдийгөө тодорхой хэмжээнд хянаад, болгоомжлоод байна уу” гэж дүгнэжээ.
- Цаг үетэй хөл нийлүүлж, цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэхийн тулд мэргэжлийн хүмүүс, сэтгүүлчид, эрдэмтэн судлаачдын бичсэн баталгаат эх сурвалжаас мэдээллээ авах, зөвхөн монгол хэл дээр бус гадаадын хэвлэлээр юу бичиж байгааг анзаарч харьцуулах нь зүйтэй. Үзсэн, харсан, дуулсан, уншсан бүхэндээ шууд итгэж, бэлэн хоол идэлгүй, тархиа ажиллуулж, тунгаан бодох, шалгах, нягтлах арга барил эзэмших нь юунаас илүү чухал болж байна.