Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдалаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-Төрийн өмчит уул, уурхайн компаниуд дээр олон жилийн туршид явагдаж ирсэн хулгайн асуудал тэсэрлээ. Нүүрсний хулгайчдыг эсэргүүцсэн иргэд 10 дах өдөр жагсаж байна. Цаашид хуулийг чанаржуулах, хяналтыг сайжруулахад УУХҮЯ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу ямар байдлаар ажиллах вэ?
-Нүүрсний экспортыг тойрсон том асуудлын нэг нь ам нөхцлөөр нүүрсээ худалдсанаас үүдсэн гадаад зах зээл дээрх бодит ханшийн зөрүүнээс болсон. Хоёрдугаарт, Нүүрсний борлуулалтын гэрээ хаана явагдаад байна вэ, хаалганы цаана дөрвөн үнэлгээний комиссын гишүүний хэн нь борлуулалтын гэрээг хийх юм гэх мэт асуудлууд бий. Тиймээс нэг шийдэл бол цахим арилжаа буюу уул уурхайн бүтээгдэхүүний бирж юм.
Эхний ээлжинд" ЭТТ" ХК дээр онц дэглэм тогтоохтой холбоотой Монгол Улсын Засгийн газрын 362 тоот тогтоол гарсан. Үүн дээр нэг заалт орсон нь "ЭТТ" ХК-ийн нүүрсийг цахим биржээр нээлттэй арилжаалах туссан. 2023 оны эхний улиралдаа багтаж цахимаар арилжаалах үүргийг хүлээгээд байна. Энэ хүрээнд УУХҮЯ-наас ЭТТ ХК-ийн нүүрсийг экспортод гаргахдаа цахимаар арилжаалах журмыг эцэслээд энэ лхагва гарагийн Засгийн газрын хурлаар оруулах гэж байна.
Эхний 12 сарын байдлыг авч үзвэл Монгол Улс 8.5 орчим тэрбум ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн экспортолсон байна. Үүний дийлэнхийг төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудаар дамжиж экспортлогдож байгаа. Тэгэхээр эдгээр компаниудын борлуулалт цахим биржээр дамжуулан илүү нээлттэй, ил тод болох юм.
Бид "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд 2022 оны нэгдүгээр сард Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийг тухайн үед Г.Ёндон сайд ажлын хэсгийг ахалж, УИХ-д өргөн барьсан байдаг. Энэ долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийг хэлэлцэнэ гэсэн хүлээлт бий. Хууль батлагдсанаар Монгол Улс өөрийн гэсэн уул уурхайн бүтээгдэхүүний биржтэй болох юм.
-Өнгөрсөн хугацаанд зөвхөн "ЭТТ" ХК дээр авч үзэхэд нүүрсний экспортыг зөвхөн ам нөхцлөөр борлуулж ирсэн. Тодруулбал, амны үнэ 110 ам.доллар байхад Олон улсын зах зээл дээрх нүүрсний бодит ханш 190 ам.доллар байна. Ханшийн хооронд 80 ам.долларын зөрүү гарч байна шүү дээ. Цахим биржээр арилжаалдаг болж эхэлбэл ханшийн блансыг тэнцвэржүүлж, алдагдалгүй, хулгайгүй нүүрсээ борлуулж чадах уу?
-Яг зөв. Танд нүүрсний ханшийн сүүлийн үеийн мэдээлэл байна. Тухайлбал, 12 дугаар сард "ЭТТ" ХК-ийн нүүрс борлуулалтын үнийг авч үзэхэд сайн чанарын коксжсон нүүрс ам нөцхлөөр 110 орчим ам.доллароор худалдаалагдаж, Хятадын талаас НӨАТ болон бусад жижиг зардлуудаа хассан цэвэр үнийг харахад 190 ам доллар байх жишээтэй. Тэгэхээр энэ 80 ам.доллар бол тээвэрлэлтийн зардал, дундын хөөсрөлтэй холбоотой яваад байгаа юм.Тиймээс бид хамгийн түрүүнд цахим биржийн харилцааг хийх ёстой.
-Та сая нүүрс тээвэр дээр дундын зуучлагчтай холбоотой үнийн хөөсрөлийн асуудлыг хөндлөө. Ер нь төрийн өмчит уул уурхайн компаниуд нүүрс тээврээ хувийн компаниудад даатгаж ирсэн. Гэтэл тухайн ААН-үүд тээврийн зардлаа үндэслэлгүйгээр нэмэх, бүр сүүлдээ бүртгэлгүйгээр нүүрс ачиж гарсан асуудал хүртэл өнөөдөр ил болж байна. Тэгвэл тээврийн хяналтыг яаж зохион байгуулах ёстой вэ?
-Жишээлбэл, "ЭТТ" ХК болон "Энержи ресурс" ХХК хоёрыг харьцуулж үзэх хэрэгтэй. Нэг нь төрийн өмчийн компани, нөгөөх нь хувийнх. Гэтэл "Энержи ресурс" ХХК 500 орчим машинаар тээвэрлэлтээ бүрэн хийж чадаж байхад "ЭТТ" ХК урт болон богинын тээвэр гэж ангилаад нийт 10 мянга гаруй тээврийн хэрэгсэл ашиглаж байна шүү дээ. Ийм данхар бүтэц бодит экспортод хэрхэн нөлөө үзүүлж байна вэ гэдгийг харах хэрэгтэй. Цахим биржээр нүүрсээ арилжаалаад эхэлбэл тухайн компани өөрсдөө тээвэрлэлтээ хариуцах үүрэг хүлээнэ.