Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгөтэй холбоотой асуудлаар МҮЭХ-ноос өнөөдөр /2022.12.02/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр, "Иргэд Нийгмийн даатгал, ЭМД-ийн мөнгийг чадан ядаж төлж байна. НД, ЭМД нийтийн сангийн тайланг олон нийтэд мэдээлэхийг хүсэж байна.
Мөн Хөгжлийн Банкны мөнгө ялгаа байхгүй бидний мөнгө. Тэгэхээр нэг хэсэг шуурч байгаад хаяж болохгүй. Тиймээс нийтийн сангууд, төрийн батлан даалттай сангуудаас зээл авсан хүмүүс хүү алдангиас чөлөөлөгддөггүй байх. Хуулиар дамжуулж хэдэн их наяд, тэрбумын хулгай хийж байгааг засах цаг болсон. Зээлийн тухай хууль, Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж, нийтийн сангаас мөнгө авчхаад өгөхгүй байгаа хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэж, асуудлыг шийдэх хэрэгтэй байна.
Харин дараагийн нэг асуудал нь нүүрсний хулгай. 1072 хувьцааг аваад 4 жил болж байна, иргэд ногдол ашиг гэсэн зүйл авсангүй. Гэтэл үүнийг цөөн хэдэн хүмүүс нийлж сүлжээ байгуулж, хулгайлдаг мафи үүссэн. Миний сонссоноор УИХ-ын 10-20 гишүүн өмгөөлж хамгаалж, нүүрсний сүлжээгээ хэвээр байлгахыг хүсэж байна гэсэн. Нүүрсний бүлэглэлийг дийлэхгүй гэж ярьдаг гэсэн. Бүр сүлжээ болчихсон байна. Маш их баялагтай мөртлөө иргэд нь ядуу амьдарч байна. Татвараа авч чадахгүй, баялгаа зөв зохистой удирдаж чаддаггүй. Энэ бол хоосон улс төржилт биш. 100 тонны нүүрс гарч байхад нүдээ аньж өнгөрөөнө гэж байх уу6
Манай улсад баялгийн хараал нь хүртсэн гэлтэй. Баялгийн үр өгөөж ард түмэнд хүрэхгүй 30 жил боллоо. Ард түмэн шилний цаанаас чихэр долоож байхад зарим нь нүүрсээр хагартлаа баяжиж байна" гэсэн юм.
Тэдний зүгээс дараах шаардлагыг тавьж байгаа аж. Тодруулбал,
1. НД, ЭМД-ын Капитал банкнаас авах авлагын талаар нээлттэй сонсгол хийх, тус банкнаас зээл авсан хүмүүсийн нэрсийг ил тод мэдээлэх
2. НД, ЭМД-ын сангийн мэдээллийг нээлттэй ил тод байршуулах
3. Хөгжлийн банкны зээлдэгчдэд хариуцлага тооцох, хүү алдангийг төлүүлэх, хуульд өөрчлөлт оруулах
4. Гааль, ААН, хууль хяналтын байгууллагын хяналт шалгалт оруулах, уг системд өмнө нь ажиллаж байсан, байгалийн баялгийг хяналтгүй гаргасан хүмүүст хариуцлага тооцох
5. Нүүрсний хулгайн мөнгийг хүү алдангид тооцож төсөвт зарцуулж, цалин мөнгө нэмэх
6. Иргэдийн 1072 хувьцаанд ногдол ашгийг өгөх