Өвлийн хүйтэн жавар тачигнасан өдрүүд. Үүдээ нээгээд сар гаруйн хугацаа өнгөрсөн “Чингис хаан” хаад язгууртны музей санасныг бодоход хачин их “хөлтэй” байна. Музей нээлтээ хийх цагаас эхлэн олон нийт ам сайтай байв. Харин сүүлийн хэдэн өдрүүдэд эх түүхээр бахархах, өв соёлтойгоо илүү ойроос танилцахаар очтол үүдээ хаасан байлаа гэх мэт шүүмжлэлүүдэд “Чингис хаан” музей өртөж амжив. Тэгвэл музейн өдөр тутмын үйл ажиллагаа хэрхэн явагдаж буй болон олон нийтийн зүгээс асуулт болгон тавьж буй асуудлуудад тайлбар эрэхээр эл музейг зорисон нь энэ.
-Музейг бүтэн үзэж дуусгая гэвэл ЦАГАА ЗӨВ ТӨЛӨВЛӨХ шаардлагатай-
Өмнө хэлсэнчлэн музейн нэгдүгээр давхарт музейг үзэхээр зорьж ирсэн иргэд хувцсаа өлгүүлж, дэлгэц дээр гарах зөвлөмжтэй танилцан шатаар өгсөж харагдана. 12 мянга гаруй үзмэр бүхий Чингис хааны музейг бүтэн үзэхэд нэг хүн 8-9 цагийг зарцуулна. Ийм л шалтгаанаар Даваа гарагийн өглөө эртлэн босож цагаа тооцоолсон үйлчлүүлэгч нарт “онц” үнэлгээ тавимаар.
Албаныханы өгч буй мэдээллээр үйлчлүүлэгчид музейтэй танилцах цагаа тооцоолж ирээгүйгээс “Музейг бүтэн үзэж чадсангүй” хэмээн бухимддаг талаар хэлж байв. Иймээс уг музейг үзье хэмээн зорьж байгаа бол цаг төлөвлөлт маш чухал болохыг харж болохоор байв.
-Анги хамт олон, албан байгууллагаараа музейг үзэх захиалга 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ДҮҮРЧЭЭ-
Нээлтээ хийсний маргааш нь л гэхэд эл музейг 1200 гаруй хүн үзсэн байдаг. Зарим өдрүүдэд 2 мянга гаруй хүн үзсэн ч тохиолдол бий. Харин өнөөдрийн байдлаар тус музейгээр өдөрт дунджаар 1000-1200 орчим хүн үйлчлүүлж байгаа аж. Өдөр тутмын үйл ажиллагаа хэрхэн явагдаж буй болон ачаалал хэр байгаа талаар “Чингис хаан” хаад язгууртны музейн аюулгүй байдал, чанарын хэлтсийн дарга Б.Адьяахүүгээс тодрууллаа.
-Музей нээлтээ хийгээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Үйл ажиллагаа хэр жигдэрч байна. Өдөрт хэчнээн хүнд үйлчилж байна вэ?
-Манай музей нээгдээд нэг сар гаруйн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд үйлчлүүлж буй хүмүүсийн хөл хөдөлгөөн их байгаа. Өдөрт дунджаар 1000-1200 хүн тус музейгээр үйлчлүүлж байна. Захиалга өгч буй нийт хүмүүсийн насны байдлаар авч үзвэл голчлон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид анги хамт олноороо захиалга өгч музейг сонирхох нь элбэг байгаа. Мөн албан байгууллагууд хамт олноороо захиалга өгч үзэж байгаа.
Манай байгууллагын зүгээс 0-16 хүртэлх насны 10 хүүхэд тутамд нэг асран хамгаалагч байхаар шаардаж байгаа. Болзошгүй эрсдлээс сэргийлж ийм шаардлагыг тавьж буй юм. Мөн анги хамт олноороо үйлчлүүлэхээр ирсэн хүүхдүүдэд музейг үзэхээс өмнө тодорхой хэд хэдэн зөвлөмжүүдийг өгч байгаа. Энэ нь бага наснаасаа түүхийг ойлгодог, музейн үзмэртэй харьцаж сурах үүднээс энэ төрлийн зохион байгуулалтыг хийж байна.
-Захиалга тал дээр ямар зохион байгуулалтыг хийж ажиллаж байгаа вэ. Тэр тусмаа олноор ирж үйлчлүүлж буй хүмүүст?
-Захиалга авах утас ажиллуулж байгаа. Анги хамт олон, байгууллагуудын захиалгыг эл утсаар авч өдөр өдрийн хуваарийг нь хийж, оруулж байгаа. Оруулахдаа тайлбарлагчийг хүртээмжтэй хүргэх үүднээс 20-30 аль эсвэл 50, 50-иар нь зохион байгуулж байна.
-Захиалга тал дээр хэр их ачаалал үүсч байна вэ?
-Одоогийн байдлаар 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх захиалга битүү дүүрсэн байдалтай байна. Гэхдээ анги хамт олон болон байгууллагын захиалгын хувьд шүү дээ.
Анги хамт олноороо явж байгаа хүмүүсээс ийм байдлаар захиалга авах хэдий ч ганцаараа болон найз нөхөд, гэр бүлээрээ цөөн тоогоор орж ирж үйлчлүүлж байгаа хүмүүст захиалга өгсөн, өгөөгүйгээс үл хамааран музейгээр үйлчлүүлэх боломжийг нь олгоод явж байгаа.
-“11 дүгээр сарын 26-нд хуулийн хүрээнд амарсанаас гадна эл өдөр музейн цахилгааны доголдолд үзлэг хийсэн” -
Олон нийтийн зүгээс музейн үйл ажиллагаа тал дээр шүүмжлэл дагуулсан асуудал бол касс эрт хааж буй явдал. Зорьж очоод музейгээр үйлчлүүлэх тасалбар авах гэхэд кассаа эрт хаачихдаг тэр байтугай Чингис хааны мэндэлсний түүхт ойн өдрөөр музей нь ажилласангүй зэрэг шүүмжлэлүүд цахимд бараг л “газар аваатахлаа”. Харин энэ тал дээр дараах тайлбарыг өгч байна.
“Чингис хаан” хаад язгууртны музейн аюулгүй байдал, чанарын хэлтсийн дарга Б.Адьяахүүгээс үргэжлүүлэн тодрууллаа.
-Касс эрт хааж байна гэх шүүмжлэл олон нийтийн дунд байна?
-Касс 16 цагт хааж байгаа. Үнэхээр ачаалал ихтэй байгаа тохиолдолд 15:30 цаг гэхэд хааж байна. Учир нь, манай музейг бүтэн тайлбартай нь үзэхэд 7 цаг шаардлагатай. Иймээс танхимд ажиллаж буй хүмүүс иргэдэд үйлчилж хаана. Үүний дараагаар танхимуудаа цэвэрлэнэ. Нийтэд үйлчилж буй талбайг цэвэрлээд манай ажилчид бараг л оройн 21:00 цаг орчимд тардаг. Мэдээж ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүс тул илүү ажлын цагтай холбоотой асуудлууд гарч эхэлнэ шүү дээ.
-Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт музейгээр үйлчлүүлэх гэж ирэхэд ажиллахгүй байсан гэх мэдээлэл гарсан. Уг нь танайх Мягмар гарагт л амардаг шүү дээ. Хуваарийн дагуу?
-11 дүгээр сарын 23-нд касс эрт хаасан гэх шүүмжлэл гарсан. Тухайн өдөр маш их арга хэмжээ давхцсанаас гадна үйлчлүүлэгч ч их байсан. Өлгүүрийн ачаалал гэж бий. Өдөрт 500-600 хүн хүлээн авах ёстой.
Гэтэл эд зүйл хадгалах болон өлгүүрийн хэсэг дүүрсэн учраас түр зуур хаалгаа бариад, өлгүүр сулрангуут дараагийн үйлчлүүлэгч нарыг хүлээн авсан. Энэ хооронд ирсэн иргэд эрт хаалгаа барьсан гэж буруу ойлгосон. Тухайн өдөр 16:00 цагт кассаа хаасан. Тухайн өдөр иргэдэд үйлчлээгүй, кассаа эрт хаасан гэх мэдээлэл нь ташаа гэдгийг хэлье.
-“Монгол бахархлын өдөр”-өөр бүх нийтээр амардаг. Гэхдээ ганц амарсан өдрөөрөө Чингисийн музейг зорих иргэдийн урсгал их байсан ч түүх соёлыг нь агуулж байгаа гол музей нь ажилласангүй гэх шүүмжлэл гарсан?
-Музейд 100 гаруй хүн ажиллаж байна. Нээлтээс хойш алба хаагчид маань бараг л амраагүй. Долоо хоногийн Мягмар гарагт л амарна гэж байсан боловч дотоод үйл ажиллагаа болон Соёлын бүтээлч сарын хүрээнд арга хэмжээнүүд үргэлжилсэн учраас амралтгүйгээр ажилласан. Нэгдүгээрт, хуулийнхаа дагуу ажилчид маань амрах ёстой. Бүх нийтийн амралтын өдөр шүү дээ. Хоёрдугаарт, байгууллагын дотоод цахилгааны доголдол үүссэн. Энэ гэмтэл юунаас болж үүссэн бэ гэдгийг тогтоох шаардлага байсан тул тухайн өдөр манайд УБЦТС-аас шаардах хуудас ирж, байнгын инженерүүд хяналт тавьж ажилласан. Өнөөдөр буюу Мягмар гарагт ч үргэлжлүүлэн музейн цахилгаан түгээх сүлжээнээс цахилгааны асуудал үүсч буй шалтгааныг тогтоох үзлэх шалгалт хийгдэнэ. Үүнийг иргэд маань зөвөөр ойлгох хэрэгтэй. Түүнээс биш амрах дуртайдаа, иргэдэд үйлчлэхгүй үүднээс хаалгаа барьсан зүйл биш юм.
НЭМЭЛТ: Чингис хаан музейгээр “аялах“ тасалбарыг хэдэн төгрөгөөр худалдан авх вэ