Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амгаа: Архигүйгээр, хэтрүүлэхгүйгээр сайхан наргиж, цэнгэж, хуучилж, стрессээ тайлах боломж залууст бүрэн бий

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
10 минут 26 секунд

No description available.Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул, Монгол Улсын заан Монгол Улсын Гавьяат тамирчин Д.Амгаатай ярилцлаа. Тэрбээр улсын баяр наадамд есөн удаа шөвгөрч байсан хүчтэнгүүдийн нэг билээ. Түүний хувьд амьдралынхаа үнэтэй, алт шиг хором мөчүүдийг утгаар нь "хайрлаж" ирсэн нэгэн. Ингэж тодоотгохын учир нь, Д.Амгаа заан архи, тамхи хэрэглэх буруу дадал хэвшлээс өөрөө татгалзаад зогсохгүй бусад залууст ч үлгэр дууриалал болж, үйлдлээрээ үгээрээ үлгэрлэж "уриалж" яваа юм.

-Сайхан өвөлжиж байна уу, та. Нутагтаа юу хийж байна даа?

-Сайхан өвөлжиж байна аа. Би чинь 1975 онд Улаанбаатар хотод орж ирсэнээс хойш олон жил амьдарсан. Сүүлд 2000 он гараад нутаг руугаа очсон. Нутагтаа хэдэн мал хүнээр маллуулна, түүнийгээ эргэж тойрно. Бас зүгээр суухгүй гээд жуулчны бааз, ахмадын сувилал ч ажиллууллаа. Гэх мэтчилэнгээр ойр зуурхан ажил хийгээд л байж байна даа. Хөдөө нутаг ч настай бидэнд их сайхан юм. Агаар нь сайхан, түгжрэл, элдэв янзын стресстэх зүйл байхгүй. Ийм л нөхцөлд ойр зуурын юмаа хийгээд амьдрах шиг жаргалтай зүйл хаана байх билээ.

-Нэг сонирхолтой түүх сонссон. Уухгүй гэвэл тохирдог, тохируулаад ууна гэвэл хэтэрдэг гэж ах тань хэлснээс хойш архи, тамхинаас татгалзсан гэсэн. Ер нь та архи, тамхинаас хэрхэн татгалзах болсон талаараа уншигч, үзэгчдэд маань ярьж өгч болох уу?

-Хүний эрхэм зүйл юу юм бэ гэж. Миний хувьд, өвчин зовлонгүй энэ хорвоод урт наслах нь хүний эрхэм зорилго байха болов уу гэж боддог юм. Ач зээ нараа сайн сайхан явааг үзнэ. Улс орныхоо хөгжил цэцэглэлтийг үзнэ. Үүнээс өөр хүсэж мөрөөдөх зүйл юу байх билээ дээ.

Амьдрал дээрээс харахад, архи тамхи хоёр нь урт наслахад саад болдог зүйл юм боддог. Эрт дээр үзэс Монголчууд ярьж ирсэн шүү дээ. Архи арван насыг, тамхи таван насыг хорооно гэж хэлж ирсэн. Энэ бол гарцаагүй үнэн. Тэгэхээр архи ууж, тамхи татна гэдэг бол хорвоод амьдрах насыг богиносгох л "шидтэй" зүйл. Тиймээс үүнийг хэрэглэхгүй байхад болохгүй зүйлгүй гэж боддог болсон юм. Залуу байхад энэ мэтийг нарийн мэдэхгүй л явлаа л даа.

Би 1975 онд Улсын шигшээ багийн тамирчин болохоор Улаанбаатар руу шилжиж ирж байсан юм. Улаанбаатар руу явах болтол ах маань ирээд "Бөхчүүдэд архи их олддог юм гэнэ лээ. Хүмүүс их архи өгдөг юм гэнэ лээ. Миний дүү архийг уухгүй гэвэл тохирдог юм шүү. Тохируулна гэвэл хэтэрдэг юм шүү. Санаж яваарай" л гэсэн. Манай ах өөрөө үргэлж үг хэлээд, үглээд байдаг төрлийн хүн биш л дээ. Ах маань өөрөө тийм тохитой, нутаг усандаа нэр хүндтэй хүн учраас хэлсэн үгийг нь биелүүлэхээс аргагүй л дээ. Би ахынхаа хэлснийг бодоод, архийг уухгүй л гэж явах нь зөв юм байна гэж боддог.

-Тэгэхээр ах их чухал нөлөө үзүүлжээ?

-Тийм ээ. Ер нь эхнээсээ л архи уухгүй байвал хүмүүс ч нэг их шахаад байдаггүй юм. Шахуулсан нэртэй уучихаад байдаг болохоос хүний ам руу хүн цутгана гэж байхгүй шүү дээ. Энэ утгаараа өдий зэрэгтэй яваа маань ахын маань хүч гэж боддог. Ахдаа их баярлаж явдаг.

-Тамхины хувьд ч ялгаагүй түүх бий юу. Уншигчдад маань сонирхолтой санагдаж байгаа байх?

-Дээр үед хүүхдүүд зуныхаа амралтаар хадланд явдаг байлаа. Наадмын дараа хадланд яваад есдүгээр сарын 1-нд хичээл орохоос өмнө ирдэг. Тэгэх үеэрээ үеийн хүүхдүүд дарвиад улаан тамхи ороогоод хааяа нэг угзарч байсан байгаа юм. Тэгж байтал манай н.Дагвадорж гээд нэг ах байдаг юм. Тэр ах маань намайг харчихаад ирээд "Чи тамхи татна гэнэ ээ, манайхан дунд тамхи татдаг хүн байхгүй" гээд зэмлэж гарав. Тэрнээс хойш дахин тамхи татаагүй. Өдий хүртэл архи, тамхи хэрэглэхгүй яваа маань амьдралын зөв дадал, хэвшилтэй ах нарын маань хүч.

Хүн гэдэг амьтан их сонин. Хараад байхад, архи хор уршгийн талаар эмч мэргэжилтнүүдээс авахуулаад олон л хүн бичих юм. Муу гэдгийг нь мэдсээр байж хэрэглээд л байдаг.

No description available.
-Ойрын хүмүүсийн нөлөө зөвөөр үлгэрлэвэл ямар ч буруу дадлаас ангижруулж чадах хүчтэй юм гэдгийг таны жишээнээс харж болохоор байна л даа. Та ахынхаа захиасыг дагаад барилдаад явж байх үед танд дахин үлгэрлэсэн өөр хэн нэгэн байв уу?

-1975 онд ХААИС-д оюутан болж орж байв. Тухайн үед Улсын арслан Сосорбарам ХААИС-д багшилж байсан юм. Адилхан улсын цолтой бөхчүүд юм хойно сургууль дээр үргэлж таарна. Бэлтгэлд цуг орно. Сосорбарам арслан ямар ч үед ганцхан хундага архи уудаг байсан хүн. Тэр утгаараа бидэнд үргэлж захина. Тэр нь, ямар үед ганцхан хундага архи ууна гэж л өөртөө амлалт өгч сураарай. Хоёр уучихвал жаргал, зовлон гээд гурав дахь хундагаа уучихдаг юм. Гурав уучихвал гуйж ууна шүү дараагийн хундагыг. Ингэж л их хэлдэг байсан. Одоо багш маань 85 хүрч яваа хэрнээ шүүгчээ хийгээд л явж байна шүү дээ. Тэгэхээр ингэж яваа нь архи хэтрүүлж хэрэглэж яваагүйн гавьяа.

Миний төрсөн ах хүртэл бий. Одоо 94 нас хүрч байна. Гэтэл голынх нь ахын үеийн архи зооглодог байсан хүмүүс аль хэдийнэ бурханд заларсан байна. 94 хүрчихээд чоно буудаад зогсож байна гэхээр зөв хүмүүжил, зөв дадал хүний наслалтад хүртэл нөлөөлж байна шүү дээ.

-Таныг олон хүнийг тамхинаас гаргасан гэж сонссон?

-Архинаас гарч байсан хүн ч бий. Тамхинаас гарсан хүн ч бий. Одоогийн байдлаар би 10 гаруй хүнийг тамхинаас гаргасан. Тэр дунд манайд ажиллаж байсан хүмүүс ч бий. "Чамайг тамхинаас гарчихвал би чамд нэг адуу өгье" гэж би хэлдэг байсан юм л даа. Хэрвээ татвал адуугаа хоёр болгож авна шүү гэж хэлж байв. Одоогийн байдлаар тамхинаас гарч чадсан таван хүнд таван адуу өгсөн байдаг. Би тэр залууст ийм л гурван зүйлийг ойлгосон хүн тамхинаас гардаг гэдэг юм. Тамхи бол хүний хорвоод амьдрах наснаас ямар ч байсан таван жил хорооно. Тэгэхээр ямар ч хэрэг. Хоёрдугаарт, дам тамхидалтыг бий болгож, хамт байгаа хайртай дотнын хүмүүсээ өөрөөсөө илүү хордуулна. Гуравдугаарт, эдийн засагчдын тооцоогоор 20 жил нэг сайн машин шатаадаг гэсэн үг. Энэ бүгдийг ойлгосон хүн тамхинаас гарч чадна. Яаж ч хэлээд ойлгодоггүй хүмүүс их бий.

-Та залуусын хандлагыг аждаг байх. Сүүлийн үед архины хэрэглээ залуужих болсон талаар албаныхан их мэдээлэх болсон. Сайн ажиглавал, Баасан гарагийг тэмдэглэлт өдөр шиг л тэмдэглэж, ууж идэх шалтаг болгодог болж. Та энэ тал дээр ямар байр суурьтай явдаг вэ. Басхүү залуустаа хандаж юуг хэлмээр байна вэ?

-Одоо чинь тэгээд далим нь их болж. Бараг л цэцэрлэгт цуг байсан юм гэх нь холгүй л уулзаж, архи ууж байна шүү дээ. Найз нөхдүүд залуу насаа, дурсамжтай цаг үеэ дурсаад суухыг үгүйсгэхгүй. Гол нь архийг хязгаартай хэрэглэх хэрэгтэй. Ер нь архийг яав л бага уух вэ гэж байна бодож байх ёстой. Тэгж өөртөө нэг даалгавар өгч байж түүнийгээ дагаж чадна. Тиймээс урт наславал өвчин эмгэгүй байж байгаад дуусгавал аштай юу даа. Хүн чинь бие организмыг зөв авч явбал өндөр наслах бололцоотой юм билээ шүү дээ. Архигүйгээр, хэтрүүлэхгүйгээр сайхан наргиж, сайхан цэнгэж, хуучилж, стрессээ тайлах бүрэн боломж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

ШҮҮХ: 13 настай охиныг хутгалж хөнөөсөн 11 настай хүүг ял оногдуулах насанд хүрээгүй гэх үндэслэлээр хэргийг нь ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО
ШҮҮХ: 13 настай охиныг хутгалж хөнөөсөн 11 настай хүүг ял оногдуулах насанд хүрээгүй гэх үндэслэлээр хэргийг нь ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.