Өөрийн хүрээлэлдээ үлгэр жишээ болж буй түүний гэр бүлийн сонирхолтой дадал, зуршил амьдралын хэв маягийн талаарх тэрний яриа таныг уйдаахгүй гэдэгт итгэж байна. Ингээд энэ удаагийн “Бидний нэг” булангийн онцлох зочин С.Амгалангийн ярилцлагыг хүлээн авна уу.
С.Амгалангийн гүйх болсон анхны зорилго өөрийнх нь эрүүл мэндийн байдал байсан ч одоо гүйх нь түүний хобби болж амьдралынх нь салшгүй нэг хэсэг болжээ.
Юун түрүүн ажил мэргэжлийнх нь талаар яръя. Өөрийгөө танилцуулаач. Ямар мэргэжилтэй, одоогоор ямар ажил эрхэлдэг вэ?
“Авъяас” хүүхдийн ордны захирлаар ажилладаг. Сэтгүүлч мэргэжилтэй. Эхнэр, 4 хүүхэдтэйгээ амьдардаг.
Хэзээнээс, яагаад гүйх болсон бэ?
4 жилийн өмнө нуруу их өвддөг байсан. Жингийн илүүдэлтэй. Шөнө унтаж чадахгүй өвчин намдаагч ууна, нэмэргүй. Их хэцүү байсан. Өглөө сэрэхэд нуруу тасрах гэж байгаа юм шиг хүчтэй өвдөнө. 3-р эмнэлгийн эмч намайг хагалгаанд ор, үгүй бол бараг суугаа болно гэж байсан. Сэтгэлээр их унасан. Тэр үед 110 кг жинтэй байсан. Тэгээд л жингээ эхлээд хасъя гээд гүйж эхэлсэн дээ. Ерөнхийдөө эрүүл мэндийн байдлаас болоод гүйж эхэлсэн гэсэн үг. Гүйж эхэлснээс хойш бараг 5 жил болох гэж байна. Энэ хугацаанд тасралтгүй гүйсэн. Гүйж эхэлж байхдаа 110 кг байсан, харин одоо 65 кг. Ойролцоогоор 45 кг хаясан юм уу даа.
Анх гүйж байхад хэр хэцүү байсан бэ? Тухайн үед өдөрт хэдэн км гүйдэг байсан бэ?
Өө хэцүү хэцүү. Анх би 1 км гаран гүйгээд л бахардаад, үхэх гэж байгаа юм шиг санагдаж арай гэж дуусгасан. Цээжинд цус амтагдаад. Ахиж гүймээргүй. Юун марафон, юун 42 км толгойд ч орохгүй байгаа юм чинь. Гэхдээ шантраагүй өөртөө хатуу шаардлага тавиад бага багаар үргэлжлүүлсээр өдийг хүрлээ.
Би тарган байсан, тэгээд турсан гээд нээх гайхуулаад байх дургүй ээ. Гавъяа байгуулчихсан юм шиг тийм муухай бүдүүн байснаа хүмүүст үзүүлээд байх онцгүй. Гайхуулах зүйл биш. Харин нурууны хувьд одоо зүв зүгээр. Өвдөлтийг мартаад удаж байна. Ямар нэгэн зовиур өвдөлт алга. Эмнэлэг яваагүй удаж байна.
Нурууны өвчтэй хүмүүс гүйхэд муу, нуруунд нь ачаалал өгдөг гэж ярьдаг л юм билээ. Миний хувьд арай өөр байсан. Ямар ч гэсэн нурууны өвчнөөс ангижирсан. Анагаахын талаас нь тайлбарлаж мэдэхгүй байна. Хамгийн гол нь огцом, хүчтэй, хол гүйх биш аажим аажмаар, бага багаар дасгаж гүйвэл зүгээр. Нурууны өвчтэй ч гүйж болно. Учиргүй хүнд өвчтэй биш л бол. Намайг анх гүйх үед эмч нар хэлдэг л байсан. Чи гүйж болохгүй шүү гэж.
Одоо ямар давтамжаар гүйдэг вэ? Өдөр болгон гүйдэг үү?
Одоо бол өдөр болгон гүйж байгаа. Гэхдээ анхлан гүйгчид өдөр болгон гүйх дэмий. Тэр тусмаа жингийн болон эрүүл мэндийн асуудалтай хүмүүс. Илүүдэл жинтэй хүн өдөр болгон гүйгээд байвал бэртэл гэмтэл авах маш өндөр эрсдэлтэй. Өвдөг, үенүүд дээрээ гэмтэл авна. Хөдлөхгүй байж байгаад гэнэт ачаалал авахаар тэгэж байгаа юм. Яаралгүй дасгаж, аажмаар эхлэх хэрэгтэй. Яарах юу байхав. Эхэлсэн байхад үр дүн гарч л таарна.
Уг нь бол өдөр болгон гүйж болно. Тодорхой хугацаанд бэлтгэл хийчихсэн хүн өдөр болгон гүйхэд асуудалгүй. Зүв зүгээр. Гүйгчид дотроо анхлах сонирхогчид, ойрын зайн гүйгч, дундын зайн гүйгч, марафоны гүйгч, хэт холын зайн гүйгч гээд ялгаатай л даа. Тэгэхээр аль зайн гүйгч вэ гэдгээсээ хамаараад тэрэндээ таарсан бэлтгэлүүдийг хийх ёстой байх. Төлөвлөгөөтэй, сахилга баттай гүйх хэрэгтэй. Гүйнэ гэсэн өдрөө заавал гүйдэг. Гүйнэ гэсэн зайгаа заавал дуусгадаг гэх мэт. Миний хувьд өглөө гүйж амжаагүй бол өдөр, өдөр амжаагүй бол орой гүйдэг. Ихэнх хүмүүс завгүй гэсэн шалтгаанаар гүйдэггүй. Би ч гэсэн ажилтай, амьдралтай. Гэхдээ гүйлтэнд бол яаж ийгээд цаг гаргадаг. Хүмүүстэй уулзах цагаа хойшуулаад ч гэсэн гүйдэг. Гүйлт бол миний амьдралыг өөрчилсөн юутай ч зүйрлэшгүй үнэ цэнэтэй зүйл.
Сүүлийн үед өглөө гүйх нь муу гэх мэдээлэл гарах болсон. Японы судлаачид муу гэдгийг баталсан гэсэн. Энэ талаар?
Өглөө ямар бэлтгэл хийдэг вэ гэдгээс хамаарах байх. Өглөө гүйхдээ зүрхний цохилтоо сайн ажиглаж байх хэрэгтэй. Унтаж байхад зүрхний цохилт хамгийн доод түвшинд буюу минутанд 40-50 байдаг. Өглөө гүйцэд сэрж амжаагүй байж шууд хүчтэй, ачаалалтай гүйж болохгүй л гэдэг юм билээ. Гүйж эхлэхээр зүрхний цохилт бүүр 170-180 рүү хүрдэг. Төсөөлөгдөж байгаа биздээ. Залуучуудынх бүр 200 ч хүрнэ. Тийм өндөр ачаалал авдаг. Тэгэхээр 40 50 байсан зүрхний цохилтыг 200 руу шууд савж байгаа гэсэн үг. Зарим хүмүүс эртэч, өглөөний хүн болох гээд хар үүрээр 05 цагт босоод хурдтай гүйж яваа харагддаг. Үүнийг л хэлээд байгаа юм болов уу даа.
Миний бодлоор өглөөний гүйлт маш тайван, удаан, аз жаргалтай байх хэрэгтэй. Гүйгчид жаргаж гүйнэ гэж ярьдаг даа. Ачаалалтай хүнд гүйлт өглөө эрт хийх дэмий санагддаг.
Би гүйлтийн цагтай болохоор цагнаасаа өөрийнхөө зүрхний цохилт, гүйсэн км зам, зэрэг бүх мэдээллээ авч хянадаг. Гүйхийн өмнө бие халаалтаа заавал хийж хэвших бас их чухал. Зүрхний цохилт ер нь нас насны хүмүүст өөр байдаг. Залуу хүмүүсийнх илүү олон, настайвтар хүмүүсийнх арай цөөн.
Өглөө гүйх нь буруу гэж би хэлж чадахгүй. Гүйж бололгүй л яахав. Гэхдээ зөөлөн, тааваараа гүйгээрэй гэмээр байна. Би өглөө 05, 06 цаг гээд тэр бүр гүйгээд байдаггүй. Тухайн өдрийн хамгийн их ачаалал даах цагтаа аль болох гүйхийг хичээдэг. Биологийн идэвхтэй цаг гэж байдаг даа. Өглөө 10.00-11.00 цаг, үдээс хойш 16.00-17.00 цаг. Болж өгвөл энэ цагт гүйчихийг боддог. Тэр тусмаа холын гүйлтээ заавал энэ цагт хийдэг. Зарим хүмүүс асуугаад байдаг. Хэзээ гүйвэл зүгээр вэ гэж. Өглөө юу? Орой юу? Хэзээ ч гүйсэн болно. Бүх л гүйлт сайн. Гол нь бэлтгэлээ сайхан тааруулж гүйвэл.
Та гүйлтийнхээ талаар өдөр болгон өөрийн сошиал хаягаараа мэдээлж байгаа харагддаг.
Би гүйчихээд гүйснээ өөрийн фэйсбүүк, твиттер хуудсаараа мэдээлдэг. Хүмүүс миний гүйлтийг хараад гүйх юмсан гэсэн хүсэл төрдөг байгаасай гэж боддог. Бас өөрийнхөө гүйлтүүдээ архивлаж авч байгаа юм.
Нөгөө талаараа би хэн нэгэнд чи гүйгээрэй, гүйх нь эрүүл мэндэд сайн шүү гээд ятгаад, зөвлөөд байхын оронд шууд өөрийн үйлдлээрээ үлгэрлэн үзүүлвэл илүү үр дүнтэй гэж боддог. Гүйж байгаа хүнийг хараад атаархаж байгаа бол та гүйгч гэж сайхан үг бий. Ер нь хүн бүр л гүйж чадна. Насны хязгаар байхгүй. 60 наснаас ч гүйж эхэлж болно.
Та хэр шантарч байсан бэ?
Зөндөө шантарна, шантарна. Би 4 хүүхэдтэй. Шантрах, ядарсан үедээ хүүхдүүдээ л дотроо их боддог доо. Хүүхдүүдтэйгээ, сайхан гэр бүлтэйгээ эрүүл саруул, урт удаан хамт байх ёстой гэж бодож гүйнэ. Гүйлтийн спортод сэтгэл зүй маш чухал. Сэтгэл хаана хүрнэ, бие тэнд хүрнэ гэж ярьдаг. Сэтгэлийн хүчээр хол замыг туулдаг. Чадахгүй нь ээ л гэж бодвол зогсоно гэсэн үг. Чаднаа л гэвэл хүрнэ. Манай нэг гүйгч найз ярьж байсан. Олон өдрийн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал. Ядраад,өвдөөд, шантраад ирэхээрээ “энэ зам дээр үхчихье” гэж бодогддог гэж. Өөрийгөө айхтар зоригжуулж байгаам шүү. Би заримдаа шантарнаа, гүйж яваад. Тэр үед иймэрхүү хүчирхэг үгнүүд санаанд орж ирнэ.
Гэр бүлийнхээ талаар яриач?
Манай гэр бүлийн хүн иогоор хичээллэдэг. Хааяа надтай хамт гүйнэ. Манай хүүхдүүд бүгдээрээ гүйдэг, спортоор хичээллэдэг. Хүүхдүүдээ спортод хайртай, эрүүл зөв амьдралын хэвшилтэй хүмүүс болоосой гэж хүсдэг. Аавынх нь хийж чадах юм энэ. Хүүхдүүддээ ийм л юм өвлүүлнэ дээ. Боловсрол мэдээж чухал. Гэхдээ амьдралын зөв дадал хэвшил боловсролоос дутахгүй чухал эд. Том хүү маань 21 настай, дараагийнх нь 14 настай, тэгээд 10 настай хүү. Хамгийн бага маань 5 настай. Манай бага хүү 2 км хөөрхөн гүйчихдэг шд. Сургуулийн хашаанд ах эгч нарыгаа дагаад гүйчихнэ.
Манай гэрийнхэн бүгдээрээ сард төдөн км зам гүйнэ гээд зорилт гаргаад төлөвлөгөөнийхөө дагуу гүйдэг. Би жишээлбэл сард 300-350 км гүйдэг. Манай охин энэ сард 150 км зам гүйнэ. Тэгэхээр өдөрт 5 км. Энэ нь хүнийг аягүй сайн түлхэж, зөв дадал зуршил суулгаж байгаа юм. Зорилготой болгоно.
Өнөөдөр завгүй гээд гүйж чадаагүй бол маргааш нөхөж 10 км гүйх болдог. Тэгэхээр ийм ачаалал авахгүйн тулд яг товлосон цагтаа л гүйх ёстой болж байгаан. Манай гэрийнхэн гүйхээс гадна өдөрт 100 удаа суниадаг. Бүгдээрээ суниана. Нэг дор шууд 100 суниахгүй л дээ. Өдөржин бага багаар суниаж хамгийн багадаа 100 хүргэцгээдэг. Гүйгчдэд суниалт ер нь их сайн дасгал. Заавал хийж байвал. Гүйгч хүн биеийн ерөнхий хөгжил сайтай бол сайн гүйдэг. Хүүхдүүд маань таеквандогоор хичээллэдэг. Хар бүстэй. Хүү, охин хоёр маань улсын аварга болж байсан. Охин маань спортын мастер.
Гүйхэд шаардагдах чухал зүйлс юу вэ?
Сайн гүйгч болоход өөртөө таарсан зөв бэлтгэл, зөв хооллолт, сайн амралт гээд олон зүйл нөлөөлнө.
Зүгээр гарч гүйгээд мундаг болчихно гэж бодож байвал эндүүрэл. Гүйж эхэлнэ гэдэг том амжилт мөн л дөө. Гэхдээ илүү амжилттай, эхнээсээ бэртэл гэмтэлгүй гүйнэ гэдэг бүүр том амжилт. Ингэхийн тулд гүйлтийн туршлагатай хүмүүсээс сайхан зөвлөгөөнүүд аваад гүйж эхлээрэй гэж хэлмээр байна.
. Миний хувьд туршлагатай гүйгчдээс зөвлөгөө их сонсдог. Гадны гүйгчдийн зөвлөгөө,туршлагаас их уншдаг. Гэхдээ унших нэг хэрэг. Уншаад хэрэгжүүлэх бүүр чухал. Зөвлөгөөг хэрэгжүүлэхгүй бол мянган сайхан зөвлөгөө байгаад хэрэггүй л дээ.
Та хэр тэмцээн уралдаанд ордог вэ?
Монголдоо болж байгаа бүхий л тэмцээнд орохыг боддог. Манайд гэхдээ цөөхөн тэмцээн болдог. Гадныхан шиг 7 хоног тутам тэмцээн болохгүй л дээ.
Марафонд замаа дуусгах нь хамгийн чухал том амжилт байдаг. Би бүтэн марафонд гүйж байсан. Хагас марафонд бол зөндөө гүйсээн. 42 км гүйж үзсэн хүн 42 км гүйж байгаа хүнээ ойлгодог гэж ярьдаг. Энэ үнэхээр үнэн юм билээ. Бүтэн марафон буюу 42 км-т хүний байж болох бүх хүч, энерги зарцуулагддаг. Хүнд спорт. Гэхдээ гүйдэг хүн болгон марафонд гүйгээд байх албагүй л дээ. Эрүүл мэндийн хөнгөн гүйлт хийгээд байж болно. Өдөр бүр тогтмол 5-10 км гүйхийг хэлж байгаа юм. 30 минутаас 1 цаг. Долоо хоногтоо 30-50км гүйгээд байхад болно. 7 хоногтоо гүйлтээ хуваагаад өдөрт хэд гүйхээ тооцно. Дунд нь гүйхгүй амрах өдрөө оруулаад.
Таньд шавь байдаг уу? Хэн нэгэнд зөвлөгөө хэр өгдөг вэ?
Шавь гэж байхгүй ээ. Манай хажуу байрны нэг хүүхдийн ээж нь намайг гүйж байхыг хараад хүүтэйгээ хамт ирж уулзсан. Хүү нь одоо надтай хамт гүйдэг, хамт бэлтгэлээ хийж байгаа. Тэр хүү анх 90 кг байсан. Одоо шаал өөр болчихсон. 70кг болчихсон. Анх гүйхэд нэлээн хүндрэлтэй байсан. Одоо бол надтай ана мана л гүйнэ. Ахаа гүйе ээ л гэнэ. Гүйлтэнд их дуртай. Залуу хүүхдүүд маш хурдан ахиж дэвшдэг. 5 сар орчим хамт гүйж байна. Тэр хүү “би гүйлттэй ямар азаар нөхөрлөв өө, гүйгээгүй бол өдийд гэртээ ээждээ загнуулаад утсаа оролдоод хэвтэж байх байсан, таньд их баярлалаа” гэдэг. Надад ч гэсэн тэр хүүг өөрчлөгдөж байхыг, 18 настай хүү өөрийгөө ялаад баярлаж байгааг харах үнэхээр сайхан байдаг. Хамт гүйе гээд хүмүүс холбогддог. Боломжоороо хэлж зөвлөдөг. Зарим нь одоо гүйж байгаа харагддаг. Сайхан л санагддаг.
Гүйлтийг ганцаараа спорт гэдэг. Таны хувьд?
Гүйлт бол бясалгал гэж ярьдаг. Энэ үнэхээр үнэн. Нөгөө талаасаа өөртэйгээ ярих, өөрийгөө ялах том тэмцэл. Өөрийгөө ялна гэдэг нь тэр чигтээ сахилга бат. Би ихэнхдээ ганцаараа гүйдэг. Ингэж гүйхээр өөрөө өөртэйгээ ярих, бас өөрийгөө жинхэнэ утгаар нь ялж чаддаг давуу талтай. Хүмүүстэй дандаа хамт гүйх тийм сайн гэж бодохгүй байна. Ганцаараа хол замыг туулж сурах хэрэгтэй. Нэгэнт өөрөө өөрийгөө ялъя гэж байгаа бол ганцаараа, өөрөө өөртэйгээ тэмцэх хэрэгтэй.
Хүн спортоос кайф, аз жаргалыг авахаараа тэрэндээ донтдог. Дуучин Эминем мэднэ тээ. Тэр гүйсээр байгаад хар тамхинаас гарсан гэдэг. Сүүлдээ гүйлт өөрөө чамайг уруу татдаг болчихдог юм билээ. Зөв дадал хэвшлийг олж авах их хэцүү гэдэг. Маш их хөдөлмөр, хичээл зүтгэл шаардана. Бүүр шинэ амьдрал эхэлж байна гэж ч ярьдаг. Нэг олоод авсан хойноо бол хаяна гэж бараг байхгүй л дээ.
Ямар хүнээс үлгэр жишээ, урам зориг авдаг вэ? Гадаадын алдартай тамирчдаас их урам зориг авдаг юм шиг санагдсан.
Зөндөө тийм хүн байгаа. Ер нь бүх гүйгчдээс урам авдаг. Жирийн гүйж байгаа хүмүүсээс ч урам авна. Гүйж байгаа хүмүүсийн ихэнх нь харьцангуй эерэг хүмүүс байдаг. Стресс багатай. Сайхан хүмүүс.
Та гүйгээд турах гэж байгаа хүмүүст хандаж зөвлөгөө өгвөл?
Монгол хэл дээр гүйлтийн талаарх мэдээлэл их ховор. Мэдээлэл байхын хувьд байдаг. Гэхдээ тэдгээр мэдээллүүд яг мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө биш болохоор жаахан эрсдэлтэй. Сүүлийн үед зарим гүйлтийн клубууд гүйлтийн мэдээллүүд орчуулан гүйгчдэд хүргэдэг болж байгаа.
Гүйж эхлэх гэж байгаа бол гүйлтийн туршлагатай хүнээс зөвлөгөө авч гүйвэл их зүгээр гэж л хэлмээр байна. Гол нь тасралтгүй урт хугацаанд гүйж байж үр дүнд хүрнэ. Нэг хоёр сарын гүйлт тийм ч үр дүнтэй биш. Тууштай, бас дуртай гүйх хэрэгтэй.
Гүйхтэй холбоотой сонирхолтой, хөгжилтэй явдал тохиолдож байв уу?
Өө зөндөө болно. Тэр бүр санахгүй байна. Хувцаслалтаа тохируулж өмсөж чадаагүй, эсвэл гүйлтийн цаг, апп зэргээ асаагаагүй мартчихаад гүйх үе байна. Үнэхээр харамсалтай байдаг. Гүйлтийн хурд, зарцуулсан калори, гүйлтийн алхам, алхам хоорондын зай, алхалтын давтамж, гаднаас авч байгаа хүчил төрөгчийн хэмжээ, зүрхний цохилт гээд бүх мэдээлэл тэнд байдаг учраас.
Та машинтай юу?
Байгаа. Гэхдээ хэрэглэх нь их бага. Гэрийн гадаа ашиглаагүй хэд хонодог. Яаралтай чухал ажил гарвал л машинтай гардаг. Бусад үед бол голдуу алхчихдаг. Хүнтэй энд тэнд очиж уулзаад буцахдаа гэр рүүгээ гүйчихдэг шд. Ингэхэд бс л хөөрхөн бэлтгэл болоод байдаг.
Өөр ямар хоббитой вэ? Гүйлттэй холбоотой ном бас их уншдаг юм шиг байсан.
Хобби гэдэг зүйл асар хүчтэй юм байнаа. Гүйлттэй холбоотой сонин содон гоё мэдээллүүд унших гээд Англи хэл дээр мэдээллүүд хайна. Гадны гүйгчидтэй мэдээлэл солилцоно. Англи хэлний мэдлэг маань нэлээн сайжраад байгаа.
Та өнгөрсөн өвөл эрүүл мэндийн гүйлтийн ДАШТ-д Монгол улсын багийн ахлагчаар сонгогдон орж байсан. Тэр тэмцээн юу болсон бэ?
ДЭМБ-аас эрүүл мэндийн гүйлтийн ДАШТ-ийг зохион байгуулсан. Дэлхийн 180 улс оролцсон. Манай улс 18-р байранд орсон. Манайхаас 500 гаруй гүйгчид оролцсон. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчууд маань нэгдэж байгаа байгаа газраасаа нэг баг болж гүйцгээсэн. Энэ дашрамд тус тэмцээнд хамтдаа гүйсэн бүх гүйгчдэдээ маш их баярласан шүү гэж хэлье.
Та цаашид юуг зорьж байна вэ?
Дэлхийн топ 6 марафон гэж байдаг. Бүгдэд нь гүйж үзэхийг хүсэж байна. Энэ бол бүх л гүйгчдийн мөрөөдөл.
Ярилцсан: Э.Ууганбилэг (ULAANBAATAR NEWS)