Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Сангийн сайд Б. Жавхлан нар Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хууль болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан,
"УИХ-ын 2023 оны төсвийг өргөн барихдаа дагаж өргөн мэдүүлсэн нийт 99 хууль, 6 их хурлын тогтоол, дөрвөн төслийн талаар мэдээлье.
Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд зохион байгуулсан социологийн судалгаан дээр олон нийтийг бухимдуулж байгаа асуудлын эхний гуравт тогтмол эрэмбэлэгддэг зүйл бол төрийн албаны сахилга бат алдагдсан гэдэг дүгнэлт тогтмол гарч ирсэн байдаг. Тийм учраас урьд өмнө гарч байсан төрийн бодлогын баримт бичгүүд, одоо батлагдаж байгаа хуулийн хүрээнд төрийн албаныхаа ёс зүйн хариуцлагыг дээшлүүлдэг байх нь бидний үндсэн үүрэг гэж үзэж байна.
Цаашид төр иргэдэд гологддог бус иргэдийн итгэлийг даасан, үүрэг хариуцлагаа ухамсарласан, ур чадвартай, мэдлэгтэй, ёс зүйтэй, хариуцлагатай болж шинэчлэгдэн төлөвших шаардлага бий болж байна гэж үзэж байна.
Төрөөс иргэн, ААН-д үзүүлж байгаа үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Энэ нь хувийн хэвшилдээ гологддог төр байж болохгүй гэдгийг харуулж байгаа юм. Ур чадвар, мэдлэгийн хувьд хувийн хэвшилтэй адил хэмжээнд, өрсөлдөх чадвартай, төр, төрийн алба байх ёстой гэж үзэж байна.
Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах субъектыг засгийн газрын зүгээс УИХ-д өргөн барихдаа тодорхойлох гэж үзэхэд хяналт тавьдаг нэг ч засгийн газар байдаггүй байсан. Дөрөвдүгээр сард уг хуулийг батлахдаа энэ хуулийн хэрэгжилтэд Сангийн яам санхүүгийн хувьд хяналт тавъя гэж байсан. Цаашид төрийг илүү хариуцлагатай төсөв мөнгөний хэмнэлттэй байлгах нөхцлийг бүрэн хянах, хариуцлага хүлээлгэх байгууллага нь засгийн газрын хяналтын байгууллага болж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.
Монгол Улс иргэн төвтэй төртэй. Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа учраас хуулийн хэрэгжилтэд бүрэн хяналт тавьж ажиллах шаардлага үүссэн гэж үзэж байгаа. Мөн хуулиудын уялдааг сайжруулахаар ажиллаж байна. Засгийн газар дахь хяналтын тухай хууль хаана хэрэгжих вэ гэвэл дотоод хяналтыг гол зорилгоо болгож ажиллана. Ингэхдээ хяналт шинжилгээ, үнэлгээг гол болгоно.
Хяналтын байгууллага нь ЗГ-ын 16 яам, 37 агентлаг, аймаг нийслэлийн засаг дарга нар байна. Мөн 171 нэгж дээр хяналт тавьж ажиллана" гэв.