Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгэл зүйч С.Хулан: Гэмт хэрэгт холбогдоход хүүхдийн өсч, торниж байгаа орчин, эцэг эхийн төлөвшүүлж буй байдал маш чухал нөлөө үзүүлдэг

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
9 минут 2 секунд

Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох тохиолдол ихэссэн. Өдөр бүр өсвөр насныхан санаатай болон санамсаргүй байдлаар хэрэгт холбогдсон, бүлэглэн биенээ зодсон, хүйтэн мэсээр биенээ гэмтээсэн зэрэг мэдээлэл гарч байгаагаас гадна амиа хорлох үйлдэл хийсэн талаарх мэдээллүүд ч шил шилээ дараалан гарч байна. Тиймээс өсвөр насныхны сэтгэлзүйн онцлог ямар байдаг талаар сэтгэлзүйч С.Хулантай ярилцлаа.

-Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэлзүй насанд хүрэгчдийг бодвол юугаараа илүү онцлогтой байдаг вэ?

-Өсвөр насны хүүхдүүд сэтгэл хөдлөл ихтэй, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар нь гүйцэд хөгжөөгүй байдаг. Өөрөөр хэлбэл, энэ насны хүүхдүүдийн үйлдэл ихэвчлэн сэтгэл хөдлөлтэй нь холбоотой гэж ойлгож болно.

-Сэтгэлийн тэнхээ гэж ярьдаг шиг өсвөр насныхны хувьд хэзээнээс эхлэн сэтгэлийн тэнхээтэй болж, аливаа асуудалд ул суурьтай хандаж, асуудлыг давж гарах аргад суралцаж эхэлдэг юм бол?

-Хүүхдийн тархины урд хэсэг буюу духны хэсэг гүйцэд хөгжөөгүй байдаг учраас юмыг бодитоор харж үнэлэх чадвар насанд хүрсэн хүнээс бага байдаг. Энэ чадвар 25 нас хүртэл хөгждөг гэж үздэг. Тэгэхээр хүн 18 нас хүрэхээр нас биед хүрсэн гэж үздэг ч сэтгэл зүйн хувьд 25 нас хүрч байж том хүн болсон гэж үзэх үндэслэл бий.

-Өсвөр насныхан үе тэнгийнхэндээ өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмж сул байх нь тэдний сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг юм бол?

-Өсвөр нас бол найз нөхөд төвтэй нас. Тэгэхээр өсвөр насны хүүхдийн хувьд найз нөхөд чухал байр суурийг эзэлдэг гэсэн үг. Тэдний анхаарлыг татах янз бүрийн оролдлого хийнэ. Үе тэнгийн хүүхдүүдийн зүгээс ирэх үнэлэмж, үзэл бодол, магтаал шүүмжлэл гээд бүгд л маш чухал санагдана. Ер нь үе тэнгийнхээ хүүхдүүдийн дунд нэр нөлөөтэй байх нь өөртөө итгэх итгэлтэй шууд хамаатай болж ирнэ. Мөн найз нөхөд, үерхэл гээд өөрийгөө зөвөөр илэрхийлж сурах шаардлага зайлшгүй тулгардаг. Тиймээс өөрийгөө нээж илэрхийлэх чадвар хэдий чинээ сул байна. Найз нөхөдтэй болох боломж төдий чинээ бага байна. Ирээдүйд ажил карьер, гэр бүл, хосын харилцаанд ч сөргөөр нөлөөлж болно.

-Түүнээс гадна өсвөр насныхан ямар нэгэн гэмт хэрэгт холбогдоход сэтгэлзүй нөлөөлдөг юм болов уу?

-Сэтгэлзүйн хувьд тогтвортой хүүхэд гэмт хэрэгт холбогдох эрсдэл харьцангуй бага л даа. Гэр бүлийн орчин, хүмүүжил хүүхдийн төлөвшилд чухал нөлөөтэйг хэн хүнгүй л хэлэх байх. Чанга дэглэмтэй хорих ангид хүмүүжиж байгаа хүмүүсийн ихэнх нь гэр бүлийн хүчирхийлэлтэй, хүнд нөхцөлд өссөн гэсэн судалгаа байдаг. Тиймээс хүүхдийн өсч, торниж байгаа орчин хийгээд эцэг эхийн хүүхдээ төлөвшүүлж буй зан байдал ч үүнд асар их чухал нөлөө үзүүлнэ гэсэн үг.

-Тэгвэл уур бухимдал, стресс, сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй зэрэг нь гэмт хэрэгт холбогдох шалтгаан болох уу?

-Хүүхэд гэмт хэргийн хор уршгийг бодитоор үнэлэх чадвар үнэхээр сул байдаг юм болов уу гэж харсан. Жишээ нь, хүүхдүүд дэлгүүрээс юм хулгайлахдаа өөрийгөө гэмт хэрэг хийж байна, энэ нь өөрийн ирээдүйд хэрхэн нөлөөлөх талаар тийм ч нухацтай тооцоолж үзээгүй байдаг нь ажиглагдсан.

Хүүхдүүд хоорондоо муудалцах, нэг нэгнийгээ бие сэтгэлзүйн хувьд гэмтээх гээд асуудал зөндөө гарна. Мэдээж аливаа асуудал хоёр талтай. Аль аль тал нь асуудлыг бодитоор үнэлэх, сэтгэл хөдлөлөө удирдан зохицуулах чадвар харьцангуй муу байдаг.

-Өсвөр насны хүүхдүүд уур бухимдал, стрессээ хэрхэн удирдаж сурах ёстой юм бол. Энэ тал дээр зөвлөгөө өгөхгүй юу?

-Хамгийн түрүүнд хүн сэтгэл хөдлөлөө таньж, ойлгох нь чухал. Надад ямар мэдрэмж төрж байна, яагаад ийм мэдрэмж төрөөд байна гэх зэргээр өөрийгөө чагнаж сурах хэрэгтэй.

Зүрх хурдан цохилох, гар чичрэх, нүүр халуу дүүгэх зэрэг мэдрэмж төрж байвал “би уурлаад байгаа юм байна”, “энэ хүүхэд муухай үг хэлээд ийм мэдрэмж төрчихсөн байна” гэдэг ч юм уу эхлээд өөрийн мэдрэмжээ ялгаж таних хэрэгтэй. Үүний дараа эцсийн үр дүн нь юу вэ гэдгийг л бодитоор тооцоолж сурах шаардлагатай байгаа юм. Мөн надад ашигтай юу үгүй юу, энэ яг миний хүссэн зүйл мөн үү гэж өөрөөсөө асуу гэж зөвлөмөөр байна.

Энэ нь уурлах нь буруу гэсэн үг биш л дээ. Бүх сэтгэл хөдлөл хүнд хэрэгтэй. Гэхдээ монголчууд уурын мунхаг гэж яагаад нэрлэсэн юм бол гэдгийг бодох хэрэгтэй. Уур хүрэх хэдхэн секундын л асуудал атал яагаад тийм их сөрөг үр дагавартай байдаг вэ гэдэг нь сонин. Нэг мэдэхэд л гарт тааралдан зүйлээ эвдчихсэн, хайртай хүндээ муухай үг хэлчихсэн, сайн найзтайгаа гар зөрүүлчихсэн байх. Буцааж болохгүй олон зүйлийг аль хэзээний хийчихсэн л байдаг. Тиймээс уурыг уур хүрсэн үед яаж өөрийгөө хянах, яаж гадагшлуулах вэ гэдэг дээр олон янзын дасгал, дадал байдаг.

Жишээлбэл, Амьсгалаа түгжээд 1-5 хүртэл тоолох, хуруугаа дарж тоолох, өөр зүйл бодох, орчноо солих гээд тухайн үеийн сэтгэл хөдлөлийг удирдах дасгал байдаг бол урт хугацаандаа уурыг зохицуулах эерэг дадлууд бас бий. Гэрээ цэвэрлэх, оймсоо угаах ч бас тайвшрахад тусалдаг.

-Ямар нэг гэмт хэрэгт санаатай болон санаандгүйгээр холбогдсон бол түүнийг давж гарах сэтгэлзүй хэр байдаг юм бол. Хариуцлага хүлээх чадвар суусан байдаг уу. Танд бас жишээ байвал дурдаж өгөөч?

-Бид өсвөр насны хүүхдийн тухай ярьж байгаа шүү дээ. Хариуцлагын тухай товч тодорхой хэлэхэд хэцүү. Бие нь хэдий өсөж том болсон ч оюун санаа сэтгэл зүйн хувьд хүүхэд хэвээрээ. Хэсэгхэн зуурын сэтгэл хөдлөлөө удирдаж чадаагүйгээс болоод насан туршдаа сэтгэлийн шархтай явах нь харамсалтай. Үүн дээр эцэг эх багш мэргэжилтнүүд бид зөв чиглүүлэх үүрэгтэй гэж боддог.

-Хүүхдийн сэтгэлзүйг эцэг эхчүүд бас маш их анхаарч байх хэрэгтэй байх. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Өсвөр насны хямрал гэж их ярьдаг. Үнэндээ бүх л насны үечлэл бүгд л амаргүй байдаг гэж боддог. Ганц өсвөр нас эмзэг хэцүү үе биш. Энэ нь зүгээр л нэг үйл явц. Харин өсвөр насны хямрал гэнэт гарч ирдэггүй гэдгийг л хэлмээр байдаг. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүд хүүхдээ олох үеэс л хичээж, үүрэг хариуцлагаа ухамсарлах нь чухал. Тэгэхийн тулд магадгүй гэр бүл болох үеэс л хариуцлагатай байх хэрэгтэй байх. Ялангуяа өсвөр насны хүүхдүүдээ анзаарч, тэдэнд цаг гаргаж мөн чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарах шаардлагатай.

Эцэг эхчүүдийн хувьд хяналт тавьж байна гээд илүү их хорьж цагдаад байдаг. Энэ ч бас буруу. Тиймээс өсвөр насныхны сэтгэлзүйг яг найз шиг нь ойлгож, мэдэрч, ярилцаж байх нь чухал.

-Ярилцсанд баярлалаа.

Ш.Батхүүд 10 жилийн ял оноож, 109 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийджээ
Ш.Батхүүд 10 жилийн ял оноож, 109 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэхээр шийджээ
 
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.