Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Энхболд: Филиппинд омикроны XВВ, ХВС хувилбар шинээр бүртгэгдээд байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
3 минут 15 секунд

Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр "2022 оны 10-р сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын хүүхдийн 218,153 тохиолдол бүртгэгдсэн ба нийт тохиолдлын 22.1 хувийг эзэлж байна. Хүүхдийн өвчлөлийг насны бүлгээр үзвэл 0-4 насны хүүхэд 27.6 хувь, 5-11 насны хүүхэд 44.5 хувь, 12-15 насны хүүхэд 19.6 хувь, 16-17 насны хүүхэд 8.4 хувийг тус тус эзэлж байна.

БНСУ-д томуу болон КОВИД-19-ын хавсарсан халдвар ихсэж, хүүхдийн дунд өвчлөл нэмэгдэж байгаа бол Сингапурт яаралтай тусламжийн тасагт хэвтэх өвчтөний тоо ихсэж байгаа юм байна. Филиппин Улсад омикроны XВВ хувилбарын 81, ХВС хувилбарын 193 тохиолдол тус тус шинээр бүртгэгдээд байгаа.

“2022-2023 оны улирлын томуу, томуу төст өвчин, коронавируст халдвар (КОВИД-19)-ын дэгдэлтийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөө”-г 2022 оны 07-12 дугаар сард Тандалт, хариу арга хэмжээ, Эмнэлзүй, Вирус судлалын тандалтын чиглэлээр 3 бүлгийн нийт 29 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа.

Улсын хэмжээнд 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд томуу, томуу төст өвчин 10,000 хүн амд 69.6 (Улаанбаатарт 77.6, аймгийн дундаж 62.6), эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд амьсгалын замын цочмог хүнд халдвар 10,000 хүн амд 3.4 болж “Идэвхжлийн түвшин”-д байгаа аж.

Томуу, томуу төст өвчний тархалтын түвшингээр Говь-Алтай аймагт “Улирал хоорондын түвшин”-д, 19 аймаг “Идэвхжлийн түвшин”-д, Говьсүмбэр аймаг “Алаг цоог дэгдэлтийн түвшин”-д байна.

Томуу, томуу төст өвчний өвчлөгсдийн дотор 89.1 хувийг 15, үүнээс 60.4 хувь нь 4 хүртэлх насныханд бүртгэгдсэн. Өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 15 хүртэлх насанд 1.9 хувиар нэмэгдсэн байна. Амьсгалын замын цочмог хүнд халдвар (АЗЦХХ)-ын шалтгаант эмнэлэгт хэвтэгсдийн 92.7 хувь нь 15 хүртэлх, үүнээс 80.7 хувь нь 4 хүртэлх насныхан эзэлж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 1 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл 3.2 хувь, 10-14 насанд 0.8 хувь, 50-64 насанд 0.7 хувиар тус тус нэмэгджээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лавлагаа лабораторид томуугийн харуулдан тандалтын нэгжүүдээс ирсэн 74 сорьцонд шинжилгээ хийхэд 28 хувьд риновирус, 18 хувьд энтеровирус, 12 хувьд Аденовирус, 7 хувьд бокавирус, 5 хувьд Метапневмони, 2 хувьд улирлын коронавирус тус тус илэрсэн байна. Харин Томуу, SARS-CoV-2 вирус илрээгүй" гэлээ.

Коронавирусийн халдвараар дэлхий дахинд нийт 6 сая гаруй хүн нас баржээ
Коронавирусийн халдвараар дэлхий дахинд нийт 6 сая гаруй хүн нас баржээ
 
АГААРЫН ЧАНАР: Нийслэлийн 19 байршилд хэмжилт хийхэд БАЯНХОШУУ орчимд ХАМГИЙН БАГА БОХИРДОЛТОЙ байна
АГААРЫН ЧАНАР: Нийслэлийн 19 байршилд хэмжилт хийхэд БАЯНХОШУУ орчимд ХАМГИЙН БАГА БОХИРДОЛТОЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.