Хуулиас зугтсан хулгайн юм араасаа ямагт хууль бус зүйл дагуулсаар байдаг. Үүний том жишээ нь самрын экспорт. Самрын экспортын дийлэнх нь далд хэлбэрээр буюу орлогоо нуун дарагдуулж, гар дээрээс борлуулж байгаа самраас ч доогуур үнээр гаргадаг асуудал юм. Самар экспортод гаргах гэж хичээж буй албан ёсны зөвшөөрөлтэй компаниудын "шүдний өвчин" бол энэ хууль бусынхан.
Тэд эх нутгийнхаа байгалийг ч хайрлахыг мэдэхгүй. Зөвхөн ашиг хонжоо, илүү мөнгөний төлөө цаг нар харгалзахгүй самар түүж, түүлгэж хууль бус ажлаа явуулцгаадаг аж. Үүнийгээ тэд БНХАУ руу ямар ч татвар, татаасгүй экспортлоно. Дэлхий дээр манайх шиг их хуш модны самартай газар ховор. Тэр утгаараа урд хөршийнхөн манай хуш модны самрыг хачин ихээр сонирхоно. Тиймээс тэд хоёр, гуравхан том хятад ченжүүдээрээ Монголын самрын зах зээлийг хага базуулдаг. Манай хууль бус самар түүгчид болон цаасан дээр л компанитай нөхдүүд тэдний хоол ундыг бэлдэх гэж хичнээн арван залуусыг гэмтэл бэртэл, үхэл хагацал руу нь илгээдэг нь харамсалтай.
Татвар татаасгүй Монголоос импортоор оруулж ирсэн хуш модны самраа Хятадууд урд аваачин боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоод дэлхийн өнцөг булан бүрт худалдаалж байна. Эмгэнэлтэй нь, манайхан өөрсдөө түүхий эдийг нь үнэгүй шахуу бэлдэж өгчихөөд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг нь хачин өндөр үнээр худалдаж авдаг байх жишээний.
МҮХАҮТ-аас үүний эсрэг арга хэмжээ авахаар эрчимтэй ажиллаж байгаа ч самар экспортлогч зарим ААН-ийн эсэргүүцэлтэй тулсаар өнөөдрийг хүрсэн. Энэ талаар МҮХАҮТ-ын тэргүүн Т.Дүүрэн "Маргаан үүсгээд байгаа компаниуд бол үндсэндээ бичиг баримтын зөрчилтэй л гэсэн үг. Түүнээс биш бүх үйл ажиллагаа нь ил тод, хуулийн хүрээнд явж байгаа компаниудад гарал үүслийн гэрчилгээ олгогдоод явж байгаа" хэмээн тайлбарласан байдаг.
Өөрөөр хэлбэл, самрын зах зээлийг одоо нэн яаралтай тодорхой болгоё. Хэрэв тэгж чадахгүй бол цас хайлахтай зэрэгцэж өөрсдийгөө "самарчид" гэж нэрлэдэг "самрагчид" байгаль орчин сүйтгээд дууслаа. Жилдээ гарах хэмжээг нь заагаад, хилээр гаргадаг хяналтгүй тогтолцоог нь байхгүй болгоод ирэхээр урд хөршийнхөн манай руу их хэмжээгээр самар худалдаж авахад зориулж оруулахгүй. Үүнийгээ дагаад хууль бусаар самар түүгчдийг "өөхшүүлэх" хяналтгүй мөнгөний тогтолцоо устах юм. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь энэ ажлыг яаралтай барьж авах хэрэгтэй байна. Мэдээж самраар хоолоо олж идэж буй хууль бус самарчид болон цаасан дээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд буруу гарын ажил нь цэгцэрхээс айсандаа эсэргүүцэх л байх. Тэглээ гээд байгаль орчин, алтан амийг эрсдэлд учруулаад байлтай нь биш.
Самрын хилээр гаргадаг хууль бус тогтолцоог өөрчлөхөөс ажлаа эхлье.