УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар "Эрдэнэт үйлдвэр" Төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг танилцуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: "Эрдэнэт" үйлдвэрийн зэсийн хаягдлын овоолгыг хэдэн компани эзэмшиж ашиглаж байгаа вэ? Тухайн компаниудыг яаж сонгон шалгаруулдаг вэ? Үүнд төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тайлбар хийнэ үү? Нөгөө талаар овоолго ашигласны үр дүнгээс Орхон аймгийн ард иргэдэд ноогдол ашиг хэрхэн хүртээх вэ. Бэлэн мөнгө өгөхгүй тухай асуудал энд яригдаж байна. Ашгаас яаж тэгш хуваарилах эсэх талаар үйлдвэржилтийн байнгын хорооноос гаргасан саналыг сонсъё.
ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл: Өнөөдрийн байдлаар "Эрдэнэт" үйлдвэртэй гэрээ байгуулаад овоолго ашиглаж байгаа нэг компани нь "Эрдмэн" үйлдвэр. Тус үйлдвэр 1994 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мөн 2014 оноос хойш үйлдвэрлэл нь ашиглалтад орж үйл ажиллагаагаа явуулж байгаа "Ачит эх" ХХК байна. "Зэс Эрдэнийн Хувь" ХХК-ний үйл ажиллагаа хараахан эхлээгүй, туршилтын журмаар ажиллаж байгаа. Сүүлд "Эрдэнэт Уулын Өгөөж" нэртэй компани хамтран ажиллах саналаа ирүүлээд байна. Өнөөдрийн байдлаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨХК-тай хамтран үйл ажиллагаагаа явуулж байгаа хоёр компани байгаа гэсэн үг. "Эрдмэн" ХХК-д "Эрдэнэт" үйлдвэр өөрөө 25 хувийг эзэмшдэг. 25 хувьдаа ноогдох ашгийг 2005 оноос хойш олгож ирсэн. Өнөөдрийн байдлаар "Эрдмэн" ХХК ноогдол ашигтаа 30.8 сая ам.долларын ноогдол ашиг хуваарилсан байдалтай байна. "Ачит эх" ХХК өнөөдрийн байдлаар 18.7 тэрбум төгрөгийн рояалтиг төлөөд байж байна. Тэгэхээр ямар компаниудыг тендерт сонгон шалгаруулдаг вэ? гэсэн асуултад хариулахад тендер шалгаруулсан зүйл бол байхгүй. Зөвхөн "Эрдэнэт" үйлдвэртэй хамтран ажиллах саналаа илэрхийлээд хөрөнгө оруулалт нь ийм байна. Өгөөж нь ийм байна гэсэн санал тавьсны үндсэнд тухайн үйлдвэр судлаад тохирох компанитайгаа гэрээ байгуулдаг байгаа.
УИХ-ын гишүүн Т.Энхтүшин: Монгол улсын Үндсэн хуулийн 6.2-т заасан байж байгаа. Газрын доорх баялаг бүх ард түмний өмч гэж. Тэгвэл УИХ-ын тогтоолоор юу гарах гээд байна вэ гэвэл Орхон аймгийн иргэдэд хамтарсан сангаар дамжуулан хувьцаа эзэмшүүлэхээр тусгасан нь байгалийн баялгийн үр өгөөжийг нэг аймгийн иргэдэд хувааж өгөх гэж байгаа асуудал байна л дээ. Энэ нь өөрөө Монгол улсын Үндсэн хуулийг зөрчсөн байна гэдэг санаа. Хоёр дахь асуудал бол УИХ-ын тогтоол гарах шаардлагагүй. Компанийн тухай хуулиараа явах боломж байна. Энэ бол нээлттэй. Монгол Улсын Засгийн газарт энэ асуудлаа тавьж шийдвэрлүүлж "Эрдэнэт" ТӨҮГ-тай хамтарсан гэрээ байгуулах боломж нээлттэй байна гэдэг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байдаг.