Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

VISUAL TOIM: ДАРХАНБААТАР гэж нэрлэгдэх “шахсан“ УЛААНБААТАР анх 14 мянган иргэнтэй байжээ

Ангилал
Visual toim
Огноо
Унших
7 минут 54 секунд

Улаанбаатар хотын үүсэл XVII зууны үеийн Монгол орны улс төрийн байдалтай салшгүй холбоотой. Хамгийн анх Түшээт хан Гомбодоржийн таван настай хүү Занабазарыг Халх Монголын бурхан шашны тэргүүнд залж, анхны Жавзандамба хутагтаар тодруулан, орд өргөө байгуулан өгсөн нь Улаанбаатар хотын үүсэл хэмээн судлаачид үздэг.

Харин 1924 онд Ардын хувьсгал ялж, үндсэн хуулиа батлан Монгол Улсыг "Бүгд Найрамдах Монгол Ард Улс" хэмээн нэрлэж, Улсын нийслэлийг "Улаанбаатар" гэж нэрийдэхээр тогтсон байдаг. Энэ жил Улаанбаатар хотын 383 жилийн түүхт ой тохиож байгаа тул "Улаанбаатар хот"-ын сонирхолтой баримтуудаар дараах "VISUAL TOIM"-ыг бэлтгэлээ.

-Нийслэл хотыг анх ДАРХАНБААТАР хэмээн нэрлэх байв-

Нийслэл хотын нэрийг 1639 оноос "Өргөө", 1651 оноос "Номын хүрээ", 1706 оноос "Их хүрээ", 1912 оноос "Нийслэл хүрээ" хэмээж байгаад 1924 оноос хойш "Улаанбаатар" хэмээн нэрлэсэн нь нийслэл хотын тав дахь нэр аж.

1924 оны үеэс Нийслэл хүрээний нэрийг солих тухай яригдаж эхлэхэд тухайн үеийн дарга нар дээрх нэрсийг дэвшүүлсэн байдаг. Харин олонхийн саналаар "Дарханбаатар" гэх нэрийг Улсын анхдугаар их хурлын гишүүд дэмжсэн байтал Коминтерний төлөөлөгч Рыкуслов "Улаан" хэмээх тодотголыг нэмэх санал гарган, ийнхүү Улаанбаатар хэмээн нэрлэсэн түүхтэй.

-Улаанбаатар хотын хамгийн анхны хотын дарга МООНОНГИЙН БАЯР, 35 дахь хотын дарга ДОЛГОРСҮРЭНГИЙН СУМЪЯАБАЗАР-

Нийслэл хотын хамгийн анхны хотын даргаар Моононгийн Баяр хэмээх эрхэм Нийслэл хүрээ хотын түр захиргааны даргаар 1924-1925 онд, нэр өөрчлөгдөхөд Улаанбаатар хотын жинхэнэ захиргааны даргаар 1924-1926 онд тус тус ажиллаж байжээ.

Түүнээс хойш нийт 34 хотын дарга Улаанбаатар хотын захирагчийн албыг хашсан байна. Харин 35 дахь буюу одоогийн хотын даргаар Долгорсүрэнгийн Сумъяабазар ажиллаж байна.

-Улаанбаатар хот хамгийн анх 14 мянган иргэнтэй байжээ-

Ардын хувьсгал ялахаас гурван жилийн өмнө 61,000 хүн нийслэл хүрээнд бүртгэлтэй байсны 47 хувь нь гадаадын иргэн байсан аж. 1924 онд нийслэл хотыг Улаанбаатар хэмээн нэрлэснээс хойш 1925 онд хотын иргэн гэж хэнийг хэлэх талаарх тодорхойлолтыг анх гаргасан байна. Ийнхүү 61 мянган хүнээс 14 мянган хүнийг хотын иргэнд бүртгэсэн байдаг.

Харин хамгийн сүүлд буюу 2021 оны байдлаар нийслэл Улаанбаатар хотод 1,639,172 оршин суудаг гэх мэдээлэл бий.

-Хамгийн анхны нийтийн тээвэр 1929 онд явж эхэлжээ-

Улаанбаатар хотод нийтийн тээврийн үйлчилгээ 1929 онд бий болсон бөгөөд Амгаланбаатар хот, Улаанбаатар хотын төв хэсгийн хооронд хоёр автобус хоёр цагийн зайтай явдаг байжээ. Тухайн үед бүх автомашиныг "Уурын тэрэг" хэмээн нэрлэдэг байв. /1925 оны үед Маймаа хотыг Амгаланбаатар хот хэмээн нэрийддэг байсан/

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 662,644 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Үүний 16,573 нь нийтийн тээврийн автобус юм.

-Хамгийн анхны цэцэрлэг "ХҮҮХДИЙН БАЙШИН"-

Улаанбаатар хотын хамгийн анхны цэцэрлэгийг Ардыг гэгээрүүлэх яамны сайдын тушаалаар хотын гэгээрлийн хэлтсийн шууд харьяанд байх найман төрлийн ажилд “Хүүхдийн байшин” гэсэн заалт оруулснаар үүсчээ.

Тухайн үед цэцэрлэгийг ийн нэрлэдэг байсан ба энэ үед хүүхдүүдэд юм хайчилж наах, хөл гарын сургууль хийх, өнгө, зүг чиг заах, хүмүүсийн зураг үзүүлж түүх намтар ярих, малын хүйс, нас зэргийг заахаас гадна мандолин, бөмбөр зэрэг хөгжим тоглохыг заадаг байсан аж.

-Хамгийн анхны дунд сургуульд 40 СУРАГЧ сурч, 4 БАГШ ажиллаж байв-

Шинэ Монгол Улсын Засгийн газар 1921 оны наймдугаар сарын 25-нд дунд сургуулийн танхимын дүрэм, хэмжээг тогтоож өгсөн байна. Уг тогтоол батлагдсанаас хойш хоёр жилийн дараа буюу 1923 оны хоёрдугаар сарын 16-нд хүрээний анхны дунд сургуулийн тулгын чулууг тавьжээ.

Ийнхүү Нийслэл хүрээний анхны сургууль буюу I сургуулийг “Дунд сургуулийн танхим” нэртэйгээр хоёр бүлэг, 40 сурагч, дөрвөн багштайгаар байгуулсан юм. Харин Улаанбаатар хотын нэгдүгээр бүрэн дунд сургууль нь 1938 онд ерөнхий боловсролын анхны бүрэн дунд сургууль болж байжээ.

-"МУИС" хамгийн анхны их сургууль-

БНМАУ-ын Ардын Их хурлын 1940 оны гуравдугаар сарын 22-ны тогтоолд үндэслэн, 1940 оны арванхоёрдугаар сарын 06-нд Сайд нарын Зөвлөлөөс “Улаанбаатар хотноо улсын университет байгуулах тухай” 45 дугаар тогтоол гаргасан ба дээрх шийдвэрийг үндэслэн БНМАУ Зөвлөлт Холбоот Улсын дэмжлэгтэйгээр 1942 оны аравдугаар сарын 05-нд Чойбалсангийн нэрэмжит Улсын Университетийг байгуулсан нь одоогийн Монгол Улсын Их Сургууль юм.

-Улаанбаатар хотын хамгийн өндөр барилга 136 метр өндөр, 34 давхар-

2016 онд ашиглалтад орсон "Шангри Ла" төвийн III цамхгийг Улаанбаатар хотын хамгийн өндөр барилгад тооцдог. Тус барилга нь 134 метр өндөртэй бөгөөд 34 давхраас бүрддэг байна.

Харин түүний дараа 2017 онд ашиглалтад орсон "Хаан цамхаг" 112 метрийн өндөртэй, 24 давхар барилга бол гуравдугаарт "Туушин" зочид буудал ордог байна. Уг барилга нь 2013 онд ашиглалтад орсон 109 метр өндөртэй 25 давхар барилга юм.

-Улаанбаатар хамгийн "ХҮЙТЭН" нийслэл хотуудын нэг-

Дэлхийн хамгийн хүйтэн 10 хотын нэгд Улаанбаатар хот зүй ёсоор багтдаг. Монгол Улсад 1976 оны 12 дугаар сард Увс аймгийн Зүүнговь суманд агаарын температур ~55.3°С хүрч байсан бол 1954 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод -49.0°С хүрч байсан удаатай.

-"УЛААНБААТАР" гэдэг нэртэй 69 иргэн байдаг-

Улсын хэмжээнд, хүн ам, өрхийн мэдээллийн санд 2022 оны аравдугаар сарын 27 өдрийн байдлаар "Улаанбаатар" гэдэг нэртэй 69 хүн бүртгэлтэй байна.

-Улаанбаатар хотын хамгийн том зовлон "ТҮГЖРЭЛ"-

Нийслэл хотын хамгийн том асуудал, толгойны өвчин бол яах аргагүй түгжрэлийн асуудал. Автомашины дундаж хурд 2010 онд 35 км/цаг, 2020 онд 10 км/цаг, оргил цагтаа 8.9 км/цаг байжээ. Гэвч түгжрэлийнхээ асуудлыг шийдвэрлэж чадахгүй цаашид энэ хэвээр үргэлжилбэл 2024 онд түгжрэлийн үеэр автомашин нь явган зорчигчоо гүйцэхгүй хэмжээнд очих магадлалтай. Мөн бид өмнө нь "ТҮГЖРЭЛ"-ийн талаар визуаль тойм бэлтгэж байсан билээ.

Загас агнах зөвшөөрлийг цахимаар авна
Загас агнах зөвшөөрлийг цахимаар авна
 
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.