Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

VISUAL TOIM: Таныг өдөрт зам дээр 3.5 цаг түгжирч байх зуур 27 хүүхэд шинээр мэндэлдэг ба 2024 онд явган хүн, машин хоёрын хурд ТЭНЦЭНЭ

Ангилал
Нийгэм Visual toim
Огноо
Унших
10 минут 6 секунд

"Төрөх нь үнэн, үхэх нь ч үнэн" гэдэг. Харин энэ хэлц нийслэлчүүдийн хувьд "Амьдрах нь үнэн, ТҮГЖРЭХ нь ч үнэн" болж хувирч болно. Иймдээ ч нийслэл Улаанбаатар хотод хөл тавьж буй хэн бүхэн түгжрэлтэйгээ цуг "аж төрнө" гэх сэтгэлзүйн бэлтгэлтэй байх нь тун чухал. Нийслэлчүүдийн толгойны өвчин болоод удаж буй эл асуудалд хамгийн их шийдэл, гарц гаргалгаа ярьдаг боловч өнөөдөр ч бид түүнтэйгээ хэлхэлдсээр л яваа. Хэзээ салах тувь тавилантайгаа мэдэхгүйгээс хойш ТҮГЖРЭЛ өнөөдөр ямар түвшинд хүрсэн талаар мэдээллийг тоймлон хүргэж байна.

-Ядаж долоо хоногт нэг удаа явдаггүй дугаарын хязгаарлалтаа эхлээд "ЯС" мөрдүүлье-

Автозамын түгжрэлийг бууруулах шийдлийн талаарх судалгаанаас ашиглав

2012 оноос хойш гэж үзвэл дугаарын хязгаарлалтын зохицуулалт хэрэгжиж эхлээд арван жилийн нүүрийг үзэж байна. Эл шийдлийг автозамын ачааллыг багасгах зорилгоор гаргаж ирсэн. Гэвч зарим үед түгжрэлийн шалтгааныг дугаарын хязгаарлалттай үед "дураар" авирладаг жолооч нартай холбон тайлбарлах нь бий.

-Таныг өдөрт зам дээр 3.5 цаг түгжирч байх зуур 27 хүүхэд шинээр мэндэлдэг-

Манай улсад сард дунджаар 6 мянган хүүхэд төрдөг бөгөөд энэ нь нэг цаг тутамд 9 хүүхэд хорвоод мэндэлдэг. Харин 2021 онд нэг жолооч өдөрт дунджаар 3.5 цагийг түгжрэлд зарцуулдаг гэж тооцоолол гарчээ. Энэ нь таныг түгжирч байх зуурт 27 хүүхэд мэндэлдэг гэсэн үг юм.

-Автомашины тоо хэт их болсон нь түгжрэлийн ТОП шалтгаануудыг тэргүүлж байна-

Автозамын түгжрэлийг бууруулах шийдлийн талаарх судалгаанаас ашиглав

Түгжрэл гэж аман дээрээ ярьж бухимддаг ч асуудал юундаа байгааг бид олон янзаар тайлбарладаг. Тэгвэл түгжрэлийн "гол буруутан"-д дээрх шалтгаануудаас гадна худалдаа, үйлчилгээ, оффис нь хотын төвдөө төвлөрсөн, жолоочийн ур чадвар, ёс зүй, соёл муу байгаа, нийтийн тээврийн хүртээмж муу зэрэг шалтгааныг цохон тэмдэглэж болно.

-Их тойруугийн бүс рүү ордог иргэдийн 40 хувь нь худалдаа, шоппинг хийх зорилготой зорчдог-

Автозамын түгжрэлийг бууруулах шийдлийн талаарх судалгаанаас ашиглав

Хотын төвийн бүс рүү зорчиж буй иргэдийн нийтлэг зорилгыг авч үзвэл, 2 хүн тутмын 1 нь ажилдаа явах, хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж, авах байдаг аж.

-Таксинд явдаг иргэдийн 22% нь бүтэн өдрөөр, 78% нь ажлынхаа завсар зайгаар таксинд явдаг-

Автозамын түгжрэлийг бууруулах шийдлийн талаарх судалгаанаас ашиглав

Улаанбаатар хотод 414 мянган өрх бий. Түүний 10 өрх тутмын нэг өрхийн гишүүн нь хувиараа такси үйлчилгээнд явж орлого олдог байна. Харин такси үйлчилгээнд явж буй иргэдийн дийлэнх нь ажлынхаа завсар зайгаар явдаг аж.

-Яармагийн чиглэлд LRT явдаг болбол иргэдийн 56% нь "Яармагт амьдарна" гэх санал асуулга өгчээ-

Автозамын түгжрэлийг бууруулах шийдлийн талаарх судалгаанаас ашиглав

Энэ оны тавдугаар сараас баганан тулгуурт хөнгөн галт тэргийн нэгдүгээр шугамыг барих ажил эхэлсэн ба эл ажлаа Яармагийн чиглэлээс эхлүүлээд буй. Харин 2021 онд Яармагийн чиглэлд LRT явдаг болбол иргэдийн 56 хувь нь "Яармагт амьдарна" гэж хэлж байжээ.

-2024 онд замын түгжрэлийн оргил цагийн үеэрх автомашины ХУРД явган хүний алхалтын дундаж хурдтай ДҮЙЦЭЖ ОЧНО-

Автозамын түгжрэлийг бууруулах шийдлийн талаарх судалгаанаас ашиглав
Автомашины дундаж хурд 2010 онд 35 км/цаг, 2020 онд 10 км/цаг, оргил цагтаа 8.9 км/цаг байжээ. Гэвч түгжрэлийнхээ асуудлыг шийдвэрлэж чадахгүй цаашид энэ хэвээр үргэлжилбэл 2024 онд түгжрэлийн үеэр автомашин нь явган зорчигчоо гүйцэхгүй хэмжээнд очих нь.
-Нийслэлд 660 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна-
Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах төсөл /2021/

Жилд дунджаар нийслэлийн автомашины тоо 40 орчим мянгаар нэмэгдэж байна. Өнгөрөгч оны байдлаар нийслэлийн замын хөдөлгөөнд 662,644 тээврийн хэрэгсэл оролцож байна. Өөрөөр хэлбэл, авто замын даац гурав дахин хэтэрсэн талаар судалгаанд дурджээ.

-МЕХАНИК ӨСӨЛТ: Улаанбаатарын хүн ам жилд дунджаар 35 мянгаар нэмэгдэж байна-

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах төсөл /2021/

Түгжрэлийн нэг шалтгаан нь хүн амын механик өсөлтөөс гадна төвлөрөл. Тэгвэл нийслэлийн хүн 2030 онд 2 сая 100 мянга гаруй, 2040 онд 2 сая 591 мянга болж нэмэгдэх төлөвтэй гарчээ.

-Нийслэлчүүд бүтээж буй баялгийнхааа 8 хувийг ТҮГЖРЭЛД АЛДАЖ БАЙНА-

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах арга хэмжээ /2021-2024/

Нийслэлчүүд алдагдсан нийт боломжийн өртгөөс шалтгаалан түгжрэлийг дээд түвшиндээ хүрсэн гэж үнэлж байна. Харин бид түгжрэлээ шийдэхгүй хэвээр байвал ирээдүйд үүнээс ч их хэмжээний өртөг алдах нь ойлгомжтой.

-Иргэдийн 68 хувь нь автозамын түгжрэл стрессийн гол шалтгаан болсон гэж дүгнэж байна-

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах арга хэмжээ /2021-2024/

Улаанбаатар хотын иргэдийн стресс бухимдлын гол шалтгаан нь түгжрэл болж байгааг эл судалгаанаас харж болохоор байна. Түүнчлэн 68 хувь нь түгжрэл нь амьдралд маш их сөрөг нөлөөтэй гэж дүгнэжээ.

-Түгжрэлд алдагдсан боломжийн өртөг 11.8 их наяд төгрөг-

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах арга хэмжээ /2021-2024/

Алдагдсан боломжийн өртөг гэдэгт шатахуун, цаг хугацааны зардал, агаарын бохирдлын зардал зэрэг нь хамаардаг. Харин бусад өртөг болох ажлын бүтээмж, эрүүл мэнд, хүүхдийн боловсрол, дуу чимээ зэрэгт зөвхөн 2020 онд л гэхэд 2.7 их наяд төгрөгийг алджээ.

-Нэг жилийн дотор 69,262 автомашин ачилтынханд "баригдав"-

Ачигч автомашинуудын нэгдсэн холбооноос тодруулав

2021-2022 оны хооронд нийслэлд 69,262 автомашин ачигджээ. Эдгээр нь тавих ёсгүй газар тавьсан гэдгээс гадна зам тээврийн осолд холбогдсон, гэмт хэргийн холбогдолтой, согтуугаар жолоодсон тээврийн хэрэгслүүд багтааж болно.

-Ачилтынхан 58 мянган автомашинаас татах орлогоо "АЛДАВ"-

Ачигч автомашинуудын нэгдсэн холбооноос тодруулав

Нэг жилийн хугацаанд ачилтынхан 58806 автомашиныг ачих гэж байх үед жолооч ирсэн тул хүлээлгэн өгчээ. Нийслэлд өнөөдрийн байдлаар ачилтын 14 компани ажиллаж байна.

-АИ-92 бензин хэрэглэдэг нэг автомашин түгжрэлд 1328 төгрөгийн шатахууныг үр дүнгүй зарцуулж байна-

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө ассиоцаци"-аас 2018 онд гаргаж байсан судалгааны хэсгээс

АИ-92 бензин хэрэглэдэг нэг автомашин түгжрэлээс болж цагт 1328 төгрөгийн шатахууныг үр дүнгүй зарцуулж, энэ нь ДНБ-ний 2.9 хувийг эзэлж байгаа талаар судалгааг НИТХ дээр танилцуулж байв. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн нөхцөлд түгжрэлээс үүдэн үүнээс ч их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацааг алдаж байна гэсэн үг юм.

-Иргэдийн 70 гаруй хувь нь өдөртөө бүтээх ажлынхаа зөвхөн гуравны нэгийг амжуулдаг-

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө ассиоцаци"-аас 2018 онд гаргаж байсан судалгааны хэсгээс

Түгжрэл дунд бид амьдрах нь холгүй байна. Тэгвэл эл судалгаагаар иргэдийн 70 гаруй хувь нь өдөртөө бүтээх ажлынхаа зөвхөн гуравны нэгийг амжуулж байгаа гэжээ.

-Түгжрэлийг шийдэх нийслэлийн Засаг дарга нарын биелээгүй "ПОП" амлалтууд-

Түгжрэлийг шийдэх нийслэлийн Засаг дарга нарын биелээгүй "ПОП" амлалтууд

Түгжрэлийг шийднэ гэх сүржин нэртэй шийдлүүдийг гарган тавьж, нийслэлчүүдийн тархиар наадсан нийслэлийн үе үеийн Засаг дарга нарын биелээгүй ПОП амлалтуудыг энд эргэн сануулъя. ПОП АМЛАЛТУУД-д метро, агаарын дүүжин тээвэр зэрэг шийдлүүд багтжээ. Эдгээрийн аль нь ч өнөөдөр биеллээ олж, нийслэлчүүдийг магнайг тэнийлгэсэнгүй.

Одоогийн Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 2024 онд Яармагт баганан тулгуурт хөнгөн галт тэргийн эхний шугам ашиглалтад орно хэмээн мэдэгдсэн. Бид ирэх он жилүүдэд хөнгөн галт тэрэгтэй болж чадах эсэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

Ташрамд дурдахад, энэхүү тоймд ашиглагдсан тоон мэдээллүүдийг автозамын түгжрэлтэй холбоотой хийгдсэн судалгааны материалуудаас авч ашигласан болно

Элчин сайд Р.Болд: “Дорнын эдийн засгийн VII чуулгад оролцох нь Монгол Улсын ашиг сонирхолд нийцнэ
Элчин сайд Р.Болд: “Дорнын эдийн засгийн VII чуулгад оролцох нь Монгол Улсын ашиг сонирхолд нийцнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.