Монгол Улсын хэмжээнд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны зөвшөөрлийг цахимжуулах ажлын хүрээнд загас агнуурын бүс нутагт загас агнах, барих зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг 2016 онд эхлүүлсэн. Системийн шинэчлэл, сайжруулалт, хөгжүүлэлт бүрэн хийгдэж, хэрэглээнд нэвтэрсэн байна.
EZAGAS.MN цахим системээс агнуурын бүсээ тогтоож баталсан, ахуйн зориулалтаар агнах, барих тоо хэмжээгээ баталсан аймаг, сумдад загас агнах, барих зөвшөөрлийг хуулийн хугацаанд цахимаар олгохоос гадна загасны төлбөрийн мэдээлэл, агнуурын бүс нутаг, загас барих анхлан сурагчдад зориулсан зөвлөгөө, агнах болон барих загасны дээд хэмжээ, хууль эрх зүйн зохицуулалт зэрэг мэдээллийг авах боломжтой аж.
Цаашид энэхүү системийг E-Mongolia цахим нэг цонхны үйлчилгээнд байршуулахаас гадна цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч дэлхийн аль ч улс орноос холбогдон мэдээлэл авах, төлбөр төлөх, /олон улсын/ бусад төрлийн хөгжүүлэлтийг үе шаттай хийхээр төлөвлөөд байгаа талаар салбар яамнаас мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар уг цахим системд батлагдсан агнуурын бүс болох Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймаг, 31 сумын газар нутагт хамаарах 17 гол, 55 агнуурын бүсийн мэдээлэл багтжээ.