Монгол улсын төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр таалал төгсөж, Монголын утга зохиолын салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Тэрээр 1941 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төрж, 1966 онд Монгол улсын их сургууль, 1979 онд ЗХУ-ын М.Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн дээд курсийг тус тус төгсчээ.
Д.Батбаяр нь бага наснаасаа уран зохиол оролдсон бөгөөд "Гар", "Жаргалын найман морь", "Өгүүллэгийн түүвэр", "Дөшин жирэмийнхэн", "Шувуу бүхэн жаргалтай", "Нэг Ваанжил, нөгөө Ваанжил", "Цөөрөм" жүжгүүд бичжээ. 1988 онд "Мартагдсан аялгуу", "Хайрыг хайрла" жүжгээрээ МЗЭ-ийн шагнал, 1998 онд "Цахилж яваа гөрөөс" туужаараа төрийн шагнал хүртсэн юм.
2000 оноос хойш зохиолчийн "Мемонтог бүтээхүй" роман, "Чамд аз жаргал хүсье" өгүүллэгийн түүвэр, "Инга миний хээр тал" роман, "Бүтээхүйн зүй тогтол" утга зохиол судлал, шүүмжийн номууд хэвлэгдэн гарсан юм.
Талийгаачийн гэр бүлд гүнээ эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.