Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдөр Ланд 200 маркийн автомашин урсгал сөрөн долоон автомашиныг мөргөж, хоёр хүүхдийг гэмтээсэн талаар бид өмнө мэдээлж байсан. Тэгвэл тухайн осол, хэргийг үйлдсэн жолооч 1993 онд төрсөн, эмэгтэй “М” нь энэ оны аравдугаар сарын 10-ны орой 18 цагийн орчимд найз залуу болох “Б”-г согтуугаар автомашин жолоодуулахгүй байх зорилгоор түүний төрсөн ахын эзэмшлийн Toyota Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа дээрх ослыг гаргасан байна.
Жолооч “М” нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй, осол хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй драйгер багаж үлээлгэж шалгахад 0,00 хувьтай гарсан бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг урьдчилсан байдлаар тогтоох зорилгоор түүний шээсэнд тусгай зориулалтын тест тавин шалгахад ямар нэгэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй ба нарийвчлан тогтоохоор түүний биеэс биологийн дээж болгон цус авч Шүүхийн шинжилгээний хүрээлэнд шинжээч томилжээ.
Явган зорчигч “С”-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилсон боловч дүгнэлт гараагүй, уг хэргийг ТЦА-аас ослын шалгаан нөхцлийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.