Ардчилсан намаас УИХ дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан шаардлага хүргүүлж буй талаараа өнөөдөр /2022.10.17/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "Өнгөрсөн долоо хоногт Үндэсний бодлогын хорооны хурлаа хийсэн. Шинэ дүрмийн хүрээнд АН-ын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийж байгаа. УИХ-ын чуулган, байнгын хороодын явцтай уялдаж АН-ын үндэсний бодлогын хороо хуралдаж, үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр ажиллана. Мөн өөрийнхөө улс төрийн үйл ажиллагааг давхар явуулна.
Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг авч хэлэлцсэн. АН-ын гишүүд маш шүүмжлэлтэй хандсан. Уг төсвийн төсөл 2024 оны УИХ-ын болон бүх шатны сонгуульд эрх баригч нам улсын төсвийг сонгуулийн төсөв болгон оруулж ирсэн гэж харж байна. Тиймээс улсын төсвийг бүхэлд нь эргүүлэн татах, төсөвт тусгагдсан зарим асуудлууд дээр санал дэвшүүлсэн. Хэрэв цаашид төсвийг эргүүлэн татахгүй, төсөвтэй холбоотой алдаа завхралаа засаж завхруулахгүй бол АН цаашид улс төрийн идэвхтэй тэмцэлд шилжиж ажиллах болно. Бид шийдсэн. Намрын үйл ажиллагаанаас эхлээд сөрөг хүчний үйл ажиллагаанд шилжих цаг үе болсон гэж харж байгаа.
Төсвийн хөрөнгөөр УИХ-ын дарга нь хүртэл анимейшн хийгээд тоглоод сууж байдаг төр, удирдлагатай хол явахгүй. Сөрөг хүчний хувьд шүүмжлэлтэй хандаж байгаа. Нэр бүхий УИХ-ын удирдлага, дарга, сайд нарыг огцруулах шаардлагыг бид тавьж байгаа" гэлээ.