Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг "Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг баталсан. Ингэснээр мах, гурил, нефтийн үнэ нэмэгдэхгүй гэсэн ч гурилын үнэ кг тутамдаа 400 төгрөгөөр нэмэгдэж ард түмний амьдрал хэцүү байна. Хууль чинь хэрэгжихгүй байгаа юм бишүү" гэлээ.
ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар "Үнэ тогтворжуулах хууль батлаад үнэ тогтворжихгүй гэдгийг тухайн хууль хэлэлцэж байхад нэлээн сайн ярьж байсан. Дэлхийн улс орнууд ямарч хамаагүй үнэ цэнээр инфляцаа л буулгая гэдэг бодлого руу шилжиж байна. Энэ нь үндсэндээ эдийн засгаа тогтворжуулъя гэсэн гол бодлого явж байгаа. Ний нуугүй хэлэхэд, хууль батлаад үнэ тогтворжуулна гэдэг амьдрал дээр байхгүй гэдгийг хэлье. Хэлэлцүүлгийн үед махны үнэ бууна, гурилын үнэ ирэх жилээс бууна гэж ярьж байсан яг л тэр болж байна" хэмээлээ.