Өнөөдрийн гол дүр бол яах аргагүй "гүйдэг, гүйлгүүлдэг" хоёр байв. Энгийн үзэгдэл мэт боловч өнөөгийн бидний үнэн төрх, "миний хүүхэд биш" гэх аминч үзлийг хэдхэн секундын үйл явдлаараа гэрчлээд өглөө..
Амьдрал хэмээх далайд хөл тавихаар тэмтчин яваа бяцхан охин аварга том автобусны араас ухаан жолоогүй гүйсэн ч жолооч эмэгтэй “хараагүй” гэнэ. Үнэхээр хараагүй юу эсвэл харахыг хүсээгүй юу. Хэдий энэ үйл явдал олон сарын өмнө болсон ч өнөөдөр эргээд сөхөгдлөө.
Тухайн үед жолооч “Хүүхэд гүйж байгааг мэдээгүй, толиндоо хараагүй” хэмээн мэдүүлж, цалингийнхаа 30 хувиар торгуулж, мөн Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д зааснаар жолооч хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлаа хангаагүй үндэслэлээр 100 мянган төгрөгөөр торгуулсан. Түүнчлэн охины эмчилгээний зардалд 2.6 төгрөг төлжээ. Харин эцэж цуцталаа гүйсэн охин гараа хугалж, эцэст нь түүний буруу болон хэрэг нь хаагдсан байдаг.Тэгвэл өнөөдрийн гол дүрүүдтэй холбон гурван зүйлийг цохон тэмдэглье.
Хүний мөсгүй монгол "ХҮН”...
Суудлын автомашинд сохор бүс гэж байдаг шиг том тэргэнд ч сохор бүс бий. Магадгүй жолооч үнэхээр охиныг хараагүй байж болох. Тэгвэл автобусанд зорчиж явсан хүмүүст сохор бүс “огт” нөлөөлөхгүй баймаар. Яагаад нэг нь ч болов охины гүйж байгааг, бүр унаж байгааг жолоочид хэлсэнгүй вэ. Хэрэв нэг ч хүн ам нээгээгүй бол аминчхан үзэлтэй, цэвдэг сэтгэлтэй, хүний мөсгүй “монгол хүн” олон байгааг өнгөрсөн үйл явдлын өнөөдрийн дүр гаргаж ирлээ.
Асуудал эсэргээрээ эргэсэн бол "ЯАХ ВЭ"...
Хичээлдээ хоцрохгүйн тулд бас удаан хүлээдэг автобусыг ахин хүлээхгүйн тулд бяцхан охин гүйсэн нь тодорхой. Гэвч автобусанд бараг л дайруулан, газар унаж буй нь бичлэгт тодоор үлджээ. Хэрэв асуудал өөрөөр эргэж охин автобусны дугуйн доогуур, бүр биш юм аа гэхэд эсрэг урсгалаас автомашин гарч ирсэн бол яах вэ. “Хараагүй” гэх ганцхан үгээр хаацайлаад өнгөрч болох байсан уу үгүй юу. Үүнийг хүн бүр ойлгоосой, автобусны араас нь хэн нэгэн гүйж байвал зогсоод өгдөг болоосой.
Хариуцлагагүй "ЭЦЭГ ЭХЧҮҮД"...
Бүх алдааг жолоочид өгөх нь тийм ч зөв биш. Эцэг эхчүүдийн хариуцлагын асуудал ч үүн дээр яригдана. Эцэг эхчүүд бага насны хүүхэдтэйгээ хамт замын хөдөлгөөнд оролцох ёстой. Гэвч энэ байдал манай улсын хувьд эсэргээрээ. Гэхдээ хүүхдээ хичээл, сургуульд нь хүргэж өгдөггүй юм аа гэхэд гарч болох эрсдэлийн талаар, замын хөдөлгөөнд оролцох суурь мэдлэг олгох хэрэгтэй. Ялангуяа том оврын автомашин, автобусны араас гүйх нь аюултай гэдгийг учирлаж байх ёстой.
Өнөөдрийн гол дүр болох гүйдэг, гүйлгүүлдэг хоёрын жишээгээр нийгэмд байгаа буруу тогтолцоо, буруу хандлагыг илэрхийлэхийг зорив. Үлгэр дуурайлал болох ёстой томчууд та бүхэн хүүхэд бүрийн төлөө ЗА гэж хэлдэг байгаасай хэмээх уриалгыг битүүхэн шингээлээ.
Т.Алтанзагас